| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0333/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 368
2020 05 06 2020/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт О.Г-д холбогдох эрүүгийн 2011 00488 0290 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Пром метал” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26-623 тоотод оршин суух хаягтай, урьд
2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 233 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хүнд ялд хөнгөнийг нь багтаан нийт 2 жилийн хорих ял оногдуулсан,
2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,
2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Мянгад овгийн О.Г, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 1136а тоотод иргэн Ц.Очгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, заазуураар бугалга, дал, нуруу хэсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, нурууны хөндлөн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2473 дугаартай “...Ц.Очгэрэлийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, нурууны хөндлөн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохооболон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1053 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хөвөн бамбарт бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А/II/бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 29 см урттай, алаг цэнхэр өнгийн оруулагатай төмөр иштэй заазуур дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Очгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний хамтран амьдрагч Уртнасан найз Алимаатай ярьсан...Уртнасангийн амьдардаг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байдаг гэрт нь найз Алимаа нь нөхөр О.Г-ийн хамтаар ирсэн... авч ирсэн архийг нь бид 4 хувааж ууж дуусчихаад дахин 1 шил архинд О.Г явсан бөгөөд авч ирсэн архийг нь бид 4 мөн уусан бөгөөд би сүүлийн архинаас нь бараг уугаагүй... О.Г Алимаа хоёр маргалдаад орилолдоод байсан бөгөөд орилоод байхаар нь би сэрээд болиочээ Ганаа дандаа эхнэртэйгээ маргалдаж байх юм гэж хэлсэн бөгөөд О.Г надруу дайраад намайг боогоод миний нүүр рүү 2 удаа мөргөөд, мөн нүүр рүү 3 удаа цохисон. Тэгээд би гэрээс зугтаад гарах гэтэл ардаас заазуур аваад миний нурууг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч А.Уртнасан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нэг мэдэхэд Очгэрэлийн нуруу нь нил цус болсон байсан бөгөөд би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэх үед ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Очгэрэлийн биед дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, ажлын газрын тодорхойлолт /хх 60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 64/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 1136а тоотод иргэн Ц.Очгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, заазуураар бугалга, дал, нуруу хэсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, нурууны хөндлөн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2473 дугаартай “...Ц.Очгэрэлийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны язарсан шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, нурууны хөндлөн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохооболон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1053 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хөвөн бамбарт бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А/II/бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 29 см урттай, алаг цэнхэр өнгийн оруулагатай төмөр иштэй заазуур дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Ц.Очгэрэлийн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний хамтран амьдрагч Уртнасан найз Алимаатай ярьсан...Уртнасангийн амьдардаг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байдаг гэрт нь найз Алимаа нь нөхөр О.Гийн хамтаар ирсэн... авч ирсэн архийг нь бид 4 хувааж ууж дуусчихаад дахин 1 шил архинд О.Г явсан бөгөөд авч ирсэн архийг нь бид 4 мөн уусан бөгөөд би сүүлийн архинаас нь бараг уугаагүй... О.Г Алимаа хоёр маргалдаад орилолдоод байсан бөгөөд орилоод байхаар нь би сэрээд болиочээ Ганаа дандаа эхнэртэйгээ маргалдаж байх юм гэж хэлсэн бөгөөд О.Г надруу дайраад намайг боогоод миний нүүр рүү 2 удаа мөргөөд, мөн нүүр рүү 3 удаа цохисон. Тэгээд би гэрээс зугтаад гарах гэтэл ардаас заазуур аваад миний нурууг зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч А.Уртнасангийн “...нэг мэдэхэд Очгэрэлийн нуруу нь нил цус болсон байсан бөгөөд би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэх үед ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч О.Гийн “...Би Очгэрэлийн биед дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Шүүгдэгч О.Г-ээс хохирогч Ц.Очгэрэлд 350.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 29.5 см урттай, цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянгад овгийн О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар О.Г-д 1 жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлаж албадлагын арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Г-ээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Очгэрэл /ЦИ 80071314, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ногооны 3а-18 тоотод оршин суудаг/-д олгосугай.
8. Шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт 29.5 см урттай, цэнхжр өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ