Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 143

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч/хохирогч Ц.О, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.О, Н.О нарт холбогдох эрүүгийн 2005002080136 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,  сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөны гудамж, 0дугаар байрны 0 тоотод оршин суух боловсролын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, М. О.

Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 7 нөхөр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 байрны 0 тоотод түр оршин суух Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.О

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 19-20 цагийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1 дүгээр байрны 32 тоотод иргэн Н.Охиноог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 19-20 цагийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59/1 дүгээр байрны 32 тоотод иргэн Ц.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О, Н.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь иргэн Н.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.О нь Ц.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 15 цагийн үед О-ийн хамт хамт ажилладаг О-ийнд очсон. О бид хоёрыг хоо цайгаар дайлаад 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тус архийг дуусгаад дахиад архи авах уу гэтэл О-ийн хүүтэй хамт гараад дахин нэг 0.75 литрийн архи авсан. Тэгээд ярилцаад сууж байтал О-ийн том хүү ороод ирсэн. О тухайн үед 00 орчихсон байсан. Би О-ийн том хүүг хараад хайруул ороод ирсэн байна гэтэл О “чи миний хүүг тэгж дууддаг хэн бэ” гээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би чи яахаараа намайг цохидог юм гэж хэлээд үсдэж дараад барьцалдаад авсан. Тэгтэл том хүү нь та манайхаас зайл, таныг үзэн ядаж байна гэж орилсон. Тэгсэн бага хүү Н миний толгойтой үсний ар талаас татаад намайг тавихгүй байсан. Тэгтэл О ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд салгах гэж байна гэж хэлээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би эргэж хараад О-ийн гар руу цохиод чи эд нар дээр намайг оруулж ирж зодууллаа гэж хэлсэн. Одгэрэл бид хоёр буцаж үсдэлцээд тэр хойгуур том хүү Хайруул нь миний дух руу гараараа цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би доор нь орчихсон байсан болохоор босох гээд гар хөлөө сарвагнуулаад байсан. О намайг Г ахын машинаар гэрт хүргэж өгсөн ба нөхөр хүүхдэдээ өөрөө бүдрээд юм мөргөчихлөө гээд хэлчихгүй юу гэсэн. Эмчилгээний зардлаа гаргуулж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би О-оос 2 сая төгрөг дансаар шилжүүлж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1281 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “...Н.О-ийн биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, баруун бугалганд цус хуралт, дух, чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун бугалганд цус хуралт, дух чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 тал/,

Яллагдагч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1281 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би О-д эмчилгээний зардал 2 сая төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би О-г чи яагаад хүүхэд яагаад сэрээгээр хатгаад байгаа юм бэ гэж маргалдсан. Би яг хэн эхэлж зодоон хийсэн гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохиход нүдний шил хагарсан. Зарим үйл явдлыг санахгүй байна. Бид хоёр үснээсээ зулгаалцсан бөгөөд манай бага хүү Хайруул нь баруун гараа гэмтээчихсэн гар нь сайн барьж чаддаггүй юм. Хайруул дараа нь би та нарыг ерөөсөө дийлэхгүй байсан гэж хэлсэн. Би ямар ч байсан О-г чирж гаргаад зайл үзэн ядаж байна гэж хэлсэн. Манай бага хүү уйлаад байсан болохоор би дүүгээ аваад гар гэж том хүүдээ хэлсэн. О-г манай том хүү гараараа цохих ямар ч боломжгүй. О-г би чирсэн бөгөөд тэгэх явцад хаалганы довжоо мөргөсөн байж магадгүй. Эсхүл тавилга довжоогоороо мөргөсөн байж магадгүй. Бид нар гартаа юм барьж зодоон хийгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1330 дугаартай “...Ц.О-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр бугалга, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, цээж, зүүн бугалганд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн “...Би тухайн өдөр хичээлээ тараад гэртээ ирсэн. Ширээн дээр 2 ширхэг архины шил байхаар нь ээж 2 шил архи уучихаж байгаа юм уу гэтэл ээжийнх нь найз медал авсан гээд хүрээд ирэхээр нь нэрээ бодоод уучихлаа гэж хэлсэн. О багш, О багш ээж 3 согтчихсон байсан. Би та гэр орондоо архи уугаад яаж байгаа юм бэ гэсэн чинь О эгч гэрээ сайн цэвэрлэдэг, мундаг болсон байна гээд тэврээд үнсээд байсан. Ээж нойлын өрөөнөөс гарч ирээд танай хүүхэд ийм, манай хүүхэд ийм гээд маргалдаад О эгч, ээж хоёр гэнэт үсдэлцээд эхэлчихсэн. О эгч ээжийн энгэрийг маажаад хувцасыг нь урсан, би болиоч гэхэд намайг огт тоогоогүй. Би гарын хагалгаанд 8 сарын сүүлээр орсон. Тэдний дундуур орсон боловч дийлэхгүй байсан. Би тэднийг хоёр тийш нь салгах гээд гарнаас нь татсан боловч дийлээгүй. Миний нүдний шил газар унаад автал О эгч дүү чинь уйлаад байна гээд гараа алдлаад зогсчихсон. Би тэр үед 102-т дуудлага өгсөн. Тэр хоёр зууралдсан чигээрээ байсан. О эгч ээжийн үснээс зулгаагаад тавиагүй. Тэр байдалтай нь түлхээд О эгчийг хаалгаар гаргаад удалгүй орж ирээд хаалгаа хаасан. Ээж хаалга хаасны дараа О эгч манай хаалгыг аймаар балбаад ээж хаалга онгойлгосон чинь ээжийг дахиад үсдээд тэр хоёр орц руу гарсан. Удалгүй ээж ороод ирсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн “...О над руу 19 цагийн үед яриад гэрт хүргээд өгөөч 60 дугаар байрны 4 давхар 11 тоотод байна гэхээр нь яваад очтол О хаалга тайлсан. Тэгээд ортол зүс таних 2 эмэгтэй бие биенээсээ зуураад зогсож байсан. О-г явъя гэтэл би О-г авч явахгүй бол болохгүй та салгаад өгөөч гэсэн. Тэр хоёр эмэгтэйд хэлээд үг авахгүй юм байна лээ. Гараараа хоёр тийш болгоход дийлдэхгүй, ухаангүй юм шиг дайраад байсан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь нэг том хүү байхаар нь ээжийгээ ав гэж хэлсэн. Тэр том хүү манай ээжийг яаж байгаа гээд дайраад байсан. Гэхдээ гар хүрсэн эсэхийг нь хараагүй. Тэгээд арай гэж салгаад О гэх эмэгтэйг аваад машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн “...Тухайн үед О О-ийн үснээс зулгаасан, О бас үснээс нь зулгаагаад байсан. Бие биенийхээ үсийг зулгаагаад гэрт болон гадаа коридорт зодолдсон. Өөр О-гийн биед гар хүрсэн хүн байхгүй. Хайруул салгах гээд гүйгээд ирэхэд би цааш нь түлхсэн. Би дагуулж орсон бол О-г хүнд зодуулахгүй. Би тэр хоёрыг салгах зорилготой л байсан. Би О-гийн нөхөр огцом ууртай болохоор айгаад чи ороод газар унасан гээд хэлчих гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 1330 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би О-тэй үсдэлцсэн, нүд рүү нь бас цохисон, бусад гэмтлүүдийг надтай ноцолдож байхдаа өөртөө учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одгэрэл надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч/хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 103, 104 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Ц.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 89 тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 91 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /92 тал/, шүүгдэгч Н.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 95 тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 97 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 98 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /99 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тоггоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Н.О-ийн биед “дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, баруун бугалганд цус хуралт, чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун бугалганд цус хуралт, дух чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” зэрэг гэмтэл учирсан нь хэргийн 62 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1281 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ц.О-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн хохирогч Ц.О-ийн биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт, цээж, зүүн гуянд зулгаралт” зэрэг гэмтэл учирсан нь хэргийн 66-67 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1330 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Н.О-н гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.О, Н.О нарын  хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.О, Н.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О, Н.О нар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч Н.О-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...2 сая төгрөг дансаар авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.О-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.О, Н.О нарт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.О, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.О, Н.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Н.О нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Н.О нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 сая төгрөг хохирогч Н.О-д нөхөн төлсөн, хохирогч Ц.О гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА