Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа  хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э-д холбогдох эрүүгийн 1905049500070 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер, ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Н.Э

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 46 тоотод 88 настай эх Ж.П гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 46 тоотод 88 настай эх Ж.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ж.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр манай хүү Э ажлын хөлсөө авчихсан гээд надаас зээлсэн 60.000 төгрөгөө өгсөн. Дараа нь 20.000 төгрөгөө буцаан авсан. Гэрт энд тэнд алхаад архи уугаад байгаа юм шиг байсан. Бид хоёрын өрөө тусдаа байдаг болохоор сайн мэдээгүй. Тэгтэл 2 цагийн үед Э миний өрөөнд орж ирээд “хөөш Э үхчихсэн гэж байна” гэж хэлсэн. Би төрсөн ахыгаа тэгж хэлж болдоггүй юм гэсэн чинь шууд миний нүүр рүү цохисон. Намайг “гар зайл” гээд би өөрийн гэсэн жоохон зүйлсээ аваад гэрээсээ гараад явсан. Би тухайн өдөр буудалд хоночихоод маргааш нь дүү Н манайд хүрээд ир гэхээр нь очсон. Одоог хүртэл би Н-ийнд амьдарч байгаа. Э миний нүүр, дух хамар орчим руу нэг удаа гараараа цохисон. Миний зүүн хөмсөг, хамрын дээд тал орчим хөхөрч хавдсан..”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 тал/,

Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим манай ээжийн дүү Н над руу залгаад ээжийг чинь Э зодож гэмтээсэн байна. Ээж чинь одоогоор манай гэрт байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 4-6 тал/,

Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. Архи уучихаараа юу хийснээ бараг санадаггүй. Өөрийгөө их өмөөрдөг. Эхтэйгээ таарамжгүй харьцаатай ба архи уучихаар нь эх нь их үглэж загнадаг. Э биеэ өмөөрч эхтэйгээ маргаан үүсгэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай “...Ж.П-ийн биед зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, баруун, зүүн хацрын дотор хэсгийн цус хуралт, баруун шууны цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 33-44 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн Н.Э-ийн “...Сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Ээжээс хүнд өгөх ёстой мөнгөө буцааж авах гэтэл ээж өгөхгүй байсан. Тэрнээс болж маргалдан нүүр рүү нь цохиж, түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхийгээ цохисондоо харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.Э нь, хохирогч Ж.П-ийг 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 тоотод 88 настай эх Ж.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, баруун, зүүн хацрын дотор хэсгийн цус хуралт, баруун шууны цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 167 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч Н.Э нь хохирогч Ж.П-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.Э-, хохирогч Ж.П-д нар нь эх, хүүгийн харилцаатай болох нь Н.Э-н төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүй зэргийн үнэлгээ, хохирогч Ж.П-ийн мэдүүлэг, гэрч Н.Г-ийн мэдүүлэг, гэрч Н.Д-ийн мэдүүлэг, гэрч Н.Э-ын мэдүүлэг, гэрч Г.Ц-ийн мэдүүлэг, шүүгдэгч Н.Э-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Мөн шүүгдэгч Н.Э нь хохирогч Ж.П-ийг өндөр настай буюу 88 настай, бие махбодын хувьд биеэ хамгаалж чадахгүй болохыг гэдгийг байж биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч Н.Энь эх Ж.П-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Н.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ж.П гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Н.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 55 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зохистой гэж дүгнэж,  түүнд 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Н.Энххөгжилд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Э-д мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Ж.П гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА