| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 901 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч О.Баярсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сосорбарам,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхзул,
Өсвөр насны шүүгдэгч Г.Э , түүний хууль ёсны төлөөлөгч П.Гандулам тэдний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарт холбогдох эрүүгийн 2006 00762 0786 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 11 сартай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ангид суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ж.Х .
2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 1 сартай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ангид суралцдаг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 33 тоотод Ө.Наран-Эрдэнэтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун нүдний дотор булан, доод зовхи баруун бугалга, сарвуунд цус хуралт, хамар, зүүн бугалга, тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна Ө.Наран-Эрдэнэтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан, доод зовхи баруун бугалга, сарвуунд цус хуралт, хамар, зүүн бугалга, тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “манайх нүүх гэж байна” гээд ээж дуудсан. Тэгээд 3 найзыгаа дуудаад хамт очсон. Бид нар 16 цагаас эхлэн юмаа зөөж эхэлсэн. 19 цагийн үед манай нэг найз яваад Тэмүүлэн ирсэн. Бид 3 юмаа зөөгөөд орц руу ороход 2 охин байгаагүй. Тэгээд юмаа тавиад гарч ирэхэд пиво үнэртээд байсан. Тэгэхэд Ө.Наран-Эрдэнэ цаашаа хараад гартаа юм барьсан байдалтай байсан. Бид нар ээжтэй орцноос гарахад зөрж таарсан. Бид 3 юмаа аваад буцаж орох гэхэд ээж залгаад “хэсэг хүүхдүүд хаалга руу өшиглөөд орцонд шээсэн байна, байж байгаад орж ир” гэж хэлсэн. Бид нар гартаа юм барьсан байсан. Тэгээд Ж.Х гаран дахь юмаа тавиад орц руу орсон. 2 охин гарч ирж байсан. Тэгээд араас нь гарахад Намуунаа, Ө.Наран-Эрдэнэ 2 грашны хажууд явж байсан. Тэгээд би дуудаад “орж ирээд орцоо цэвэрлэ” гэж хэлсэн. Тэгэхэд Ө.Наран-Эрдэнэ “яах гээд байгаа юм” гээд байсан. Тэгэхээр нь “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд Намуунаа “Уучлаарай одоо ороод цэвэрлээд өгье” гэж хэлэхэд Ө.Наран-Эрдэнэ нь зугтаагаад алга болсон. Тэгээд Ө.Наран-Эрдэнэ манай орцонд шээсэн болохоор заавал тэр хүүхдээр цэвэрлүүлнэ гээд араас нь гэрт орсон. Эхлээд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Утас руу нь нэг хүн нэлээд олон удаа залгасан. Тэгээд утсаар яриад байсан. Би утсыг нь аваад ярихад ээж нь байсан. Тэгээд болсон явдлын талаар хэлсэн. Цагдаа нар ирээд ээжийнх нь утас руу залгасан байсан. Ээж утсаа үлдээсэн байсан болохоор тэрийг мэдээгүй. Дараа нь “цагдаа нар ирээгүй байна” гэхэд “ирээд та нар утсаа аваагүй” гэж хэлсэн. Хажуу талын орц руу ороод хэдэн хүүхдүүд пиво уугаад сууж байхаар нь аваад явсан гэж хэлсэн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ: “...Г.Э над руу 12 цагт залгаад “нүүхэд туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт гэрийг нь нүүлгэхээр очсон. 19 цагийн үед Тэмүүлэн найз маань ирсэн. Бид нар юмаа зөөж байхад 2 охин том пиво уугаад зогсож байсан. Бид нар хоорондоо “энд 2 охин пиво уугаад зогсож байна” гээд шивнэлдээд гарсан. Тэгээд юмаа аваад буцах орох гэж байхад Г.Э гийн ээж залгасан. Тэгээд “орцонд 2 охин пиво уугаад сууж байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 орц руу ороход тэр 2 хүүхэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би “та хоёр юм уу” гэхэд намайг түлхээд заамдаад гараад гүйсэн. Бид нарыг дахиад гарахад тэр 2 машины гражны хажууд байсан. Тэгээд дуудахад Намуунаа ирээд “орцыг цэвэрлье” гэж хэлсэн. Би Намуунаатай юм яриад зогсож байсан. Тэгэхэд манай найз Г.Э , Ө.Наран-Эрдэнэтэй үсдэлцсэн байсан. Тэгээд Г.Э гийн ээж, Тэмүүлэн бид 3 энэ хоёрыг салгасан. Ө.Наран-Эрдэнэ цаашаа явсан. Тэгээд Намуунаа эгчийндээ ганцаараа байгаа гээд гэрийг нь зааж өгөхөд урд байрны 6 давхарт байсан. Тэгээд Намуунаа найз руугаа залгахад утсаа авахгүй байсан. Цаана Намуунаа, Ө.Наран-эрдэнэ 2 нэлээн удаан юм ярьж байгаад гэр рүүгээ орсон. Цаашаа жижиг өрөө рүүгээ орж аавтайгаа ярьсан. Намайг хаалганы үүдэн дээр байхад заамдаад гэр рүүгээ татаж оруулсан. Цохих гээд байхаар нь өөдөөс нь нүүрэн хэсэгт 2 удаа цохисон. Утас нь дугарахаар Энхжин ярьсан. Намуунаа манай найз уучлалт гуйя гээд байна гэхээр нь жижиг өрөөнийн хаалган дээр очиход намайг татаж оруулсан. Тэгээд би гарыг нь тавиулаад орон дээр хэвтүүлээд гараад явсан...Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Тухайн үед 20 цаг 40 минут болоод гадаа харанхуй болж байхаар нь охиноо тэврээд гэр рүүгээ орох гэж байсан. Тэгэхэд 2 жоохон охин архи уусан байсан. Намайг хаалгаар ороод шатаар өгсөхөд шээж байгаа чимээ нь сонсогдсон. Дахиж хүүхдээ гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Гандулам мэдүүлэхдээ: “...Би Ө.Наран-Эрдэнийн ээжтэй нь өмнө утсаар хэд хэдэн удаа ярьсан. Тэгээд “шүүх хурлын өмнө уулзъя” гэхэд Ө.Наран-Эрдэнийн аав, ах нар нь “та нартай битгий харьц” гэж хэлсэн. Тэгээд хурлаас өмнө дансыг аваад мөнгийг шилжүүлсэн. Охиныхоо хийсэн хэрэгт харамсаж байна. Цаашид охиноо дахиж гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сосорбарам мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хариуцлагатай жижүүр байсан. Тэгээд ном хүлээж авах ажилтай байсан. Манай охин 20 цагийн үед надтай утсаар ярьсан. Надтай утсаар ярихдаа гэртээ байна гэдгээ хэлээгүй. Миний охин хамар ясны мэс засалд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр орно. Түүнд 3.280.000 төгрөг зарцуулагдах бөгөөд үүнийг нэхэмжилж байна. Мөн миний охины уруул сэтэрснийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Надаас санал хүсэлт байна уу гэж асуугаагүй танилцсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан. Тиймээс бүрэлдэхүүнтэй шинжээч эмч томилуулах саналтай байна. Миний охины аав ах нар нь хөнгөн гэмтэл гэдэг дээр яагаад гарын үсэг зурсан бэ гэж асуусан. Миний хувьд хөнгөн хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин шинжээч томилуулах саналтай байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр өсвөр насны хохирогч Ө.Наран-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-14/, гэрч Ө.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, өсвөр насны гэрч Б.Номунаагийн өгсөн мэдүүлэг /хх-26/, өсвөр насны гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-29/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4474 дугаартай дүгнэлт /хх-31-32/, шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-33/, өсвөр насны шүүгдэгч Г.Э гийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-4/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-5/, өсвөр насны шүүгдэгч Ж.Х гийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-6/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-7/, өсвөр насны шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-61, 62/, хохирол нэхэмжилсэ баримтууд /хх-37-38/, шинээр хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 33 тоотод Ө.Наран-Эрдэнэтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун нүдний дотор булан, доод зовхи баруун бугалга, сарвуунд цус хуралт, хамар, зүүн бугалга, тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч Ө.Наран-Эрдэнийн өгсөн: “... Би 2020 оны 4 дүгээр сарын 6-ны оройн 16:00 цагийн үед найз болох Б.Номунаатай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112-21 тоот болох гэрт нь уулзсан. Тэгээд найзындаа байж байгаад 17:00 цагийн үед найзтай хамт 114 дүгээр байрны “Мон Аваргас” нэртэй дэлгүүр орж бид хоёр хүний дөрвөн Сэнгүр нэртэй пиво аваад тус байрны арын тоглоомын талбай дээр очоод найзтайгаа авсан пиво уусан. Дараа нь Б.Номунаатай хамт түүний байрны орцонд орж суусан бөгөөд тухайн орцноос үл таних 30 орчим насны эмэгтэй гарч ирээд “яагаад орцонд шээгээд байгаа юм” гээд уурлаад байхаар нь би хэрэлдсэн. Удаагүй би тухайн орцноос гараад 200 дугаар байр руу очиж хэсэг сууж байгаад буцаад гэр гэр рүүгээ явж байтал Б.Номунаагийн орцны үүдэнд үл таних охин алгадаж байхыг нь хараад би тэнд очсон. Намайг тэнд очиход Б.Номунааг алгадсан охин намайг түлхэж унагаахад нь би босч ирээд тэр охинтой хэрэлдэж байгаад гэр рүүгээ түрүүлээд орсон. Хэсэг хугацааны дараа хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд Б.Номунаа болон намайг түлхэж унагаасан охин түүний найз охин байсан нар байсан бөгөөд Ж.Х гэх охин нь намайг гэрт орж ирээд түлхээд нүүрэн хэсэгт цохисон бөгөөд хэдэн удаа яаж цохисон талаараа сайн санахгүй байна.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мөнхзулын өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн орой 20 цагийн орчим гэр рүүгээ орох гээд явж байхад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112 дугаар байрны 2 дугаар орцны 4 давхарт үл таних 4 эмэгтэй хүүхэд шар айраг уугаад сууж байсан. Би хажуугаар зөрөөд өнгөрсөн ба 4 дүгээр давхарт нэг охин шээсэн байсан бөгөөд би тэр охинд шаардлага тавихад эсэргүүцэж хэрэлдсэн ба хаалга өшиглөөд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй өөрийн охин болох Г.Э рүү залгахад “орц руу орж байна” гэхээр нь би “орцонд 4 охин согтуу байна, мөн орцонд шээсэн байна, эвтэйхэн орж ирээрэй” гэхэд “за” гээд гэртээ орж ирсэн. Би охиноо орж ирэхээр нь цуг гарахад гадаа нөгөө орцонд шээсэн охин байсан бөгөөд намайг дуудахад хүрч ирээд манай охинтой маргалдаж байгаад үсдэлцэж зодолдоод газарт унахаар нь Г.Э гийн найз болох Г.Тэмүүлэн бид хоёр салгасан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч Б.Номунаагийн өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 6-ны оройн 19:00 найз болох Ө.Наран-Эрдэнэтэй байрныхаа тоглоомын талбай дээр уулзсан. Бид хоёр уулзаад хоёр хоёр лаазтай пиво уусан бөгөөд оройн 20:00 цагийн үед манай байрны орц руу орж суугаад юм яриад байж байсан. Тэгээд оройн цагийн 21:00 цагийн орцноос гарж байхад манай дүү надад хандаад “Нараа эгч нэг хүнтэй муудалцаад байна” гэхэд би дээшээ гарч байхад өөдөөс найз Нараа бууж ирсэн. Дараа нь Нараа бид хоёр манай дүүг хүргэж өгөөд буцаад ирэхэд орцны үүдэнд үл таних 2 охин, 1 эгч, 1 эрэгтэй хүүхэд зогсож байсан бөгөөд нэг охин нь ирээд намайг алгадсан ба Нарааг тэнд байсан эрэгтэй эмэгтэй хоёр машин руу түлхсэн. Тэр үед Нараа босч ирээд шууд гэр рүүгээ ороод явчихсан ба тэр хүмүүс надаар Нараагийн гэрийг заалгаад надтай хамт орж ирсэн. Дараа нь Нараа хаалгаа онгойлгоход хаалгыг нь хаалгахгүй дэлгээд байж байхад Нараагийн утас дуугарахад нь нэг охин нь шууд утсыг нь булаагаад ээжтэй нь яриад байсан. Тэгээд тэр Ж.Х гэх охин Нарааг түлхээд дээрээс нь гараа нүүрэн хэсэгт нь 3-4 удаа цохиход Нараагийн хамарнаас цус гараад байсан. Удалгүй Ж.Х гэх охин надад “хандаж наад цусыг нь арчаарай” гэж хэлээд гараад явсан.” /хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 20:00 цагийн үед найз болох Г.Э “гэр нүүж байгаа нүүлгэлцээд өгөөч” гэсний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112 дугаар байранд очсон. Намайг очиход үл таних 4 охин 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво ууж байсан бөгөөд намайг хараад цааш нь нуугаад байсан. Би хажуугаар нь өнгөрөөд найзынхаа гэр рүү ороод эд хогшил зөөж байсан чинь Г.Э гын ээж Г.Э руу залгаад орцонд “2 охин пиво уугаад шээсэн байна” гэж сануулж байсан. Тэр үед Г.Э , Ж.Х хоёр намайг гадаа үлдээгээд түрүүлж орц руу ороод гарч ирэхдээ үл таних охинтой гарч ирээд гадаа маргалдаж байгаад зодолдсон ба Г.Э нэг охинтой үсдэлцээд байсан бөгөөд би Г.Э гийн ээжтэй нийлээд салгасан. Дараа нь Г.Э тэй зодолдоод байсан охин алга болсон байсан ба тэнд үлдсэн найзаар нь гэрийг нь заалгаж бид нар очсон. Гэрийнх нь хаалгийг тогшиж байхад тэр охин хаалгаа онгойлгоод хэл амаар доромжпоод хэрэлдээд байсан бөгөөд манай найз Ж.Х г заамдаж татаад гэр рүүгээ оруулахаар нь Ж.Х г тэр охины нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд удалгүй бид нар цагдаа дуудаад ирэхгүй байхаар нь тэдний гэрээс гараад явсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийнг шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтэд:
1. Ө.Наран-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал. зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун бугалга, сарвуунд цус хуралт, хамар, зүүн бугалга, тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-31-32/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ганзоригийн өгсөн: “...Зулгаралт цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтэд тусгасан байна. Хохирогч Ө.Наран-Эрдэнэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дээрхи цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх-33/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сосорбарамын зүгээс”...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилж өгнө үү” гэх тайлбарыг гаргах боловч энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь өсвөр насны шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаярын зүгээс гаргасан: “...Миний үйлчлүүлэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “...учруулсан хохирлоо нөхөн төлж...” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Х Г.Э нарын 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна Ө.Наран-Эрдэнэтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан, доод зовхи баруун бугалга, сарвуунд цус хуралт, хамар, зүүн бугалга, тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн шатанд нотлох баримттай хохирол болох 216.700 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Харин насанд хүрээгүй хохирогч Ө.Наран-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Сосорбарам нарын зүгээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.280.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд
хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насын шүүгдэгч Ж.Х , Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарыг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарт оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны
шүүгдэгч Ж.Х , Г.Э нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.
5. Насанд хүрээгүй хохирогч Ө.Наран-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Сосорбарам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Ж.Х , Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС