Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0539

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0539

Улаанбаатар хот

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч А.Сарангэрэл, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 517 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болон нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтгүйгээр үнэлэлт дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч “А” ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Банкны өр барагдуулах албатай  барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Т Х” ХХК-ийн зээлийн өрөнд хураагдсан барилгын суурийг худалдан авсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь 15 жилийн хугацаагаар сунгаж тус тус шийдвэрлэсэн.

Газар эзэмших эрх олгосноос хойш газар эзэмшигч тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, худалдан авсан барилгын суурь анхны байдлаараа хадгалагдаж байна. Тухайн суурийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед байсан бетонон хашааг “А” ХХК барьсан талаар ямар нэг нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг тухайн газар дээр бетонон хашаа барьсан, газраа ашигласан гэж дүгнэсэн нь хууль бус байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрх сунгагдаж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноор газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлж, 35.3-т заасан үүргийг хүлээж байгаа боловч нэхэмжлэгч газар эзэмших эрх үүссэн 2005 оноос хойш болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ч маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болно.

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр улсын бүртгэлийн байгууллагаас дугаар олгодог болсонтой холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрээг шинэчилж хийсэн нь өмнө байгуулсан гэрээ, гэрчилгээний хугацаа тасалдаагүй, эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийн хугацааг тасалдуулан тоолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж дүгнэсэн боловч 2 жилийн хугацаа болоогүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/2866 дугаартай албан бичгээр мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангасан бөгөөд Газрын тухай хууль болон Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байсан тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцэж байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

А ХХК шүүхийн шийдвэрээр зээлийн өрөнд хураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын суурийг худалдан авч, барилгын газрыг эзэмших хүсэлт гаргаснаар А ХХК-д хариуцагч нийслэлийн Засаг дарга 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 6860 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 0141737 дугаар гэрчилгээг, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр газрын зориулалтыг өөрчлүүлэх, хугацаа сунгах хүсэлт гаргасныг хариуцагч нийслэлийн Засаг дарга хүлээн авч, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар 6860 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 6860 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000324133 дугаар гэрчилгээг, улмаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээг дахин байгуулж, газар эзэмших эрхийн 000013289 дугаар гэрчилгээг тус тус олгосон үйл баримтууд тогтоогдсон байна.  

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол Засаг дарга газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Нэхэмжлэгчийн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшсэн эсэхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн хугацаанаас тооцохоор байна. Учир нь, хариуцагчид тухайн үед хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газрыг хуульд заасан журмын дагуу ашигласан эсэхийг нягтлан шалгаж, зохих шийдвэрийг гаргах боломж нээлттэй байжээ. Иймээс хариуцагчийн “... нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон хугацаанаас тооцно” хэмээн маргаан бүхий актыг зөвтгөн тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

Ийнхүү нэхэмжлэгчийг газар эзэмших эрх сунгагдсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс тооцож газрыг хуульд заасан журмын дагуу ашигласан байх шаардлагын хүрээнд авч үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс  гадаад улсад зорчиж, Монгол Улсад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирсэн, цар тахлын улмаас 35 хоног тусгаарлагдсаныг нотлох гадаад паспортын хуулга, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, Улсын Онцгой комиссын шуурхай штабын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2842 дугаар албан бичиг, өвчтөний эмчилгээний тухай тодорхойлолт, эмнэлгийн төлбөрийн хуудас, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, Монголын аж үйлдвэрийн танхимын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/101 дүгээр гэрчилгээ, Монголын аж үйлдвэрийн танхим Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/101 дүгээр гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд өвчний улмаас гадаад улсад эмчлүүлсэн, мөн Covid-19 буюу корона вирусын цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсад нэвтрэх боломжгүй байсан, ажиглалтын тусгаарлах байр, гэрийн дэглэмд тусгаарлагдсан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны тодорхой хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж үзэх үндэслэлтэй байх тул “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр газраа ашиглаагүй” гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А” ХХК-ийн эзэмшлийн маргаан бүхий газарт бетон хашаа баригдсан, мөн нэхэмжлэгч нь уг газарт орон сууцны барилга барихаар “Э Т” ХХК-аар эскиз зураг үйлдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байх тул “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.  

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйлдэл, эсхүл эс үйлдэхүй газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн газар эзэмшигч ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал нэгэн зэрэг бий болсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон, түүнчлэн газар эзэмших эрхийг сунгасан шийдвэрүүд газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, бусад газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар шийдвэртээ заагаагүй, холбогдох баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул маргаан бүхий актаар дээрх хуульд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь  үндэслэлгүй, хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ