Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 112/2021/0028/З |
Дугаар | 221/МА2021/0538 |
Огноо | 2021-10-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0538
2021 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2021/0538 | Улаанбаатар хот |
Ч.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.С-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: ”Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ч.С-аас Есөнбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.С давж заалдах гомдолдоо: “Ч.С миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Нэхэмжлэгч миний Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх улмаар амьдрах эрхийг зөрчиж гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29 ны өдрийн Б/24 дугаар бүхий тушаал буюу захиргааны актын хууль зүйн үндэслэлгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажил олгогчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл , 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний бие мэргэжил ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар тогтоосон зүйл байхгүй, боловсролын газрын холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан дүгнэлтүүд нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.С-г аймгийн Засаг Дарга сонгон шапгаруулалтыг зарлагдах хүртэл түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчин томилсон хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 .5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дээрх агуулгыг оруулаагүй байхад маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэс болгосон. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тухайн ажлын байранд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт зарлагдаагүй болох нь зохигч нарын тайлбараар нотлогддог.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа хууль зүйн үндэслэлийг үндэслэлтэй болох талаар шийдвэрт тусгаж дүгнээгүй, ажлаас чөлөөлөх болсон захиргааны акт нь хууль зүйн хувьд хавтаст хэрэгт хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байтал хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан эсэх нь тодорхойгүй зэрэг алдаа дутагдал гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч Ч.С “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд түүнийг “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй,төсвийн зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангаар сөрөг дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй” гэж буруутгасан байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн тухайд авч үзэж маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх буюу хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл тус бүрийн тухайд хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримт нотолгоог цуглуулж бүрдүүлэн тэдгээрт үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Тухайлбал, хариуцагч нэхэмжлэгчийг “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх зэрэг үндэслэлээр буруутгасан байх боловч ямар шалтгаан үндэслэлээр эдгээр дүгнэлтийг хийж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь тодорхой бус байхад анхан шатны шүүх эдгээрийг тодруулж дүгнээгүй нь буруу байна.
Түүнчлэн “төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсвийн зарчмыг алдагдуулсан, санхүүгийн тайлангаар сөрөг дүгнэлт авсан” гэх зэрэг төсөв санхүүгийн удирдлагатай холбоотой зөрчил дутагдлын талаарх үндэслэл нь зөвхөн аудитын сөрөг дүгнэлттэй холбоотой эсэх, уг аудитын дүгнэлт зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай эсэх, мөн ажлаас зайлшгүй чөлөөлөх үндэслэл, нөхцөлд хамаарах эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.
Мөн маргаан бүхий актын “албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь анх уг албан тушаалд түр томилогдох үед мөрдөгдөж байсан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангаж байсан боловч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталсан албан тушаалын шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталсан албан тушаалын шаардлага нь уг албан тушаалд шинээр сонгон шалгаруулалт зохион байгуулахад хамаарах нөхцөл шаардлага байхад шүүх уг үндэслэлийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлд хамаатуулсан шалтгаан нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... санхүүгийн аудитын дүгнэлтийг зөвшөөрөөгүй, дээд шатны албан тушаалтанд нь хандсаны дараа уг дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан хэдий ч аймгийн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй” гэж тайлбарласан байх боловч хэрэгт энэ талаарх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол тайлбарт дүгнэлт хийх боломжгүй байхаас гадна хавтаст хэрэгт авагдсан Говь-алтай аймгийн Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын дүгнэлтүүдээс зөвхөн сөрөг дүгнэлтийг хариуцагч нэхэмжлэгчид хамаатай, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байх тул анхан шатны шүүх уг дүгнэлт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгох зайлшгүй нөхцөл болох эсэх буюу хариуцагч уг дүгнэлтээр тодорхойлогдсон зөрчил дутагд холбогдуулан нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөхөөс бусад хариуцлага ногдуулах боломжтой байсан эсэхэд зайлшгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлд үл хамаарах нэхэмжлэгчийг түр томилсон асуудал, түүний эрхэлж байсан албан тушаалын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.
Хэдийгээр анхан шатны шүүхийн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасны дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай зөвшилцөж санал солилцоогүйг хуульд нийцээгүй талаарх мөн нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэх болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдоогүй талаар дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч дээр дурдсанчлан хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан эсэх нь тодорхойгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бүхий энэ тохиолдолд давж заадах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үнэлэлт дүгнэлт өгч, маргааныг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ