| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00046/Э |
| Дугаар | 00045 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Дд холбогдох 2032000000049 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/*/ Олхонууд ургийн овогт Цэвэгжавын Д.
Холбогдсон хэргийн талаар ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Ц.Д нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Төмөр замын вокзалын урд талын таксины зогсоол дээр Л.Эбтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Л.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:…Би эхнэр Бмртай гэр бүл болж амьдрал зохиогоод 32 жил болж 3 хүүхдийн эцэг эх болоод ач зээгээ үзээд сууж байна. Гэтэл манай эхнэр Бм нь Д гэх хүнтэй сүүлийн 2 жил дотно харьцаатай болоод явалдаж байсныг би хүмүүсээс урд өмнө сонсож байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн суудлаар манай эхнэр Улаанбаатар хотруу явах байсан бөгөөд гэртээ ирэхгүй утасдаад утсаа авахгүй байсан. Тэгэж байгаад 1 цагийн орчим манай эхнэр гэртээ орж ирээд явахаар хувцас хунараа янзлахаар нь надаар вокзал хүргүүлэх байх гэж бодоод босоод хувцасаа өмстөл манай эхнэр миний бэлдсэн байсан тортой ногоо, цүнхтэй хувцасаа аваад гараад явсан. Намайг араас нь гартал манай эхнэр хойд айлын тэндээс нэг жижиг суудлын машинд суугаад яваад өгсөн.Тэгэхээр нь би машинаа асаагаад араас нь шууд вокзал явсан. Вокзалын нүхэн гарцны урд таксиний зогсоол дээр очоод машинаа тавиад вокзал орсон. Тэгэхэд суудал ирчихсэн Д манай эхнэрийг суудалд суулгах гээд цүнхтэй зүйлийг нь барьчихсан явж байсан. Тэгээд би буцаад машин дээрээ очоод Дг гарч ирэхээр нь уулзая гээд хүлээж суусан. Удалгүй Д нүхэн гарцаар гарч ирэхээр нь тухайн үед би сонсголын аппаратаа гэртээ орхисон байсан тул машинд нь сууж бичгээр харилцая гээд бал, цаасаа аваад Дг машиндаа суух гэхээр нь машины урдуур нь гарч нөгөө талын хаалгаар нь суух гэтэл Д шууд надруу ирээд намайг заамдаж аваад миний нүүрлүү хэд хэд цохьсон.Тухайн үед би биеэ хамгаалах гээд зөрүүлээд Дг 2 удаа цохьсон. Тэгээд салаад ерөөсөө цагдаад хэлье гээд машиндаа суухад Д машиндаа суугаад түрүүлээд хөдлөөд явахаар нь би араас нь явж древений гудамжаар 2-3 гудамж хөөцөлдөөд алдсан.
...Эхлээд миний нүүрэн тус газар 2 удаа цохиод дараа нь толгойн хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед уг асуудал хэдхэн секунд буюу 10 орчим секундын хооронд болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
Хүний их эмч Б.Энхтөрийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 15 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “1.Л.Эбын биед хамрын зүүн дээд хэсэгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэд тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй болно” гэх №51 дугаартай дүгнэлт/хх-ийн 16-17 хуудас/,
Яллагдагч Ц.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ...Би машин дээрээ ирээд цүнхтэй зүйлээ машинд хийхэд цаанаас буудлын үүдэнд зогсож байсан мицубиши динго маркийн 71-84 УБП дугаартай саарал өнгийн суудлын машинаас Эб бууж ирээд миний машины нөгөө талын урд хаалгаар суух гээд ирэхээр нь би тойрч очоод яах гээд байгаа юм гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд намайг толгой руу хэд хэд цохиход нь би зөрүүлээд Эбын нүүр лүү мөн 2 удаа цохисон. ...Нүүрэн тус газар нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Дгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-36 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Төмөр замын вокзалын урд талын таксины зогсоол дээр Л.Эбтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Эбын мөрдөн байцаалтанд өгсөн...Тэгээд би буцаад машин дээрээ очоод Дг гарч ирэхээр нь уулзая гээд хүлээж суусан. Удалгүй Д нүхэн гарцаар гарч ирэхээр нь тухайн үед би сонсголын аппаратаа гэртээ орхисон байсан тул машинд нь сууж бичгээр харилцая гээд бал, цаасаа аваад Дг машиндаа суух гэхээр нь машины урдуур нь гарч нөгөө талын хаалгаар нь суух гэтэл Д шууд надруу ирээд намайг заамдаж аваад миний нүүрлүү хэд хэд цохьсон.Тухайн үед би биеэ хамгаалах гээд зөрүүлээд Дг 2 удаа цохьсон. Тэгээд салаад ерөөсөө цагдаад хэлье гээд машиндаа суухад Д машиндаа суугаад түрүүлээд хөдлөөд явахаар нь би араас нь явж древений гудамжаар 2-3 гудамж хөөцөлдөөд алдсан, ...Эхлээд миний нүүрэн тус газар 2 удаа цохиод дараа нь толгойн хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед уг асуудал хэдхэн секунд буюу 10 орчим секундын хооронд болсон гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн №51 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Ц.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Дг хохирогч Л.Эбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Төмөр замын вокзалын урд талын таксины зогсоол дээр Л.Эбтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, Л.Эбын биед хамрын зүүн дээд хэсэгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхнууд ургийн овогт Цэвэгжавын Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Дгийн торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг Улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.