| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0347/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 367
2020 05 06 2020/ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч П.Ш, Д.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүтэн овогт Д.Б, Боржигон П.Ш нарт холбогдох эрүүгийн 2011 00414 0324 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Чухаг 32а байрны 59 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчид Г-17 гудамж 399б тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Бүтэн овогт Д.Б, регистрийн дугаар / /.
Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ иргэншил” дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-393 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхний хаяг: Сэлэнгэ, Мандал, 8 дугаар баг, Тарни, арцат, гудамж, 8 тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Боржигон овогт П.Ш, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-393 тоотод хохирогч П.Шын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-393 тоотод хохирогч Б.Мөнхбатын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч П.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед эгч Шүрэнчимэгийн гэрт нь хана руугаа харсан байдалтай унтаж байтал Мөнхбат орж ирээд миний нөмөрч байсан хөнжлөөс нэг хөнжил аваад газарт унтахаар хэвтэхдээ миний толгой дээр куртикээ тавьчихаар би муухай өмхий үнэртээд байхаар нь куртикыг нь аваад хөл хэсэг рүү тавиад эргэж хараад унтсан. Тэгтэл чи муу яахаараа миний куртикыг шиддэг пизда вэ гээд намайг хэл амаар доромжлоод орлуугаа явахдаа эргэж хараад миний толгойн зүүн нүдний дээд хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон. Биднийг муудалцаж байх үед эгч Шүрэнчимэг гарч гүйгээд Мөнхбатын аав Д.Б-ыг дагуулж иртэл Д.Б ах эхлээд Мөнхбатыг цохиод эргэж ирээд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би орилоод орлуугаа явж байтал араас миний толгойн баруун талын чамархайн хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мөнхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цагийн үед ирж машинаа авах гэтэл миний машиныг хамаатны эгч Жамъянсүрэн хаагаад тавьчихсан байсан. Тэгээд жоохон унтаж байгаад явъя гээд Ренчиндоржийн гэрт орсон. Ороод куртикээ тайлаад дүү П.Ш-ын унтаж байсан орны дээд талын шкаф дээр тавьчихаад ороо газар засаад хэвтсэн. Удалгүй дүү П.Ш миний улбар шар өнгийн куртикийг аваад хөл хэсэг рүүгээ шидэхээр нь би уурлаад толгойн ард дагз хэсэг рүү нь нэг удаа алгадчихаад буцаад орлуугаа хэвтсэн чинь П.Ш босч ирээд намайг хэл амаар доромжпоод миний цамцны энгэрээс 2 гараараа татаж миний ам уруул хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би мөргүүлчихээд П.Шын унтаж байсан ор, угаалгын машин хоёрын завсраар унасан. Завсар унаад босч чадахгүй байхад дээрээс хөл рүү өшиглөөд байхаар нь Ренчиндорж руу хандаад авраарай гээд орилоход Ренчиндорж ирээд бид хоёрыг салгасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч П.Шүрэнчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...П.Ш болон Мөнхбат нар барьцалдаж авахаар манай нөхөр Ренчиндорж салгах гэж очиход би өөрөө хажуу хойд гэрээс Мөнхбатын аав Д.Б-ыг дуудсан. Улмаар би Мөнхбатын аавыг дагуулаад гэрлүү ороход Д.Б нь өөрийн хүү Мөнхбат руу сандал шидээд, хөлөөрөө өшиглөөд нүүр лүү нь цохиж зодож байснаа эргээд манай дүү П.Ш луу чи яагаад куртикыг нь шидсэн гэж хэлээд улмаар П.Шын хамар луу цохисон ба шууд П.Ш-ын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Д.Ренчиндорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...П.Ш Мөнхбатыг тэвэрч аваад ор хөргөгч хоёрын завсраар уначихаад П.Ш солгой гараараа Мөнхбатын нүүрэн тус газар нэг удаа цохичихсон болохоор би гүйж очоод салгах хооронд П.Ш нь Мөнхбатын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөнг салгасан. ...Д.Б ах орж ирээд хүү Мөнхбат руу очоод өшиглөөд зодоод гаргаад явуулсан. Тэгээд эхнэрийн дүү П.Ш дээр очоод П.Ш-ын урдаас хамар луу нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 21 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2248 дугаартай “...П.Шын биед хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1270 дугаартай “...Б.Мөнхбатын биед зүүн дээд 1-р шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44, 46/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47, 50/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаар тогтоол /хх 70/, шүүгдэгч, хохирогч П.Ш, хохирогч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Б нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62, 63, 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-393 тоотод хохирогч П.Шын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-393 тоотод хохирогч Б.Мөнхбатын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч П.Ш-ын “...Тэгтэл чи муу яахаараа миний куртикыг шиддэг пизда вэ гээд намайг хэл амаар доромжлоод орлуугаа явахдаа эргэж хараад миний толгойн зүүн нүдний дээд хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон. Биднийг муудалцаж байх үед эгч Шүрэнчимэг гарч гүйгээд Мөнхбатын аав Д.Быг дагуулж иртэл Д.Б ах эхлээд Мөнхбатыг цохиод эргэж ирээд миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би орилоод орлуугаа явж байтал араас миний толгойн баруун талын чамархайн хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнхбатын “...Удалгүй дүү П.Ш миний улбар шар өнгийн куртикийг аваад хөл хэсэг рүүгээ шидэхээр нь би уурлаад толгойн ард дагз хэсэг рүү нь нэг удаа алгадчихаад буцаад орлуугаа хэвтсэн чинь П.Ш босч ирээд намайг хэл амаар доромжпоод миний цамцны энгэрээс 2 гараараа татаж миний ам уруул хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би мөргүүлчихээд П.Шын унтаж байсан ор, угаалгын машин хоёрын завсраар унасан. Завсар унаад босч чадахгүй байхад дээрээс хөл рүү өшиглөөд байхаар нь Ренчиндорж руу хандаад авраарай гээд орилоход Ренчиндорж ирээд бид хоёрыг салгасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч П.Шүрэнчимэгийн “...П.Ш болон Мөнхбат нар барьцалдаж авахаар манай нөхөр Ренчиндорж салгах гэж очиход би өөрөө хажуу хойд гэрээс Мөнхбатын аав Д.Б-ыг дуудсан. Улмаар би Мөнхбатын аавыг дагуулаад гэрлүү ороход Д.Б нь өөрийн хүү Мөнхбат руу сандал шидээд, хөлөөрөө өшиглөөд нүүр лүү нь цохиж зодож байснаа эргээд манай дүү П.Ш луу чи яагаад куртикыг нь шидсэн гэж хэлээд улмаар П.Ш-ын хамар луу цохисон ба шууд П.Шын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Д.Ренчиндоржийн “...П.Ш Мөнхбатыг тэвэрч аваад ор хөргөгч хоёрын завсраар уначихаад П.Ш солгой гараараа Мөнхбатын нүүрэн тус газар нэг удаа цохичихсон болохоор би гүйж очоод салгах хооронд П.Ш нь Мөнхбатын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөнг салгасан. ...Д.Б ах орж ирээд хүү Мөнхбат руу очоод өшиглөөд зодоод гаргаад явуулсан. Тэгээд эхнэрийн дүү П.Ш дээр очоод П.Шын урдаас хамар луу нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 21 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2248 дугаартай “...П.Шын биед хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун чамархайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1270 дугаартай “...Б.Мөнхбатын биед зүүн дээд 1-р шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Ш, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч П.Ш нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн...” гэх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй,
Хохирогч Б.Мөнхбат нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Бид эвлэрсэн..” гэх тул шүүгдэгч П.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч П.Ш, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүтэн овогт Д.Б, Боржигон П.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш, Д.Б нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.Ш, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ш, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ