| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 910 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших,
Шүүгдэгч Г.З , түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Л.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05022 0418 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курст суралцдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар , Г.З .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.З нь 14 насанд хүрээгүй, бага насны А.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2018 оны 4, 9 дүгээр саруудад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 41 тоотод, мөн 2018 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд тус тус бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “...2017 сүүлээр А.Энхжинтэй танилцсан. Тухайн үед Г.Ариунбилэг, Хулан хоёртой найз гэж байсан. Тэгээд А.Энхжинтэй фейсбүүкээр найзын хүсэлт явуулаад танилцсан. “Сандэй Плаза”-гийн урд анх уулзсан. Бид нар 7 хоногт 3-4 удаа уулздаг байсан. А.Энхжин 3-4 дүгээр сарын дундуур байх “хамт хоночих” гэж гуйсан. Намайг гэрт нь очиход цуйван хийж өгсөн. Мөн сандал дээр сууж байхад над руу дөхөж суусан. Тэгээд надаас “хийж үзсэн үү” гэж асуусан. Яг л хосууд шиг бэлгийн харьцаанд орж байсан. 2018 оны 6 дугаар сард салсан байсан. А.Энхжин “буцаж нийлье” гээд намайг хичээлээ тараад ирэхэд манай орцонд сууж байсан. Тэгээд “хүссэнийг чинь хийе” гэж хэлсэн. Бид 2 харилцан тохиролцоод буудал руу орсон. Тухайн үед би өөрийн регистрийн дугаарыг бүртгүүлээд буудал орсон. Э.Энхжин нь Г.Ариунбилэг, Хулан хоёртой өндөр намаараа чацуу, 17 хүрнэ гэж хэлж байсан. Ийм хэрэгт орооцолдоно гэж бодоогүй. Цагдаагийн хэлтэс дээр анх очоод А.Энхжинг ээжээс нь 12 настай гэж мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сараас эхлэн манай охины ааш зан нь өөрчлөгдсөн. Охидын үзлэгт хамруулж хаана хэнтэй анх унтсан гэдгийг мэдэхийн тулд өргөдөл гаргасан. Найз нөхдөөс нь асууж байгаад 2018 оны 3 дугаар сард энэ залуугийн утасны дугаарыг олж авч утсаар ярьсан. Нийгмийн ажилтан Болормаад бичгээр болон амаар хүсэлт гаргаж байсан. Мөнгө төгрөг сэмхэн түрийвчнээс алга болдог болсон. Заримдаа манай охин тамхи үнэртүүлж гэртээ орж ирээд байсан. Намар энэ залуутай 8 сарын дундуур автобусны буудал дээр уулзахдаа “дахиж уулзаж болохгүй шүү” гэдгийг сануулсан. Би одоо л хүүхэдтэйгээ учраа олж байна. Манай охин “ээж би энэ залуутай үерхэж байсан, гомдол санал байхгүй” гэдгээ надад хэлсэн. Анх 2018 оны 8 дугаар сард бэлгийн харьцаад орсон талаар мэдсэн. Одоо охины эрүүл мэндийн байдлын хувьд таргалж гарч орохоос ичээд байна. Энэ явдлаас хойш хүмүүс хүүхдийг маань их шоолдог болсон. Нийт 7 удаа сэтгэл зүйчид хандсан. Миний охин “би зүгээр гэртээ байж байя” гэдэг болсон.” гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Энхжингийн өгсөн мэдүүлэг /хх-72-74, 75-79/, гэрч Т.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-107/, гэрч Б.Жанчивын өгсөн мэдүүлэг /хх-109/, гэрч Л.Хангалын өгсөн мэдүүлэг /хх-111/, гэрч Ч.Долгорсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-115/, насанд хүрээгүй гэрч Б.Сансарбатын өгсөн мэдүүлэг /хх-119/, гэрч Б.Ариунзулын өгсөн мэдүүлэг /хх-86-87/, гэрч Д.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /хх-97-98/, гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг /хх-99-100/, гэрч Л.Ариунбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-113-114/, гэрч У.Золбоогийн өгсөн мэдүүлэг /хх-121, 124/, гэрч Ж.Ариунтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-126/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12612 дугаартай дүгнэлт /хх-133/, шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-134-135/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1236 дугаартай дүгнэлт /хх-140-141/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1222 дугаартай дүгнэлт /хх-143-144/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12485 дугаартай дүгнэлт /хх-150/, А.Энхжингийн төрсөний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-24-25/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-2, 4/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-3/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзулын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6, 7/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-8/, хэрэг бүртгэлтийн хэрэг хүлээн авсан тэмдэглэл /хх-19/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/77/2 дугаартай албан бичиг /хх-21/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 216 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай” тогтоол /хх-22/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-29/, шүүгдэгч Г.З гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-192/, шүүгдэгч Г.З гийн хувийн байдлын тодруулсан баримт /хх-199/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүгдэгч Г.З г 14 насанд хүрээгүй, бага насны А.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2018 оны 4 дүгээр сард, 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 41 тоотод, 2018 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд тус тус бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын мэтгэлцэж хавтаст хэргээс шинжлэн судалсан шүүгдэгч Г.З , насанд хүрээгүй хохирогч А.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.З гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тодорхойлсон боловч “бага насны хүүхэд” гэдгийг хууль зүйн хувьд 14 хүртэлх насны хүнийг хэлэх бөгөөд сэтгэхүйн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр эмийн харьцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаварыг ухамсарлан ойлгох чадваргүйн дээр бие махбодийн хувьд бүрэн хөгжөөгүй, бэлгийн бойжилт олоогүй гэж үздэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч А.Энхжингийн өгсөн: “...Г.З тай танилцах үедээ өөрийгөө 15 настай, одоо 12 сарын 14-ний өдөр 16 нас хүрнэ, тэгээд миний төрсөн өдөр болно гэж хэлж байсан...Би 5 дугаар ангиас бэлгийн харьцааны талаар ойлголт зурагтаас олж авч байсан. Бэлгийн харьцаа гэдэг нь эр, эм эсрэг хүйстэй хүмүүсийн хүсэл тачаалаас хамаарч бэлгийн харьцаанд ордог зүйл. Ер нь бол бэлгийн бойжилт олсон, биеийн хөгжил гүйцсэн хүн бэлгийн харьцаанд орох ёстой гэж би ойлгодог. Энэ бол тухайн хүний биеийн онцлогоос хамаарсан зүйл. Би өөрийгөө Г.З тай бэлгийн харьцаанд орох үедээ бэлгийн бойжилт бүрэн олсон гэж ойлгож байгаа намайг одоо ч гэсэн харахад угаасаа том биетэй болохоор 8 дугаар анги гэж мэддэггүй. Миний найз залууг У.Золбоо гэдэг, ШУТИС-ын айти инженерын 2 дугаар курсын оюутан залуу байгаа. Би У.Золбоотой танилцах үедээ өөрийгөө 11 дүгээр ангид сурдаг 16 настай гэж хэлж танилцсан. Хэрвээ намайг Г.З тай унтсан гээд мэдчихвэл бид хоёрын үерхэлд цав үүснэ. Иймээс хувь хүний нууц, нэр, төрийг хамгаалахыг хүсч байна. Би Г.З д ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг дарамталдаг зүйл байхгүй. Би бэлгийн харилцаанд орох үедээ өөрөө таашаал авдаг, ямар нэг шахалт дарамт байхгүй” /хх-74/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.З гийн өгсөн “...А.Энхжин нь одоо 15 настай, удахгүй 12 сард төрсөн өдөр болно гэж хэлж байсан.” /хх-169-170/ гэх мэдүүлэг зэргээр насанд хүрээгүй хохирогч А.Энхжин нь Г.З тай анх танилцахдаа өөрийгөө 15 настай мэтээр ойлгуулсан мөн шүүгдэгчтэй үерхэл найзын нөхдийн харилцаа холбоотой байсан болох нь тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй гэрч Д.Чинзоригийн өгсөн “...Г.З 12 дугаар ангид байхдаа А.Энхжин гэдэг охинтой уулздаг байсан.” /хх-97-98/ гэх, гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн “...Би нэг удаа Сансарын 26 дугаар байрны гадаа Г.З тай уулзаж байхад Г.З “манай найз охин” гээд надтай танилцуулж байсан. Тэр үед охин нь өөрийгөө А.Энхжин гэж танилцуулж байсан. Яг хэдэн настай талаар нь надад хэлээгүй.” /хх-99-100/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Л.Ариунбилэгийн өгсөн “...Дараа нь Г.З манай байранд А.Энхжинтэй уулзаад хамт явж байсныг нь би нэг удаа харсан. А.Энхжин надад хэлэхдээ “би Г.З тай хамт явдаг, үерхдэг, гадуур зугаалдаг” гэж ярьж байсан. Харин бэлгийн харилцааны талаар ямар нэг зүйл ярьж байгаагүй.” /хх-114/ гэх мэдүүлгүүд болон “Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12612 дугаартай “А.Энхжин нь бэлгийн бойжилт олсон.” /хх-133/ гэх дүгнэлт зэргээр насанд хүрээгүй хохирогчийн биеийн хөгжлөөс шалтгаалан шүүгдэгч Г.З г насанд хүрээгүй хохирогч А.Энхжинг 14 насанд хүрээгүй гэдгийг баттай сайн мэдэж байсан нь гэдэг эргэлзээтэй байна.
Хүчиндэх гэмт хэргийг дээрхи хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар үйлдэж буй этгээд тухайн хохирогчийг бага насны буюу 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэргийн шинж хангана. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.З нь А.Энхжинтэй бэлгийн харьцаанд орох үедээ түүнийг 14 нас хүрсэн гэж ойлгон төөрөгдсөн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.З г арван дөрвөөс дээш арван найманд насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Г.З нь хохирогч А.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2018 оны 4 дүгээр сард, 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 41 тоотод, 2018 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд тус тус бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул мэдүүлэхдээ: “...Би одоо л хүүхэдтэйгээ учраа олж байна. Манай охин “ээж би энэ залуутай үерхэж байсан, гомдол санал байхгүй” гэдгээ надад хэлсэн. Анх 2018 оны 8 дугаар сард бэлгийн харьцаад орсон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А Энхжингийн өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр байрны охин Л.Ариунбилэгтэй юм яриад сууж байтал надад Г.З гэх хүүхдийн фейсбүүк хаягийг үзүүлээд миний харж явдаг хүүхэд байгаа юм гэж хэлж байсан ба би тухайн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй орхисон ба ойролцоогоор 7 хоногийн дараа Г.З надтай 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр танилцах хүсэлт фейсбүүкээр явуулахаар нь танилцаад найз Л.Ариунбилэг рүү ирүүлсэн мессежийг нь явуултал Л.Ариунбилэг надад “миний сайн хүн байгаа юм үерхээд хэрэггүй” гэж надад хэлсэн. Л.Ариунбилэг хэлэхдээ “угаасаа өмнө нь 48 дугаар сургуульд сурч байхдаа 97 дугаар сургуульд байхдаа аймаар олон охидуудтай уулздаг ер нь бол хэрэггүй банди шүү” гэж хэлсэн. Би ерөөсөө тоодоггүй байхад байнга над руу “уулзъя уулзъя” гээд байнга чат бичээд байдаг байсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр “гэрт хүрээд ир ганцаараа байна, уйдаад байна” гэж чат бичээд залгасан. Миний дугаарыг хаанаас авсан мэдэхгүй. Би дугаараа өгөөгүй байсан би энэ үед гэрт нь очоогүй. Үүнээс хойш байнга над руу чат бичээд байсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын эхээр “уулзъя” гээд гуйсан. Би “Сандэй" худалдааны төвийн ойролцоо уулзсан. Г.З тай юм ярьж байхад намайг “хэнтэй байгаа юм” гэхээр нь “ганцаараа байгаа” гэж би хэлсэн чинь “гадаа зүгээр сууж байхаар танайх руу явъя” гэсэн. Тэгэхээр нь “хэрэггүй” гэсэн. Тэгсэн чинь “удахгүй дулаацаад удахгүй гарцгаая, явъя” гэж хэлсэн. “Сандэй” худалдааны төвийн ойролцооноос Сансарт байдаг манай гэр рүү явган алхаж яваад манай гэрт ирээд намайг гэрт ороод хүчээр ор руу татаж унагасан. Ингээд миний өмд, цамцыг тайлаад дараа нь өөрийнхөө өмдийг доошлуулаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгээд маш их өвдсөн ба би уйлаад “өвдөөд байна, болиоч ээ” гэтэл улам хүчтэй хийгээд байсан ба би цээж рүү нь түлхтэл “за болъё” гээд өөрөө өмдөө татаад больсон. Тэгээд “хүнд битгий хэлээрэй, өөр хүн амьтанд хэлж болохгүй шүү, хадгалаарай” гээд явсан. Тэрнээс хойш надаас халуухан зураг явуулаач нүцгэн зургийг чинь харъя гэж байнга хэлдэг байсан ба мөнгө байнга асууж надаас 60.000 төгрөг хүртэл авч байсан. Ингээд надтай чатлаад утсаар яриад холбоотой байж байгаад 2018 оны 6 дугаар сарын эхээр Г.З залгасан. Тэгэхээр нь Халдвартын эмнэлгийн ойролцоо уулзсан. Ингээд юм ярьж явж байгаад намайг “хүргэж өгнө” гээд явсан. Намайг саравчинд сууж байгаад “жаахан байж байгаад орчих” гэсэн. Гэнэт намайг 13 дугаар хорооллын хойд талын буудал руу чирээд орчихсон. Буудлын өрөөнд ороод миний зүүн гарын булчин хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд ор руу түлхсэн. Би “болиоч ээ” гээд гарч явах гэсэн чинь явуулахгүй гарнаас татаад байсан. Тэгээд шууд миний дээр гарсан. Тэгээд хийгээд тавьсан. Гарч яваад “яг дундаасаа салъя” гээд “Сандэй” худалдааны төвийн замын цаад талд байдаг эмийн сангаас 72 цагийн жирэмснээс хамгаалах дотроо 3 ширхэгтэй эм авч өгсөн. Намайг “уу” гээд тэр дороо ус авч өгөөд надад уулгасан. Ямар ч байсан маргааш нь уугаад тэр эм нь дууссан. Тэгээд нээх аймаар харилцаагүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сард манай гэрт “хоол иднэ” гэж ирсэн. Тэгээд хоол идээд явах юм болов уу гэсэн чинь миний хажууд сууж байгаад гэнэт над руу дайраад ирсэн. Тэгээд миний цамцыг “тайл” гээд миний хувцаст хүрсэн. Тэгээд миний дээр гараад хийсэн. Тэгээд бас л дотор нь тавьсан. Намайг үлдээгээд “би эмийн сан орчихоод ирье” гээд явсан. Тэгээд ахиад бас л нөгөө 72 цагийн эм авчирч өгсөн. Эм нь болохоор 2 ширхэгтэй улбар шар эм байсан.” /хх-69-71, 75-79/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзулын өгсөн: “...2019 оны 8 дугаар сард үерхэж байгааг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулж эхлээд мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй байсан. А.Энхжингийн утсан дээрээс Золбоо гэж хадгалсан байхаар нь цагдаад өгч мэдсэн. Би Г.З д маш их гомдолтой байна. Би 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Болормаа гэх хүнд хандаж амаар болон бичгээр өргөдөл бичиж өгсөн байгаа. Өргөдөлдөө Г.З г бага насны хүүхдийг уруу татаж, гэрээс нь дуудаж авч явж, мөнгө авч байна гэдгийг мэдэгдэж байсан боловч сургуулийн захиргаанаас хариу нэг ч өгөөгүй, үүний дараа Г.З гийн утасны дугаарыг олж аваад өөртөй нь холбогдож ахин насанд хүрээгүй хүүхэдтэй уулзаж болохгүй тухай мэдэгдэхэд “би охинтой чинь ахиж уулзахгүй” гэж хэлсэн. Намар 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед Гандангийн автобусны буудал дээр Г.З тай дайралдсан. Би тэр үед Г.З гийн зургийг нь өмнө фейсбүкээр харж байсан учраас шууд таниад уулзаж өмнөх зүйлээ ахин сануулж “чи манай охинтой ахиж уулзаагүй биз дээ” гэж хэлсэн. Г.З тэр үед “би танай охинтой утсаар хэлсэнээс хойш ахиж уулзаагүй” гэж хэлсэн. Ийм зүйл болсноос хойш манай охины сэтгэл санаанд асар их өөрчлөлт орж, бие махбодид нь өөрчлөлт орсон. Охины ааш араншинд өөрчлөлт орсон. Урд талынхаа үсийг тэр чигээр нь хусчихсан. Хүнтэй юу ч дуугарахгүй байнга уйлаастай. Нэг удаа ээжээ “та намайг үхчихвэл ямар байх вэ” гээд уйлаад байсан. Бие махбодийн хувьд огцом жин нэмж, овор суусан. Г.З гаас болж ийм байдалд оруулсан гэх шалтгаанаар нөхөн төлбөр 10.000.000 төгрөг нэхэмжилж байна.” /хх-86-87/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Чинзоригийн өгсөн: “...Би Г.З тай 48 дугаар сургуульд нэг ангид суралцаж байсан. Бид хоёр 2018 оны хавар 12 дугаар анги төгссөн. Г.З манай гэрт ирээд надад хандаж “чи А.Энхжинг надтай танилцахдаа насаа худлаа хэлснийг гэрчлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавдаа орж хэлсэн чинь манай аав “амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэж хэлсэн. Тэгтэл Г.З яваад өгсөн. Г.З 12 дугаар ангид байхдаа А.Энхжин гэдэг охинтой уулздаг байсан. Ер нь бол хичээл тараад явж байхад А.Энхжинтэй Г.З уулзаад эогсдог байсан. Яг хэзээ уулздаг байсан талаар он, cap, өдрийг нь мэдэхгүй байна. А.Энхжин нь манай сургуульд тухайн үед сурдаг, сурдаггүйг байсан талаар нь би сайн мэдэхгүй байна, юутай ч манай сургуулийн ойролцоо харагддаг байсан.” /хх-97-98/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн: “...Г.З тай 2018 онд дөнгөж сургууль эхэлж байхад Сансарын биллъярданд танилцаж байсан. Түүнээс хойш хааяа нэг уулздаг болсон найзууд юм. Би нэг удаа Сансарын 26 дугаар байрны гадаа Г.З тай уулзаж байхад Г.З “манай найз охин” гээд надтай танилцуулж байсан. Тэр үед охин нь өөрийгөө А.Энхжин гэж танилцуулж байсан. Тэгээд би орцных нь үүдэнд хүлээж байтал Г.З нөгөө охинтойгоо орц руу ороод буцаж гарч ирсэн. Би Г.З тай автобусны буудал хүртэл хамт явсан. Нөгөө охин нь гэртээ орсон. Г.З д би “найз охин чинь чамаас дүү юм уу” гэхэд надад дүү л гэж хэлж байсан. Яг хэдэн настай талаар нь надад хэлээгүй.” /хх-99-100/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Ариунбилэгийн өгсөн: “...А.Энхжин манай байрны хажуу талын орцонд амьдардаг. Бид хоёр найзалж байгаад хэл ам таарахгүй шалтгаанаар маргалдаж харилцаагаа тасалсан. А.Энхжин надад 2 жилийн өмнө би “Г.З тай чинь фейсбүүкээр танилцсан шүү” гэж хэлж байсан. Дараа нь Г.З манай байранд А.Энхжинтэй уулзаад хамт явж байсныг нь би нэг удаа харсан. А.Энхжин надад хэлэхдээ “би Г.З тай хамт явдаг, үерхдэг, гадуур зугаалдаг” гэж ярьж байсан. Харин бэлгийн харилцааны талаар ямар нэг зүйл ярьж байгаагүй. Энэ жилийн зун наадмын дараа Г.З тай 13 дугаар хороололд таараад юм ярьж суухдаа А.Энхжингийн талаар ярихад “А.Энхжин нь чамтай нэг ангид сурдаг” гэж хэлж байсан. Бас чамтай сурч байгаад шилжсэн” гэж хэлсэн гэсэн. Мөн А.Энхжинг чамаас дүү гэдгийг нь мэдээгүй гэсэн. А.Энхжингийн ээж нь цагдаад өгсөн талаар хэлсэн.” /хх-114/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12612 дугаартай дүгнэлтэд:
1. А.Энхжин нь бэлгийн бойжилт олсон байна.
2. А.Энхжингийн охин хальсанд хуучин урагдал тогтоогдлоо.
3. А.Энхжин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /хх-133/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: “...Охидын үзлэгт бэлгийн бойжилт олсон эсэхийг суга, умдагны үсжилт, биеийн хөгжил, хөхний хэлбэржилт, сарын тэмдэг ирсэн эсэх зэргийг бүгдийг нь харьцуулан дүгнэж тогтооно. Аль нэг шинжийг үндэслэн бэлгийн бойжилт олсон эсэхийг тогтоодог бөгөөд бага нас, насанд хүрсэн гэдэг нь хуулийн ойлголт тул хариу өгөх боломжгүй.” /хх-134-135/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2241 дугаартай дүгнэлтэд:
1. А.Энхжин нь 2005 оны 12 сарын 14-нд төрсөн, одоо 15 настай байна.
2. Гадна харагдах байдлаар хүний насыг өөрчлөх боломжгүй.” /хх-137-138/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1236 дугаартай дүгнэлтэд:
1. А.Энхжин нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.Энхжин нь 2018 оны 3-6 саруудад болсон үйл явдлын талаар бусдад тайлбарлан ойлгуулж мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. А.Энхжин нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг, эмнэлгийн бичиг баримт үгүй байна.” /хх-140-141/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12485 дугаартай дүгнэлтэд:
1. Г.З нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна.
2. Г.З гийн гадна бэлэг эрхтэний хөгжил зөв байна.
3. Г.З нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /хх-146/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1222 дугаартай дүгнэлтэд:
1. Г.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Г.З нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Г.З нь хэрэг хариуцах чадвартай байна.” /хх-143-144/ гэх дүгнэлт,
Насанд хүрээгүй хохирогч А.Энхжингийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-24/,
Насанд хүрээгүй хохирогч А.Энхжингийн нас тоолсон тэмдэглэл /хх-25/,
Шүүгдэгч Г.З гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-192/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З гийн зүгээс гаргасан: “…Би хүчиндээгүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг зүгээс гаргасан: “...Миний үйлчлүүлэгч нь тухайн үед хохирогч А.Энхжингийн насыг мэдэх боломжгүй байсан.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрийн зүгээс гаргасан: “ Хэргийн дугаар зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Н.Гэрэлмаагийн гаргасан “...Хэрэг бүртгэлтийн ажиллагааны дугаар дээр 0418 мөрдөн байцаалтын дугаар нэмэгддэг. У.Золбоод холбогдох хэргийг тусгаарласан байна.” гэх тайлбар болон энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдсон гэж үзлээ.
Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Г.З гийн насанд хүрээгүй хохирогч А.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2018 оны 4, 9 дүгээр саруудад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 41 тоотод, мөн 2018 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд тус тус бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.
Мөн 2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 41 тоотод 14 насанд хүээгүй А.Энхжин нь бусдад хүчиндүүлсэн хэргийг хянахад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 26 дугаар байрны 32 тоотод 14 насанд хүрээгүй А.Энхжин нь 21 настай найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр Г.З д холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хөтөлбөргүй тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогч А.Энхжин нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нь гэм хорын хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд 10.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Г.З гийн ар гэрээс 8.000.000 төгрөгийг түүнд төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, түүнд оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хувь хүний онцлогт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэв.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Г.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм хорын хохирол төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байсан бол 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөлт оруулсан.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим юм.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.З гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарч Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөнгөн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.З д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, Г.З нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.З г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Г.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Г.З д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.З д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.З д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
Н.БААСАНБАТ