Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах 

             Улсын яллагч                                 Н.Улсболд

              Шүүгчдэгчийн өмгөөлөгч                А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         П.МА нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.МАт холбогдох 1932001580041 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1962 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаа ял шийтгэл эдэлж байсан, 1. Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1977  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №147 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-ангид зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2. Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №87 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн В-ангид зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хас овогт Пунцагбанзарын МА РД:/*/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

П.МА нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ахуй үйлчилгээний 12 тоотод оршин суух иргэн М.Абын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.МА мэдүүлэхдээ: “...би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралд дахин мэдүүлэг өгөхгүй, Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...  гэв.

Хохирогч М.Аб мөрдөн байцаалтанд хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "...Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрт хулгай орсон талаар мэдээгүй. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хорьлоогийн ам гэх газраас мод бэлтгэж байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уулнаас ирээд манай гэрт хулгай орсон талаар мэдсэн... Манай гэрээс 49 инчийн Нisense загварын зурагт, ногоон өнгийн хуучин хэрэглэж байсан будаа агшаагч, хэрэглэж байсан цэнхэр өнгийн халуун сав, сүх, усны цэнхэр сав, байрны ордер зэрэг эд зүйл алга болсон байна... Hisense загварын 49 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ногоон өнгөтэй будаа агшаагч 1 ширхэг, цэнхэр өнгөтэй халуун сав 1 ширхэг, gospel гэсэн бичиглэлтэй саарал өнгийн зурагтын хүлээн авагч 1 ширхэгийг хүлээн авлаа. Миний алдагдсан зүйлийг олж өгсөнд баярлалаа бусад олдоогүй зүйл болох сүх, 50 литрийн усны сав, байрны ордер зэргийг үнэлэх шаардлагагүй би байрны ордероо өөрөө хөөцөлдөөд гаргуулахаар болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Б.Ож мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:"...Намайг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ унтаж байхад манай хашаанд амьдарч байсан Д.Оч надруу утсаар залгаад гэрийн чинь хаалганы түгжээ эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө ахруу утасдаад манай хашаанд хулгай орсон юм шиг байна хаалга үүдийг эвдчихсэн байна гэнээ гэж хэлээд хашааруугаа очиход хаалганы цоож эвдэрчихсэн юмаар хөшчихсөн хаалга нь хаалттай байсан. Манай гэрээс хүрэн тавиур дээр байсан зурагт, ширээн дээр байсан саарал өнгийн зурагтны төхөөрөмж хоёр алдагдсан байсан. Өөр юу юу алга болсон талаар сайн мэдэхгүй байна...." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/

   Гэрч Д.Оч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.Ожын хашааг нь харах гээд очиход хаалганы цоож нь эвдэрсэн, цүү нь зүүн тийшээгээ харчихсан байхаар нь Д.Ожруу утсаар яриад танай хашааны хаалга чинь онгорхой амбаарын чинь цоож эвдэрчихсэн байна дотор нь хүн байгаа юм уу гэж утсаар хэлсэн юм. Би Ожын хашаанд гэр барьж амьдардаг байж байгаад 2019 оны 05 дугаар сарын сүүлээр хашаанаас нь нүүсэн юм..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

              2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Швепзе загварын 49 инчийн телевизорыг 350.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 35-р хуудас/         П.МА нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэрийн ойролцоо байдаг байшингийн хаалгыг эвдэлж дотроос нь зурагт, цайны халуун сав, зурагтны антен, будаа агшаагч зэрэг зүйлсийг хулгайлсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч П.МАын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /54 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 57-68 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.МА нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ахуй үйлчилгээний 12 тоотод оршин суух иргэн М.Абын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Абын хохирогчоор болон гэрчээр өгсөн "... Манай гэрээс 49 инчийн Нisense загварын зурагт, ногоон өнгийн хуучин хэрэглэж байсан будаа агшаагч, хэрэглэж байсан цэнхэр өнгийн халуун сав, сүх, усны цэнхэр сав, байрны ордер зэрэг эд зүйл алга болсон байна... Hisense загварын 49 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ногоон өнгөтэй будаа агшаагч 1 ширхэг, цэнхэр өнгөтэй халуун сав 1 ширхэг, gospel гэсэн бичиглэлтэй саарал өнгийн зурагтын хүлээн авагч 1 ширхэгийг хүлээн авлаа. Миний алдагдсан зүйлийг олж өгсөнд баярлалаа бусад олдоогүй зүйл болох сүх, 50 литрийн усны сав, байрны ордер зэргийг үнэлэх шаардлагагүй би байрны ордероо өөрөө хөөцөлдөөд гаргуулахаар болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, Гэрч Б.Ожын "...Намайг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ унтаж байхад манай хашаанд амьдарч байсан Д.Оч надруу утсаар залгаад гэрийн чинь хаалганы түгжээ эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө ахруу утасдаад манай хашаанд хулгай орсон юм шиг байна хаалга үүдийг эвдчихсэн байна гэнээ гэж хэлээд хашааруугаа очиход хаалганы цоож эвдэрчихсэн юмаар хөшчихсөн хаалга нь хаалттай байсан. Манай гэрээс хүрэн тавиур дээр байсан зурагт, ширээн дээр байсан саарал өнгийн зурагтны төхөөрөмж хоёр алдагдсан байсан. Өөр юу юу алга болсон талаар сайн мэдэхгүй байна...." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/, Гэрч Д.Очийн "...Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.Ожын хашааг нь харах гээд очиход хаалганы цоож нь эвдэрсэн, цүү нь зүүн тийшээгээ харчихсан байхаар нь Д.Ожруу утсаар яриад танай хашааны хаалга чинь онгорхой амбаарын чинь цоож эвдэрчихсэн байна дотор нь хүн байгаа юм уу гэж утсаар хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Швепзе загварын 49 инчийн телевизорыг 350.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 35-р хуудас/, П.МА мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэрийн ойролцоо байдаг байшингийн хаалгыг эвдэлж дотроос нь зурагт, цайны халуун сав, зурагтны антен, будаа агшаагч зэрэг зүйлсийг хулгайлсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос П.МАыг  2019 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ахуй үйлчилгээний 12 тоотод оршин суух иргэн М.Абын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.МАын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.МАт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.МАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  П.МАыг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.МАт  оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт П.МА нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт П.МАын 2020 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.МАт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, П.МАын эдлэх ялыг нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.МАт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.