Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Улсын яллагч                                 Н.Улсболд

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Шүүгдэгч                                         Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Гд холбогдох 2032000000024 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Монхоо овогт Гэрэлчимэгийн Г.

 

Г.Г 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 11-3-300 тоотод Э.Ддг молдокны төмрөөр толгойн тус газар, А.Млийг сандалаар толгойн тус газар нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэв.

Хохирогч Э.Дд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 18-ны 14 цагийн орчим манай нөхар Г.Г гаднаас согтуу орж ирээд жижиг өрөөндөө ороод хэвтсэн. Орой 18 цагийн орчим жижиг өрөөндөө Г.Г нь А.Млээс гар утсыг нэхэхэд нь А.Мл гар утсаа өгөхгүй болохоор нь Г Млийг юм хийхгүй зурагт хараад, утас ширтлээ гэж загнасан. Би тэгэхээр нь А.Млийг өмөөрөөд А.Млийн гар утас нь дата бахгүй, Wifi байхгүй байна гэж хэлэхэд Г Wifi-гаа асаачих гэж хэлээд өөрийнхөө гар утсыг шал руу шидэхээр нь би гар утсыг аваад угаалгын өрөөнд байж байхад Гантулгын гар утас нь дуугараад салсан. Жижиг өрөөнөөс Г утас аваад ир хүнтэй яриулсангүй тасаллаа гэхээр нь би жижиг өрөө рүү ороод би чиний утсыг салгаагүй, архичидтайгаа уулзах гэлээ гэж хэлээд жижиг өрөөнөөс гараад том өрөө рүү явж байхад миний араас Г гарч ирээд намайг түлхээд ширээн дээр байсан төмөр молдокны хошууг аваад миний толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгээд Г цаашаа яваад А.Млийг чи гар утасаа өгсөнгүй гэж хэлээд Млийн толгойн тус газар нь модон сандалаар нэг удаа цохисон. Би Мл рүү очиход Млийн толгойноос нь цус гараад байхаар нь би хүүхдүүдийг аваад нойлын өрөө рүү ороод хаалгаа дотроос нь цоожилсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.Мл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сраын 18-ны өдөр 14 цагийн орчим Г.Г ах согтуу орж ирээд жижиг өрөөндөө байгаад байсан. Орой Г.Г ах надаас миний гар утас нэхээд байхаар нь үгүй гэж хэлэхэд Г.Г ах утсаа өгөөч юун сүртэй юм бэ гэж намайг загнахад Дд эгч намайг өмөөрч Г.Г ахтай хэрэлдсэн. Г.Г ах жижиг өрөөнөөс гарч ирээд том өрөөнд Дд эгчийг нэг түлхээд том өрөөний ширээн дээр байсан молдокны төмрөөр Дд эгчийн толгойн тус газар нь нэг удаа цохиход нь Дд эгч уйлсан. Г.Г ах буцаж жижиг өрөө рүү орохдоо чи гар утсаа өгчихгүй яасан юм бэ гар утсаа надаас харамлаад гэж хэлээд жижиг модон сандал аваад миний толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгээд бид нар Г ахаас айгаад Дд эгч Ан, Мичид, Эрхсаран бид нар нойлын өрөөнд ороод дотроос нь цоожилсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 72 хуудас/

Насанд хүрээгүй гэрч И.Ан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Г.Г ах согтуу орж ирээд жижиг өрөөндөө байгаад байсан. Орой Г.Г ах А.Млээс гар утсыг нь гуйгаад байсан. Мл өгөхгүй гэхэд Г.Г ах утсаа өгчихөөч гэж загнахад Дд эгч Млийг өмөөрч Г.Г ахтай хэрэлдсэн. Г.Г ах жижиг өрөөнөөс гарч ирээд том өрөөнд Дд эгчийг нэг түлхээд том өрөөний ширээн дээр байсан молдокны төмрөөр Дд эгчийн толгойн тус газар нь нэг удаа цохиход нь Дд эгч уйлсан. Г.Г ах буцаж жижиг өрөө рүү орохдоо А.Млийг утсаа оролдоод юу ч хийхгүй гэж хэлэд жижиг модон сандал аваад миний толгойн тус газар нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №37 дугаартай дүгнэлт:

1. “А.Млийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 35 хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт:

1. “Э.Ддгийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 40 хуудас/

Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим манай эхнэр хоол хийж өгөхөөр нь би хоолоо идээд байж байхад 19 цагийн орчим миний гар утас дуугарахаар нь манай эхнэр Дд миний гар утсыг аваад салгаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа Ддгаас нэхээд миний гар утсыг өгөхгүй өөрийнхөө халаасанд хийхээр нь би өөрийнхөө гар утсаа авъя гэхэд Дд өчигдөр чи гарчихаад өнөөдөр бас гарах гээ юу гэж хэлээд миний гар утсыг өгөхгүй гэхээр нь Ддгаас би утсаа авъя гэж дахин хэлэхэд Дд уурлаад над руу миний гар утсыг шидээд ахиад гарч хэдэн архичинтайгаа уулзах гээ юу гэж уурлахаар нь би том өрөөний тольны хажууд байсан молдокны хошууг аваад Ддгийн толгойн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл манай эхнэр Дд чи толгой хагалчихлаа шүү дээ гэж хэлээд уйлсан. Ддгийн толгойноос цус гарсан. Би дүү Мл рүү уурлаад надад гар утсаа өгсөнгүй, би ганц фэйс рүү орох гэж байхад утсаа харамлаад өгсөнгүй гэж уурлаад хажууд нь байсан модон сандалаар Млийн толгойн тус газар нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 48 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 9, 11 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 52 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Гантулгын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 11-3-300 тоотод Э.Ддг молдокны төмрөөр толгойн тус газар, А.Млийг сандалаар толгойн тус газар нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Ддгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч А.Млийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 72 хуудас/, Насанд хүрээгүй гэрч И.Ангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №37 дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 40 хуудас/, Г.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 48 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 9, 11 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Гантулгыг хохирогч Э.Ддг молдокны төмрөөр толгойн тус газар, А.Млийг сандалаар толгойн тус газар нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Г 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 11-3-300 тоотод Э.Ддг молдокны төмрөөр толгойн тус газар, А.Млийг сандалаар толгойн тус газар нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монхоо овогт Гэрэлчимэгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Г.Гантулгын торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд гурав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон сандал 1 ширхэг, 27 см урттай молдокны төмөр хошуу 1 ширхэг зэргийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгуулж, хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD /хуурцаг/-ыг зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.