Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 00156

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох 1932000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Шарын гол суманд 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 215 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Туяагийн Г. /РД: */

 

           Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *тоотод байрлах И.Сбын гэрт түүнийг эхнэртэйгээ хардсаны улмаас цээжин тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гийн өгсөн…. ... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Мз болон эхнэр Эб нарын хамт гэртээ байж байсан чинь гаднаас Нг орж ирсэн. Тэгээд тэр гурав гарч яваад 0.75 граммын архи барьчихсан орж ирэхээр нь дөрвүүлээ хувааж уусан. Архи ууж байхдаа Нг нь би танд нэг юм хэлчих үү гэж эхнэр лүү хандаж хэлсэн. Манай эхнэр юу юм бэ хэлээч гэсэн чинь би таныг Сбтай Сбтай унтсан гэдгийг хэлчих үү гэсэн. Чи юу яриад байгаа юм бэ чи нүдээрээ харсан юм уу гэж эхнэр хэлсэн. Тэгсэн чинь Нг Сб өөрөө надад тэгж хэлсэн гээд над руу харж танай авгай чинь Сбтай унтсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм уу гэхэд үнэн үнэн гэсэн. Тэгээд манай эхнэр Нг хоёр хоорондоо маргалдаад Мз Нг хоёр манайхаас гарсан. Би араас нь дагаж гараад тэр хоёроос та хоёр хаачих гэж байгаа юм гэж асуухад Сбынд очлоо гэсэн. Тэгэхээр нь би хамт явъя ер нь юу болоод байгааг асууя гээд хамт явсан. Сбын гэрт очиход Сб өөрөө хаалга тайлж өгсөн. Сбынд ороход нэг шил 0.75 грамм архи уугаад байж байснаас нь бид хэд хувааж уусан. Нг Сбад хандаж би Гэд хэлсэн шүү гэж хэлсэн. Сб юу хэлсэн юм гэсэн чинь чамайг эхнэртэй нь унтсан гэж хэлсэн гэсэн. Тэгсэн чинь Сб Нгд уурласан. Тэгэхээр нь би Сбаас үнэн юм уу гэж асуусан чинь Сб үнэн үнэн хөгшөөн уучлаарай гэсэн. Би тэгэхээр нь чи арай ч дээ гэсэн. Тэгтэл Мзын гар утас дуугараад Нг тэр хоёр гарч яваад Сб бид хоёр үлдээд үлдэгдэл архиа уусан. Сб надад хандаж чи намайг яавал яагаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг хутгалнаа гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгэхээр нь би шүүгээнээс нь хутга аваад очиход Сб хэвтэж байхаар нь хутгатай гараа цээжин дээр нь барьчихаад хутгаллаа шүү гэхэд тэг тэг гэхээр нь гараа хөдөлгөтөл гар нил цус болсон. Тэгэхээр нь хутгаа газар шидчихээд цусыг нь тогтоох гэж хаасан. Алчуур авчраад цээжин дээр нь дарсан. Сб ээжийгээ дуудна гэхээр нь би одоо яах уу гэтэл Сб чи яв яв гэхээр нь за би явлаа гээд гараад явсан. Маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч И.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би их муудчихсан байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Нг гэж миний таньдаг эмэгтэй манай гэрт ирчихсэн бид хоёр архи ууж байсан. Тэгээд согтоод юу болсныг санахгүй байгаа. Нэг сэртэл хаалга тогшиж байсан. Би гэртээ ганцаараа байж байсан. Хаалга онгойлготол Т.Г орж ирээд чи манай эхнэртэй унтаж хэвтдэг гээд юм яриад байх шиг байсан. Би юу гэж тэгэх юм бэ гэж хэлээд орон дээрээ хэвтэж байснаа санаж байна. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Г хөлний хажууд сууж байснаа манай төмс арилгадаг хутгыг хаанаас авсныг хараагүй барьчихсан би чамайг яах уу гэж байснаа цээжин дээр хатгачихсан. Тэгтэл миний цээжнээс цус гарсан. Г нэг мэдсэн гараад явчихсан. Тэгээд би ээж рүүгээ утсаар хэлсэн. Би яү хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би их согтуу байсан..... Миний бие одоо зүгээр өвдөж шаналгаж байгаа зүйл байхгүй. Би одоо ажлаа хэвийн хийж байгаа. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 183 ...... Дүгнэлт:

1.И.Сбын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдсон

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 26-27 дугаар хуудас/

Т.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 37 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 38 дугаар хуудас/

  Хохирогч И.Сбын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргасан шүүх хуралдаанд оролцохгүй, Т.Гэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт зэрэг болно.

         

             Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 502 дугаар байрны № 14 тоотод байрлах И.Сбын гэрт түүнийг эхнэртэйгээ хардсаны улмаас цээжин тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.Гийн хохирогч И.Сбын цээжин тус газарт нэг удаа хутгалсан үйлдэл нь  эхнэртэйгээ хардсанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч И.Сб нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн бариултай, ажлын хэсэг нь 19.3 см, бариулын урт нь 13.2 см, нийт 32.5 см урттай хутга 1 ширхэг, хар цагаан өнгийн бариултай ажлын хэсэг нь 11.8 см, бариулын урт 11.2 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгөтэй алчуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Туяагийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн бариултай, ажлын хэсэг нь 19.3 см, бариулын урт нь 13.2 см, нийт 32.5 см урттай хутга 1 ширхэг, хар цагаан өнгийн бариултай ажлын хэсэг нь 11.8 см, бариулын урт 11.2 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгөтэй алчуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Гэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН