Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 146

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн 1905046820029 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн инженер мэргэжилтэй, авто угаалгын газар ажиллуулдаг, ам бүл 5 эх, эхнэр, дүү, дүүгийн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 00 тоотод оршин суух, урьд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 хоног хорих ял шийтгүүлсэн, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Д.Ц

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэртэй байрлах “Берлийн бургер” хоолны газрын орчим иргэн Ж.Г-ийг “...машин мөргүүлж эвдсэн...” гэх шалтгаанаар биед нь халдаж, түүнд “тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэртэй байрлах “Берлийн бургер” хоолны газрын орчим иргэн Ж.Г-ийг “...машин мөргүүлж эвдсэн...” гэх шалтгаанаар биед нь халдаж, түүнд “тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц-ын өгсөн “...Тухай хэрэг гарахад өвөл болж байсан. Би баарнаас гараад хоёр дүүтэйгээ явж байгаад машинаа барих гэтэл дүү нар хэрэггүй гэхээр нь дуудлагын жолооч дуудаад хоёр дүүгээ хүргэж өгчихөөд харьж явтал тэр жолооч хогны машины хойноос мөргөчихөөр нь миний уур хүрээд хүрсэн. Би машинаа 55 сая төгрөгөөр аваад долоо ч хоноогүй байсан тул тухайн үед уур их хүрсэн. Би тэр хүнийг түлхээд шилбэ рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн үед оператороос дуудлага ирээд замын цагдаагийн урьд талын Мент баарнаас 34-27 УНЦ улсын дугаартай бенз И350 маркийн автомашин хүргэж өгөх зорилгоор очтол 3 залуу машинд суусан. 2 залуу нь замдаа буугаад машины эзэн залуутай 3, 4 дүгээр хороолол явах замд буюу Өргөө кино театр луу явж би хогны машин мөргөсөн. Хажуугаар явж байсан машин ойртоод байгаа юм шиг санагдахаар нь би машины үрүүлээ дарчихсан юм. Тэгсэн машины эзэн залуу бууж ирээд машин төлж өг, шинэ машин авч өг, мөнгө өг гэж над руу орилоод хаалга онгойлгоод миний толгой руу гараараа нэлээн хэд цохисон. Мөн хөлөөрөө биеийн мөр, хөл рүү тийрсэн. Улмаар хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би бултсан. Тухайн үед хогны машины жолооч, ачигч хоёр хараад зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14275 дугаартай “Ж.Г-ын биед тархи доргилт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Берлин бургер хоолны газрын урд замын бүдүүн шонгийн хажуу талын хогны асгуураас хог аваад байж байтал цагаан бенз ирээд тас гээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буутал уг машины ар талаас нэг залуу бууж ирсэн. Тэгэхээр нь би яаж байна аа гэтэл дуудлагын жолооч дуудаад явж байсан юм гээд нөгөө цагаан бенз рүү очоод жолооч талын хаалгыг онгойлгоод буугаач гээд жолоо барьж явсан эрэгтэйг машин дотор байхад нь ганц хоёр цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Б.Ё-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Галдандаш манай ажил дээр ирээд 2 хоногийн өмнө би зүүрмэглэж яваад хогны машины араас орчихлоо. Миний барьж явсан машины эзэн согтуу болохоор намайг дуудсан юм. Би бенз 350 гээд машин барьж яваад мөргүүлчихлээ. Тэр машины жолооч над руу хутга гаргасан, гэхдээ хутгаар намайг гэмтээгээгүй, гэхдээ миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Одоо намайг цохисон болон машин мөргүүлсэн асуудлаар цагдаагийн байгууллагаар явж байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

Шинжээч эмч Т.Н-ийн “...Дээрхи тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Ц-д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 57 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар Д.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлийн бургер” хоолны газрын орчим иргэн Ж.Г-ийг “...машин мөргүүлж эвдсэн...” гэх шалтгаанаар цохиж, түүнд “тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан, энэ гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14275 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, өөрөөр хэлбэл хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ц-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Д.Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлөх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 900 /есөн зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Ц-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д шүүхээс оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА