| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06870/И |
| Дугаар | 5813 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 5813
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/05813 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ... регистртэй, ... ургийн овогт ... овогтой ...ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... регистртэй, ... ургийн овогт ... овогтой ...т холбогдох,
Үндэслэлгүйгээр авсан 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б /ШТҮД-2260/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Н нь өөрөө вакум цонхны үйлдвэртэй, намайг бартерын байранд оруулж өгөх боломжтой, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгвөл болно гээд надад байр, орон сууц бүтээж өгнө, байрны 0,8 хувийн лизингэд оруулж өгнө гэж хэлэн надаас 9,600,000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Үүнээс хойш утасдаж байр юу болж байгаа, бүтэж байгаа эсэхийг асуухаар “бүтээж өгнө, асуудалгүй, хүлээж бай” гэдэг хариу өгдөг байсан. Энэ явдлаас хойш 4 сар өнгөрсөн боловч намайг байрны лизингэд оруулж өгсөн зүйл байхгүй байсан. Иймд би Б.Н-той уулзаж нийт өгсөн мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр буцаан авсан. Үлдсэн 6,600,000 төгрөгийг 7 хоногийн дотор өгнө гэсэн боловч мөн л өгөөгүй. Ингээд миний бие аргаа барж 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Н-той 6,600,000 төгрөг өгсөн авлагатай гэдгээ баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тэрээр миний мөнгийг өгөөгүй өдийг хүрч байна. Тиймээс Б.Н-роос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,600,000 төгрөгийг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Г, Б.Н нарын хооронд хийсэн хэлцэл худалдах, худалдан авах гэрээний гол агуулгыг заасан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийг бартерын байранд оруулж өгнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөсөн гэж үзэж байна. 9,600,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 6,600,000 төгрөгийг баталгаажуулах үүднээс зээлийн гэрээ хийсэн байдаг. Иймд хариуцагчаас 6,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Н-т холбогдуулан түүнд үндэслэлгүйгээр олгосон 6,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд хандан хүндэтгэх шалтгаан бүхий аливаа хүсэлт, тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 8-11, 14/
Нэхэмжлэгч Б.Г нь 0,8 хувийн зээлд хамрагдах боломжтой, бартерын орон сууц захиалуулах зорилгоор хариуцагч Б.Н-т 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 9,600,000 төгрөгийг 2 хувааж төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн гэх “Зээлийн гэрээ”-ний ард бичигдсэн Б.Н-ын гарын үсэг бүхий баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 4/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний, мөн хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Н-той Зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр 6,600,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй, харин Б.Г-оос Б.Н-т 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон 9,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулахаар байгуулсан, өөрөөр хэлбэл, өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн гэрээ байх тул энэхүү зээлийн гэрээг үндэслэн зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэгэнт зохигчдын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Б.Г 6,600,000 төгрөгийг буцаан төлөх талаар баталгаа гаргасан байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч регистртэй, Чогчин овогт Б- Н-оос 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Б-ийн Г-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА