Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 880

 

  Ц.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Оюунтунгалаг,  

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Э,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О-н өмгөөлөгч Н.Т,

            шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч А.Д,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1399 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Н-д холбогдох 201725011148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ын Н, 19.. оны .. дугаар сарын 5-ны өдөр Завхан аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “А” ............... газарт........ эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны 44 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ИК.../;

Ц.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өглөө 06 цагийн орчим ......... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... хорооллын ... дугаар байрны гадна авто машины зогсоол дээр иргэн Р.Б-ыг зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Н-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтдээ:

1. Хэргийн хохирогчид тэдний өмгөөлөгчдийн зүгээс Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар удаа дараалан гомдол гаргаж, тодруулах ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж, байсан бөгөөд прокурорын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “сонсгосон зүйл ангийг хүндрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг бүрэн хангасугай” гэсэн тогтоол гарсан боловч прокурорын тогтоол биелэгдээгүй. Мөн гэрч Х.Н-ын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийлгүй бодит байдлыг тогтоосонгүй гэж үзэж байна.

2. Прокурорын 191 тоот яллах дүгнэлтийн хавсралтын 4 дүгээрт 21.580.083 төгрөг яллагдагч Ц.Н-ээс нэхэмжилснээс төлөх төлбөргүй болно гэсэн ойлгомжгүй байгаа бөгөөд, 2-р хавтасны 000-0018 хуудас, 36-38 хуудас дахь нэмэлтээр гаргаж өгсөн 6.165.000 төгрөгийн хохирлыг яллах дүгнэлтэд огт тусгагдаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлууд нь шүүх хуралдаанаар нөхөн хийгдэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаж байна" гэжээ.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэргийн 2 хавтас 48 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хэргийн 2 хавтас 57 дугаар хуудас мэдүүлэгт дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэцийн шинжилгээнд дахин ормоор байна гэсэн хүсэлт, хэргийн 60 дугаар хуудас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэгт шүүх сэтгэц эмгэг судлалын 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтүүдийг Ц.Н болон түүний өмгөөлөгч нараас гаргасан боловч хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Хэргийн 93 дугаар талд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллагдагчид сонсгосон зүйл ангийг хүндрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг бүрэн хангасугай гэсэн прокурорын тогтоол байгаа боловч хангасан болох нь хэрэгт байхгүй, мөн хэргийн 79 дүгээр талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э-ийн хүсэлтийн 2 дахь хэсэг дэх гэрчүүдийн хоорондох мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтын ажиллагаагаар гаргах шаардлагатай гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн гэрч Х.Н-оос дахин мэдүүлэг авахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийг оролцуулсан атлаа эсрэг талын өмгөөлөгчийг байлцуулаагүй нь зохимжгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нарын хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгчийн дээрх захирамжийг хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын шатанд болон прокурор хэргийг хянах явцад хэрэгт талийгаачийн ар гэрийнхний буюу хохирогчдын зүгээс талийгаачийг "Хүчтэй зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож амь насыг нь хохироосон", яллагдагчийн зүгээс "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний амь нас хохироосон" гэх хүсэлт, гомдлуудыг удаа дараа гаргасныг прокуророос хянаж, хохирогчийн болон холбогдогчийн гаргасан хүсэлтүүдийг анхаарч дахин шалгуулж, эргэлзээг гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэхдээ хохирогч, холбогдогч нарын зүгээс гаргасан хүсэлтүүдийг аль алиныг нь хангах тогтоол үйлдэж, хариу өгсөн. Энэ нь зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа үйлдэл биш бөгөөд зүйлчлэл өөрчлөгдөх эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, эргэлзээг гаргах гэсэн мөрдөн шалгах ажиллагаа юм. 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг нь прокурорын эрх хэмжээ тул мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч зүйлчлэл өөрчлөх үндэслэлгүй юм.

2. Мөн гэрч Х.Н-ын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй бодит байдлыг тогтоосонгүй гэжээ. Прокуророос хэрэгт цугларсан бүх нотлох баримтад үндэслэн хэргийн болсон үйл баримтыг тогтоон хууль зүйн талаас нь үнэлэлт, дүгнэлт хийж, өөрийнхөө дотоод итгэлээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс өмгөөлөгч, улсын яллагчийн мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна

3. Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо 21.580.083 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт хавсаргасан гэж тооцон харин 6.165.000 төгрөгийн баримтыг орхигдуулж тооцоолсон байсныг прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны явцад залруулсан. Үүнийг шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахдаа дахин тулгаж тооцож шийдвэрлэх бүрэн боломжтой.

4. Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд "Дахин дүгнэлт гаргах шаардлагагүй" гэдгийг мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс амаар хариуг өгч, харин дахин дүгнэлт гаргуулахгүйгээр дүгнэлт гаргасан эмчийг байцаасныг хэргийн материалтай танилцах явцдаа хэргийн оролцогч нар нь бүгд бүрэн танилцсан. Хэрэв яллагдагч болон түүний өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлттэй бол энэ тухай хүсэлтээ шүүхэд гаргаснаар шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

5. Шүүгч захирамждаа хэн, хэн гэдэг гэрчүүд, яаж зөрүүтэй мэдүүлсэн талаар дурдаагүй. Гэрч Х.Н, гэрч Б.Э нарын мэдүүлгийн зөрүүг гаргах гэж ойлгож байгаа бол гэрч Х.Н-оос 2 удаа, гэрч Б.Э-аас тус тус 2 удаа мэдүүлэг авсан. Дээрх гэрчүүд нь хэргийн талаар мэдүүлэхдээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгдөггүй. Гэрч Х.Н нь "Талийгаачийг юу ч яриагүй байхад Н зодсон гэж, гэрч Б.Э нь талийгаач "Би нөхөр нь байна" гэж хэлсэн гэх өгүүлбэрээр зөрдөг. Үүнийг хэрэг зүйлчлэхэд болон бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэхгүй байгаа бөгөөд дахиж байцаах шаардлагатай бол шүүх хуралдаанд гэрчүүдийг байлцуулж мэдүүлэг авч, эргэлзээг гаргаж шийдвэрлэх боломжтой юм. Мөн гэрчээс мэдүүлэг авахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийг оролцуулсан атлаа эсрэг талын өмгөөлөгчийг байлцуулаагүй нь зохимжгүй гэсэн нь шүүгч аль хуулийн ямар заалт баримталж бичсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд Ц.Н-д холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1399 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын яллах дүгнэлтийн зарим хэсэг тодорхой биш байсан учраас хүсэлт гаргасан. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчид гэм бурууг халдаахад хохирлын хэм хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд хамаарна. Гэтэл прокурорын зүгээс ажилдаа хайнга хандаж байна уу гэсэн байдал харагдсан. Миний үйлчлүүлэгчтэй шүүгдэгч талаас нэг ч удаа уулзаагүй. Хохирогчоос хохирлын баримт өгөхөд прокурор 6.000.000 төгрөгийг хасч тооцсон. Эрүүгийн хууль нь нэр томъёо болон ухагдахууныхаа хувьд нэг мөр ойлгогдох ёстой. Мөн бидний “зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангасан атлаа зүйлчлэлийг хүндрүүлээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох нь асуудлыг шийдвэрлэхэд хамгийн чухал нөлөөтэй юм. Хохирогч Энхзулын мэдүүлэгт “манай нөхөр “би нөхөр нь байна” гэж хэлсэн. Тэр хоёр заамдалцаад авсан. Сүүлдээ зодолдоод, тэгээд би салгасан” гэж харилцан зодоон болсон мэт мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Гэтэл гэрч Х.Н “Энхзул байгаагүй, нөгөөдөх нь орж ирээд 1 цохиод балбасаар байгаад хохирогчийг алчихсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчид ял халдаахад шүүгдэгчийн уурыг хүргэж, сэтгэл санаа цочрон давчидтал үг хэлсэн үү, үгүй юу гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тодруулах хэрэгтэй гэж үзэж байна. Хохирогчийн үхлийн шалтгаан нь тархины зөөлөн эдийн доторх цус харвалт гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь яг хэдийд болсон бэ гэдгийг тогтоох боломжтой эсэх талаар тодруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О-ын өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар прокурорын тогтоолд “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Р.О, Н.Т нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллагдагчид сонсгосон хэргийн зүйл, хэсгийг хүндрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг бүрэн хангасугай” гэсэн бөгөөд уг тогтоолын дагуу хүсэлт гаргагч нарт албан ёсны хариу өгсөн. Уг тогтоолын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйг шүүгчийн захирамжид үндэслэлтэй дурдсан. Хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас анхнаасаа тууштай мэдүүлэг өгсөн гэрч Н-ын мэдүүлгээс харахад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн зүйлчлэл тохирохгүй байна. Хохирогч хэт согтолттой байсан нь батлагдсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт нь буруу бичигдсэн талаар шүүгчийн захирамжид дурдсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хөрөнгө хамгаалах арга хэмжээ аваагүй. Хохирол төлбөрийг буруу бичсэн учраас хохирогч болон яллагдагч талуудад эргэлзээтэй байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалд 21.580.083 төгрөг нэхэмжилснийг баримтын дагуу хохирлыг төлж барагдуулсан. Дараагийн 6.165.000 төгрөг нь талийгаачийн 49 хоногийн буяны үйл ажиллагаанд зарцуулсан. Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзах хүсэлт гаргаж байсан. Прокурорын “хүсэлтийг хангах тогтоол”-ыг хэргийн оролцогч нарын хүсэлтийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэх тогтоол гэж үзэж байна. Гэрч Э, Н хоёр “чи хэн бэ” гэдгийг хоёулаа хэлсэн. Мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанаар гэрчүүдийг оролцуулаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд прокурорын яллах дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна...” гэв. 

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Н-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайлбал прокурорын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “сонсгосон зүйл ангийг хүндрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг бүрэн хангасугай” гэсэн тогтоол гарсан боловч биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, 6.165.000 төгрөгийн хохирлыг яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдаагүй, шүүгдэгчийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.  

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан бүхий л ажиллагаануудыг хийлгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.