Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 5841

 

 

 

 

      2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05841

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн.. дүгээр хороо, ...тоотод оршин суух, .регистртэй, ..Б овогт Д. Г-ийн,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, .. тоотод оршин суух, ... регистртэй, Б овогт Ц.С-д холбогдох,

 

115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ц.С нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ц.С-д 130,000 төгрөгийг төлж түрээсийн байранд суусан бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байхаар болсон. Гэтэл 3 хоноод би өөр байранд орох болж энэ тухайгаа хариуцагчид хэлж, байраа хүлээлгэж өгөөд 3 хоногийн төлбөр 15,000 төгрөгийг суутгаад үлдэх 115,000 төгрөгийг удаахгүй өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд хариуцагчаас 115,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Г 2014 оны намраас 2015 оны 11 сар хүртэл өрөө хөлслүүлэхээр тохиролцож өрөөгөө хөлслүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь надад хэлэлгүйгээр нэг өдөр байрнаасаа нүүгээд явчихсан, явахдаа хана цөм цохиж, хаалга эвдэж, цоожгүй орхисон байсан. Мөн усны тэрэг хулгайлсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 35,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80,000 төгрөгийг хариуцагч Ц.С 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Ц-т холбогдуулан 845,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 35,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80,000 төгрөгийг хариуцагч Ц.С 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Д.Г-ийн нэхэмжлэлтэй, Ц.С-д холбогдох 115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 35,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80,000 төгрөгийг хариуцагч Ц.С 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  болох 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА