Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Нд холбогдох 2032000000036 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, Төмөр замын дээд сургуулийн замын техникчийн 3 дугаар курсын оюутан, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Тбын Н РД:/*/

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Т.Н нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн 59 тоотод С.Өхтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

         Хохирогч С.Өх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Улиастайн гудамжинд манай хажууд байдаг Бсийн гэрт очсон. Тэднийд очоод хашаа руу нь орох гэтэл хашаанаас Н гэх залуу гарч ирэхээр нь би аав нь байгаа эсэхийг асуухад надтай дуугарахгүй чигээрээ яваад өгсөн. Тэгэхээр нь би Бсь ахтай хашаанд нь юм яриад зогсож байхад удалгүй Н гаднаас хашаа руу үхэр туугаад орж ирсэн. Энэ үед Бсь ах цаашаа эргээд явсан. Н хашаанд орж ирсэнээ намайг юу гээд хүн доромжлоод байгаа юм гэхээр нь би аавыг чинь л асуусан шдээ. Чиний эцэг чинь Тб юм байгаа биздээ гэхэд битгий хүн доромжлоод байгаарай гээд миний нүүр лүү цохиход би байшингийн довжоо дамналдаад унасан. Намайг босох гэтэл тэр залуу миний цээж руу өшиглөсөн. Энэ үед цаанаас Бсь ирээд боль гээд нөгөө залууг салгасан. Ийм л зүйл болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/

         Гэрч Г.Бсийн "Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Өх манай хашааны гадаа машинаас буусан гэсэн. Тэр үед Н үхэрт явж байхдаа Өхтэй тааралдаад мэндэлсэн чинь аав чинь байна уу гэж асуугаад доромжилсон байсан. Тэгээд Өх манай хашаанд орж ирээд надтай үхэр мал яриад байж байсан чинь удалгүй Н үхрээ оруулаад ирж байсан. Тэгээд Н орж ирээд надад түрүүнд хашааны гадна Өх ах тааралдаад аав чинь байна уу гэж асуугаад байсан. Тэгэхлээр нь би Өхд чи битгий илүү дутуу юм ярьж яв амаа татаж яв гэж хэлчихээд гахайны байр луу явсан хойгуур Н, Өх хоёр үлдсэн. Намайг үхэрт өвс өгчихөөд ирж байсан чинь Н Өхг газарт унагаачихсан шанаанд нь цохиж байсан. Тэгээд би хараад боль гэж хэлсэн. Тэгээд Өх хашаанаас гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт: …

1. С.Өхгийн биед зүүн 11-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

         5. Асуултанд хязгаарлагдахгүйгээр өөр илэрсэн өөрчлөлт үгүй болно" гэх №42 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,

Т.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Өх ах намайг анх харсан юм шиг сайн уу дүү гэж мэндлэхээр нь би юу яриад байгаа юм бэ би таньтай хашааны гадаа мэндлээ биз дээ гэж хэлэхэд Өх ах хараал үг хэлэх шиг болохоор нь би Бсь ахад энэ Өх ах чинь сонин сонин үг хэлээд байна шүү дээ гэж хэлэхэд Бсь ах Өх одоо харь харь гэж хэлээд Бсь ах үхрээ тэжээх гэж явсан. Тэгсэн Өх ах намайг хараагаад намайг цохих гэж зүүн гараараа далайхаар нь би баруун гараараа Өх ахын зүүн шанаа тус газар нь нэг удаа цохиход Өх газар унахаар нь би дахиж Өх ахын зүүн шанаа тус газар нь дахиж цохиход Бсь ах цаанаас одоо боль гэж хэлэхээр нь би Бсь ах руу яваад очсон. Өх ах газраас босоод хашааны хаалгаар гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/.

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Нгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-25 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн 59 тоотод С.Өхтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

          Хохирогч С.Өх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Улиастайн гудамжинд манай хажууд байдаг Бсийн гэрт очсон. ...Н хашаанд орж ирсэнээ намайг юу гээд хүн доромжлоод байгаа юм гэхээр нь би аавыг чинь л асуусан шдээ. Чиний эцэг чинь Тб юм байгаа биздээ гэхэд битгий хүн доромжлоод байгаарай гээд миний нүүр лүү цохиход би байшингийн довжоо дамналдаад унасан. Намайг босох гэтэл тэр залуу миний цээж руу өшиглөсөн. Энэ үед цаанаас Бсь ирээд боль гээд нөгөө залууг салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/, гэрч Г.Бсийн ...Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Өх манай хашааны гадаа машинаас буусан... Тэгэхлээр нь би Өхд чи битгий илүү дутуу юм ярьж яв амаа татаж яв гэж хэлчихээд гахайны байр луу явсан хойгуур Н, Өх хоёр үлдсэн. Намайг үхэрт өвс өгчихөөд ирж байсан чинь Н Өхг газарт унагаачихсан шанаанд нь цохиж байсан. Тэгээд би хараад боль гэж хэлсэн. Тэгээд Өх хашаанаас гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дугаар хуудас/, Т.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Нг хохирогч С.Өхгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Нг нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн 59 тоотод С.Өхтэй маргалдан улмаар түүнийг зодож, С.Өхгийн биед зүүн 11-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Н нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овогт Тбын Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Т.Нгийн торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг Улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.