Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0420/З |
Дугаар | 221/МА2021/0540 |
Огноо | 2021-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2021/0540
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“Г О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Г О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар: Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г О” ХХК-ийн гаргасан “...”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар-“А а т” ХХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар-“Ау” ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3 дахь заалтаар: Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч талаас шүүхэд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-“А а т” ХХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-“Ау” ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Гэтэл шүүхээс “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэр болон “А а т” ХХК, “Ау” ХХК нартай байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулсан нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй, уг захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ нь төрөөс ямар нэгэн нөхөн олговор дэмжлэг туслалцаа байдаггүй, тендер сонгон шалгаруулалт хийдэггүй “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулдаг нийгмийн суурь захиалгат үйлчилгээ юм.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргахдаа Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 3.1.1, 3.2.2, 3.3.4, 4.1.1, 4.1.2, 4.1.2.5, 4.1.2.6, 4.1.2.7 гэх мэт заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг.
Гэтэл шүүхээс дээрх дүрмийн заалтуудыг зөрчөөгүй хууль ёсны шийдвэр гаргасан гэж дүгнэсэн учир дутагдалтай байна, тус дүрэмд заасан тооцоо судалгааг хийлгүйгээр цагийн давтамж нэмэгдүүлж, шинээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулсан юм.
“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас удаа дараа Зам тээврийн хөгжлийн сайдтай уулзах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот, Улаанбаатар хот-Увс аймаг-Улаанбаатар хот, Улаанбаатар хот-Ховд аймаг-Улаанбаатар хот чиглэлийн цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой Зам, тээврийн хөгжлийн яам, Сайд, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Тээвэрчдийн төлөөлөл зэрэг 24 хүний бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Э-аас
Энэ хурлаар шинээр цагийн давтамж нэмэгдүүлэх асуудлыг Авто тээврийн үндэсний төвийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэ гэж үүрэг даалгавар өгөөгүй харин ажлын хэсэг байгуулж, холбогдох тооцоо судалгааг гаргаж, сайдын зөвлөлийн хуралд танилцуулах талаар үүрэг даалгавар өгсөн байдаг.
Гэтэл ажлын хэсэг байгуулагдаж амжаагүй байхад Авто тээврийн үндэсний төв нь цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаас цагийн давтамж нэмэгдүүлэхгүй байх, шинээр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгосон бичгийг хариуцагчид хүргүүлсэн байхад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг гаргаж, бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн байдаг.
Хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний 1.5 дахь заалтыг шүүхээс хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд ашигтай байдлаар тайлбарласан байдаг. 1.5-д заасан чиглэл, давтамжийг гэдгийг дүрэмд маш тодорхой тайлбарласан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн ... тухайн чиглэлд 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэг компанид давуу байдал үүсгэх нь “Өрсөлдөөний тухай хууль”-д нийцэхгүй ... гэж дүгнэсэн байна.
“Өрсөлдөөний тухай хууль”-ийн ямар заалтыг яаж зөрчиж байгаа талаар тодорхой дүгнэлт өгөөгүй, хүн тээврийн үйлчилгээ нь ямар ч өрсөлдөөн байхгүй, нийгмийн захиалгат үйлчилгээ юм.
Иймд ... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаж буй гол үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй захиргааны актуудыг хүчингүй болгох талаар дүгнэлт хийсэн, хүчингүй болж үр дагаваргүй болсон захиргааны актыг хүчингүй болгосон зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, эдгээр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч “Г О” ХХК-аас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэр, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “А а т” ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Ау” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар “авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/6041 дүгээр албан бичгээр авто тээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг шинэчлэн батлах хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэхгүй, шинээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийг нэмэгдүүлэхгүй байх үүрэг болгож байсан, ... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой Зам тээвэр хөгжлийн яам, Сайд, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, тээвэрчдийн төлөөлөл зэрэг 24 хүний бүрэлдэхүүнтэй уулзалт, хурлаар цагийн давтамж нэмэгдүүлэх асуудалд нөхөн олговор олгох боломжтой эсэхэд дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон, ажлын хэсэг байгуулагдаж амжаагүй байхад Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд цагийн давтамж нэмэгдүүлж гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулсан нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн хавсралтын 3.1, 3.2.2, 3.3.4, 3.3.5, 4.1.1, 4.1.12, 4.1.2.5-4.1.2.8 дахь заалтуудыг, мөн Авто тээврийн үндэсний төв болон манай компанийн хооронд байгуулсан гэрээний 1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн ...” гэж маргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг 2016 оны 76 дугаар тушаалын дагуу гэрээгээр зохион байгуулдаг ... “Ау”, “А а т” ХХК-уудтай гэрээ байгуулсан нь өрсөлдөөнийг бий болгож, улмаар иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих эрх, сонголт хийх боломжийг олгож байгаа юм ... энэ асуудлыг Авто тээврийн үндэсний төв өөрсдөө шийд гэж хуралдаанд сайд хэлсэн ... мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байхад эсэргүүцэж байгаа нь буруу ... “Г О” ХХК Даваа, Лхагва, Баасан гарагт тээвэрлэлт хийдэг байсан ч тухайн цагуудад хүн дүүрч нэмэлт машин гаргадаг байснаас үүдэн сонголт бий болгох, өрсөлдөөнийг бий болгох зорилгоор цагийн давтамж нэмсэн ... А/24 дүгээр тушаал 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан ч 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүрэн хэвлэгдэж, хүчин төгөлдөр болсон тул тус тушаалыг баримтлах боломжгүй ...” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, тэдгээр үндэслэлүүдэд хамаарах шаардлагатай баримтыг хэрэгт цуглуулаагүй, зарим асуудлаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар баримт нотолгоонд үндэслэж байгаа талаар тайлбар, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг тодруулж, хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа тэдгээрт нийцсэн эсэх, уг шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна. Тухайлбал, уг маргаан бүхий үйл баримтын тухайд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд эрх бүхий этгээдээс баталсан хэзээний ямар дүрмийг баримтлах талаар шүүх тодруулж, дүгнэлт хийх нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс Зам тээврийн хөгжлийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийг баримтлах ёстой гэж, харин хариуцагчаас “... А/24 дүгээр тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм хүчин төгөлдөр болсон хугацаа нь 2020 оны 09 дүгээр сар учир баримтлах боломжгүй” хэмээн маргаж байх тул энэхүү маргаанд ямар байгууллага, албан тушаалтны, хэзээ баталсан дүрэм, журмыг баримтлах талаар, хэргийн оролцогчдын энэ талаарх маргаж буй үндэслэл дэмжигдэж байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ болон “А а т” ХХК, “Ау” ХХК-тай тус тус 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад байхгүй 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагч цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь Авто тээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн “зорчигч тээврийн үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, ... эрэлт хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй, ... зорчигч тээврийн тухайн чиглэлд ... 0,90 ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй ... гэх зэрэг зохицуулалтыг зөрчиж цагийн давтамжийг нэмсэн, ... гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулсан ...” гэж маргаж буй үндэслэлтэй холбогдуулан уг харилцаанд мөрдөх хууль, эрх зүйн зохицуулалт, тухайлбал хэзээ баталсан дүрмийг мөрдөгдөх талаар дүгнэлт хийхээс гадна эдгээр хариуцагч ямар судалгаа тооцоололд үндэслэн цагийн давтамжийг нэмсэн болохыг, хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт нь хууль, журамд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
Анхан шатны шүүх “... хариуцагч захиргааны байгууллага холбогдох тооцоо, судалгааг гаргасны үндсэн дээр уг шийдвэр гаргасан нь дүрмийн ... гэж заасныг тус тус зөрчөөгүй” гэх дүгнэлтийг хийсэн байх боловч хэрэгт авагдсан ямар баримт нотолгоонд үндэслэн уг дүгнэлтийг хийж байгаа нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүх “Г О” ХХК нь тухайн чиглэлд дангаараа 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэг компанид давуу байдал үүсгэх нь Өрсөлдөөний тухай хуульд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч компанид давуу байдал үүсгэсэн талаар эргэлзээгүйгээр тогтоосон эрх бүхий байгууллага албан тушаалтны хүчин төгөлдөр дүгнэлт, шийдвэр гарсан эсэх талаар дүгнээгүй байхаас гадна Өрсөлдөөний тухай хуулийн ямар зүйл заалтад нийцэхгүй байгаа талаар тодорхой дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Мөн шүүх иргэд аль компанийн тээврийн хэрэгслээр зорчих эсэх зэрэг зах зээлийн боломжийг хангах, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд маргаан бүхий актуудыг хариуцагч гаргасан эсэх талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож тогтоогдож байгаа талаар заагаагүй нь буруу байна.
Иймээс анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг тодруулж, тэдгээр үндэслэлийн нотлох эсхүл дэмжих баримт нотолгоог цуглуулах ажиллагааг хийж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ