Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

2020        05          05                                   2020/ШЦТ/360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Э.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Э.Т-д холбогдох эрүүгийн 2011 00697 0399 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсррлтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн овоо” ХХК-ний авто баазад жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 хэсэг төмөр зам гудамж 13 дугаар байр 8 тоотод оршин суух хаягтай боловч одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 75-5 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овогтой Э.Т, регистрийн дугаар //,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд хохирогч Н.Алтантуяаг цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3416 дугаартай “...Н.Алтантуяагийн биед дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч Н.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутын орчим би өөрийн дүү Далхаанямбуугийн гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-478 тоотод ирсэн бөгөөд хашааны хаалга онгойлгоод машинаа оруулчихаад хаалгаа хаах гэтэл 3 согтуу хүн хоорондоо зодолдоод ойртож ирсэн. Нэг нь хашааны хаалганы доод хэсэгт хөлөө оруулахаар нь би цаашаа бай, хөлөө ав гэхэд тэр хүн уначихсан байснаа босож ирээд миний уруул хэсэг рүү шууд цохиод авсан. Би амаа дараад цаашаа харахад манай нөхөр гарч ирж таараад тэр 3 залуутай маргалдсан ба тэр 3 залуу манай нөхрийг нэлээд зодсон. Би салгах гээд дийлэхгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд яг миний уруулыг цохисон хүнийг нөхөр зууралдаж байгаад цагдаад өгсөн. Харин нөгөө 2 нь зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч А.Очир-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би байшингаас гартал Н.Алтантуяа хашааны гүйдэг хаалганы хажууд хүнтэй маргалдаж байхаар нь яваад очтол манай эхнэрийн уруулаас нь цус гарчихсан, намайг энэ хүн цохичихлоо гэхээр нь би тэр 3 эрэгтэйд яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ гэтэл тухайн хүмүүс согтуу над руу дайрч ирэхэд нь би түлхэн зууралдаж байтал нэг нь миний нүүр рүү цохиж унагаахад нөгөө 2 нь миний дээрээс цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч А.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Т ах, Дорж ах хоёр түрүүлээд гарсан юм. Би араас нь хашаанаас гартал манай эсрэг талын айлын үүдэнд нэг хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Би тэгэхээр нь араас нь очтол цаанаас нь нэг эрэгтэй гарч ирээд намайг бариад авсан, эхнэрийг яаж байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гантулгын эсрэг талын хашааны үүдэнд нэг хүүхэнтэй маргалдаж байсан, Яг юунаас гэдгийг сайн санахгүй байна. Тэгээд нөхөр нь бололтой залуу ирээд миний эхнэрийг яагаад цохиж байгаа юм гээд бид гурав луу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 45/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 51-52/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 53/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар тогтоол /хх 69/, шүүгдэгч Э.Т, хохирогч Н.Алтантуяа нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 66-67/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжинд хохирогч Н.Алтантуяаг цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3416 дугаартай “...Н.Алтантуяагийн биед дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, хохирогч Н.Алтантуяагийн “...Нэг нь хашааны хаалганы доод хэсэгт хөлөө оруулахаар нь би цаашаа бай, хөлөө ав гэхэд тэр хүн уначихсан байснаа босож ирээд миний уруул хэсэг рүү шууд цохиод авсан. Би амаа дараад цаашаа харахад манай нөхөр гарч ирж таараад тэр 3 залуутай маргалдсан ба тэр 3 залуу манай нөхрийг нэлээд зодсон. Би салгах гээд дийлэхгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд яг миний уруулыг цохисон хүнийг нөхөр зууралдаж байгаад цагдаад өгсөн. Харин нөгөө 2 нь зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч А.Очир-Эрдэнийн “...би байшингаас гартал Н.Алтантуяа хашааны гүйдэг хаалганы хажууд хүнтэй маргалдаж байхаар нь яваад очтол манай эхнэрийн уруулаас нь цус гарчихсан, намайг энэ хүн цохичихлоо гэхээр нь би тэр 3 эрэгтэйд яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ гэтэл тухайн хүмүүс согтуу над руу дайрч ирэхэд нь би түлхэн зууралдаж байтал нэг нь миний нүүр рүү цохиж унагаахад нөгөө 2 нь миний дээрээс цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч А.Гантулгын “...Э.Т ах, Дорж ах хоёр түрүүлээд гарсан юм. Би араас нь хашаанаас гартал манай эсрэг талын айлын үүдэнд нэг хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Би тэгэхээр нь араас нь очтол цаанаас нь нэг эрэгтэй гарч ирээд намайг бариад авсан, эхнэрийг яаж байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Тгийн “...Гантулгын эсрэг талын хашааны үүдэнд нэг хүүхэнтэй маргалдаж байсан, Яг юунаас гэдгийг сайн санахгүй байна. Тэгээд нөхөр нь бололтой залуу ирээд миний эхнэрийг яагаад цохиж байгаа юм гээд бид гурав луу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Н.Алтантуяа нь “...Бид хоорондоо эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ