| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00050/Э |
| Дугаар | 00049 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Тэд холбогдох 2032000000051 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суух хаягтай. Ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Найман овогт Баттөмөрийн Т РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, * тоот өөрийн гэртээ иргэн Э.Гбын эрх чөлөөнд халдаж, түүний хэвлий тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: ... Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн шатанд дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Э.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Тийн гэрт Мж бид 2 очоод тэнд Т, Тийн эхнэр Гт нартай 4-лээ 1 шил 0.75 литрийн архи уусан. Мөн бид 4 Таксинд суугаад хөрөө рам орж Даваасүрэн ахаас Мж бид 2 модонд явсан хөлс болох 100.000 төгрөгийг аваад буцаад замдаа дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хараа архи, хоол хүнсний зүйл цуглуулаад буцаад Тийн гэрлүү явсан. Тийн гэрт очоод хоол хийж идэнгээ бид 4 авсан 2 шил архиа хувааж уусан. Архи ууж дуусах үед бид нар нилээн согтоцгоосон. Тэгээд Мж, Гт нар согтоод гэрийн 2 талд орон дээр унтаад өгсөн. Тэгсэн чинь гэнэт Т "одоо та 2 яв, чи найзыгаа аваад яв, авчирсан хоол хүнсээ аваад яв" гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь Тийг гарч ярилцъя гээд гэрээс авч гарсан. Бид 2 хашааны хаалганы хажууд очоод бага зэрэг маргалдсан. Тэгсэн чинь Т өмднийхөө баруун талын арын халааснаас хутга гаргаж ирэхээр нь би ухарсан чинь шууд намайг хатгасан. Энэ үед гэрээс Мж гарч ирэхэд Т зөрөөд зугтаагаад хашаа даваад явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч М.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2020 оны 04 дүгээр сарын 03-ний өглөө 10 цагийн үед манай гэрт Гб, Мж нар ирсэн. Мж дэлгүүрээс 1 шил "Хараа" архи авчирсаныг манай нөхөр Т, Гб, Мж бид нар хувааж уусан. ...Дараа нь "Мөнгөн мод" дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн "Хараа" архи, хоол хүнсний зүйл аваад гэрт ирээд бид 4 хувааж уусан. Эхний нэг шил архийг би хуваалцаж уусан. Тэгээд 2 дахь шил архийг талд нь орж байхад би согтоод унтаад өгсөн. Тэгээд гадаа хүн орилоод байхаар нь сэрээд гэрээс гартал хашааны ойролцоо цэцэг тарьдаг дугуйны хажууд Мж "Тээ ална аа" гээд орилж байсан. Тухайн үед Т байгаагүй. Намайг Тийг хаачсан талаар асуухад Мж танай нөхөр Гбыг зодчихоод хашаа даваад зугтчихлаа гэж хэлсэн. Гб миний энд сонин болоод байна гээд хэвлийн зүүн талаа дараад байсан. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөөд үзтэл хутгалсан шарх үүссэн, шархнаас нь цус гарч байхаар нь гэрээс орны даавуу урж шархыг нь боогоод эмнэлэг явъя гэхэд зүгээр гээд явахгүй байсан. Тэгсээр байгаад 19 цаг өнгөрч байхад би эмнэлэг цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Б.Мж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Намайг нэг сэргэхэд Гб, Т хоёр гэрт хэрэлдэж байгаад гадагшаа гарсан. Намайг араас нь удалгүй гарахад тэр хоёр хашаан дотор явган хүний хаалганы ойролцоо маргалдаад зогсож байхаар нь би очиж салгасан чинь Т ах Гбаас салаад шууд цаашаа хамар хашаа даваад явсан. Тухайн үед Т ахын гарт хутга харагдаж байсан. Намайг харахад Гбын зүүн хавирганы доор хатгагдсан шархтай, шархнаас цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.ГДий 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт: …
1. Э.Гбын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх №63 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,
Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Мж, Гб 2 манай гэрт ирсэн. Тэгээд манайд хоол унд идээд дууссаны дараа би Мжийг дэлгүүрлүү архинд явуулсан. Мж дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авчирсныг манай эхнэр Гт, Гб, Мж бид нар хувааж уусан. ...Эхний шил архиа уугаад дараагийн шил архиа ууж дуусах үед Мж согтоод гэрийн зүүн орон дээр унтсан. Энэ үед манай эхнэр бас согтоод Гб, Мж 2-ыг одоо та нар явцгаа гэж хөөж байгаад гэрийн нөгөө орон дээр унтаад өгсөн. Тэгээд Гб бид 2 үлдсэний дараа би Гбыг гадуур куртикээ өмсөхөөр нь чи явах гэж байгаа бол наад авчирсан хоол хүнсний зүйлээ аваад яваарай гэж хэлсэнээс болж бид 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Гб 2-лаа гарч ярилцая гээд гэрээс түрүүлээд гарахаар нь миний шар хөдлөөд хөргөчин дээр байсан хар иштэй хоолны хутгыг аваад араас нь гарсан. ...Тэгээд бид 2 хэсэг маргалдсан чинь намайг хөгшин баньд гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь миний шар хөдлөөд өмдний арын халаасанд хутгыг гаргаж ирээд Гбын хэвлийн зүүн талд 1 удаа хутгалсан. Энэ үед гэрээс Мж гарч ирээд ална аа чамайг гэхээр нь би 2 хүнээс айгаад хойд талын эзэнгүй хашаа даваад зугтсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/.
Шинжээчийн дүгнэлт:...........................................
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 60 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Тийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /44 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын 76 тоот өөрийн гэртээ иргэн Э.Гбын эрх чөлөөнд халдаж, түүний хэвлий тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Гбын "...Тэгсэн чинь гэнэт Т "одоо та 2 яв, чи найзыгаа аваад яв, авчирсан хоол хүнсээ аваад яв" гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь Тийг гарч ярилцъя гээд гэрээс авч гарсан. Бид 2 хашааны хаалганы хажууд очоод бага зэрэг маргалдсан. Тэгсэн чинь Т өмднийхөө баруун талын арын халааснаас хутга гаргаж ирэхээр нь би ухарсан чинь шууд намайг хатгасан. Энэ үед гэрээс Мж гарч ирэхэд Т зөрөөд зугтаагаад хашаа даваад явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч М.Гтгийн "...Тэгээд 2 дахь шил архийг талд нь орж байхад би согтоод унтаад өгсөн. Тэгээд гадаа хүн орилоод байхаар нь сэрээд гэрээс гартал хашааны ойролцоо цэцэг тарьдаг дугуйны хажууд Мж "Тээ ална аа" гээд орилж байсан. Тухайн үед Т байгаагүй. Намайг Тийг хаачсан талаар асуухад Мж танай нөхөр Гбыг зодчихоод хашаа даваад зугтчихлаа гэж хэлсэн. Гб миний энд сонин болоод байна гээд хэвлийн зүүн талаа дараад байсан. Тэгэхээр нь би цамцыг нь сөхөөд үзтэл хутгалсан шарх үүссэн, шархнаас нь цус гарч байхаар нь гэрээс орны даавуу урж шархыг нь боогоод эмнэлэг явъя гэхэд зүгээр гээд явахгүй байсан. Тэгсээр байгаад 19 цаг өнгөрч байхад би эмнэлэг цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Б.Мжийн "...Намайг нэг сэргэхэд Гб, Т хоёр гэрт хэрэлдэж байгаад гадагшаа гарсан. Намайг араас нь удалгүй гарахад тэр хоёр хашаан дотор явган хүний хаалганы ойролцоо маргалдаад зогсож байхаар нь би очиж салгасан чинь Т ах Гбаас салаад шууд цаашаа хамар хашаа даваад явсан. Тухайн үед Т ахын гарт хутга харагдаж байсан. Намайг харахад Гбын зүүн хавирганы доор хатгагдсан шархтай, шархнаас цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.ГДий 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт / ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, Б.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Тийг хохирогч Э.Гбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Тийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын 76 тоот өөрийн гэртээ иргэн Э.Гбын эрх чөлөөнд халдаж, түүний хэвлий тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна. Мөн шүүгдэгч Б.Тийн үйлдсэн хэрэгт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Найман овогт Баттөмөрийн Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Тийн торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болох хар өнгийн иштэй 1 ширхэг хутгийг устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.