Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00347

 

                                                                                                                                                   

 

 

 

 

 

 

 

Ж.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын  27-ны өдрийн /ШШ2016/01023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ц.Баярсайханд холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 178 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр талууд хамтран ажиллах гэрээгээр ашгийн 65 хувь, 35 хувиар хувиар ашиг хувааж авахаар харилцан тохиролцож, 100 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүүнд нийт 187 000 000 төгрөгийг Ж.Цэрэндолгорт Ц.Баярсайхан өгсөн гэдэг. Гэтэл Ж.Цэрэндолгор нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200 000 000 төгрөгийг тус тус зээлж нийт Цэрэндолгороос хариуцагч нь 300 000 000 төгрөг авсан. Ц.Баярсайхан нь Ж.Цэрэндолгороос 100 000 000 төгрөг авсныгаа 180 000 000 төгрөг болгож буцааж өгсөн гэж тайлбартаа бичсэн нь үндэслэлгүй. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.Баярсайхан Ж.Цэрэндолгороос авсан 200 000 000 төгрөг дээр талууд тооцоо нийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагадаа оруулаагүй. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 100 000 000 төгрөг зээлсэн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд гэрээ байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээ байгуулна гэж мөнгө зээлдүүлсэнээр Ж.Цэрэндолгорт 65 хувийн ашиг, Ц.Баярсайхан ажлаа олсон тул 35 хувийн ашиг авна гэж тохиролцож 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч Ц.Баярсайхан бизнес маань бүтэхгүй болчихсон гэсэн. Баярсайхан 100 000 000 төгрөг зээлснээс 2014 оны 11 дүгээр сард 21 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг Ж.Цэрэндолгорт ашиг гэж төлсөн. 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Ц.Баярсайхан, Ж.Цэрэндолгор нар тооцоо нийлж 2015 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар үлдсэн хүү 105 000 000 төгрөгөөс Ц.Баярсайханы өгсөн 81 000 000 төгрөгийг хасаж 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөр 124 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх акт үйлдсэн байдаг. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ж.Цэрэндолгор нэхэмжлэлдээ үндсэн төлбөр 100 000 000 төгрөг ашиг 75 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 3 000 000 төгрөг нийт дүнгээр 178 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

              Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ж.Цэрэндолгортой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мах бэлтгэн нийлүүлэх цэвэр ашиг нь 65 хувь буюу 21 216 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Цэрэндолгорт өгөх ёстой байсан боловч бэлтгэн нийлүүлэх ажилд саад учирсан бөгөөд мах бэлтгэн нийлүүлэх ажил явагдаагүй. Гэтэл Ж.Цэрэндолгор нь хамтран ажиллах гэрээний дагуу 100 000 000 төгрөгөөс хүү нэхээд Ц.Баярсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөгийг өгч цаашид ямар нэгэн байдлаар мөнгө өгөх боломжгүй гэдгээ Ж.Цэрэндолгорт хэлсэн боловч нэхэмжлэгч сар болгон үндэслэлгүйгээр мөнгө тооцож авна гэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Мөн Ц.Баярсайханыг нэр хүндэд чинь халдана гэж удаа дараа сүрдүүлж хоёр сар тутам мөнгө авч байсан. Ц.Баярсайхан нь хамтран ажиллах гэрээний дагуу 100 000 000 төгрөгт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15 000 000 төгрөг өгсөнөөс 100 000 000 төгрөгөө хасч тооцоход нийт 102 000 000 төгрөгийг Ж.Цэрэндолгорт төлсөн. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч ажилд саад учирсан тул цаашид хэрэгжих боломжгүй болсон. Гэтэл Ж.Цэрэндолгор нь 100 000 000 төгрөгөөс хүү нэхэж зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө үндэслэлгүйгээр сард 10,5 хувийн хүү тооцон хоёр сар тутамд 21 000 000 төгрөгийг тооцож авдаг байсан. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 21 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 20 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 10 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 30 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 45 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 30 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 15 000 000 төгрөг нийт 202 000 000 төгрөг өгсөн байна. Иймд энэ гэрээ №1-ийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.Цэрэндолгорыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж үндсэн төлбөр 100 000 000 төгрөгийг хасч 102 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Баярсайхан нь Ж.Цэрэндолгороос 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах ¹1 гэрээ байгуулж 100 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  хамтран ажиллах ¹2 гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг зээлж, ашиг орлогын 35х65 хувийн харьцаатай авахаар тохиролцсон байдаг. Хамтран ажиллах ¹1 гэрээний тооцоо нийлж 2015 оны 6 дугаар сарын 29-нд акт үйлдэж Ц.Баярсайхан нь 124 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан. Хамтран ажиллах ¹2 гэрээ 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцож гарын үсэг зурсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг,  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 70 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Баярсайханаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 108 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийг баримтлан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 047 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 778 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханаас 507 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгч Ж.Цэрэндолгортой 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулж 100 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №02 дугаартай хамтран ажиллах гэрээг 220 000 000 төгрөгөөр байгуулсан байдаг бөгөөд энэхүү 2 гэрээнд заасан хамтран ажиллах үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон тул гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгийг буцаан төлсөн. Хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгчийн шахалтаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "Гэрээ №01-ийн тооцоо нийлсэн акт" гэх баримтыг үйлдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт энэхүү тооцоо нийлсэн актыг үйлдэхээс өмнө "Хамтран ажиллах гэрээ №01"-ийн дагуу авсан 100 000 000 төгрөгөөс нийт 102 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг атал нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "Гэрээ №01-ийн тооцоо нийлсэн акт гэх баримтыг үйлдэхдээ хариуцагч Ц.Баярсайханы төлсөн 102 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр сард 10.4 хувийн хүү гэж тооцон суутгасан байдгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан, гэрээнд талуудын ашиг орлогыг тодорхойлсон байдаг ба хариуцагч нэхэмжлэгчид цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар буюу Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дахь хэсэгт заасанчлан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдэж хариуцагч гэрээний дагуу авсан 100 000 000 төгрөгөө харилцан тохиролцсоны дагуу хүлээлгэн өгсөн байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан 102 000 000 төгрөгөө үндэслэлгүйгээр хүү болгон тооцож хариуцагчийн аргагүй байсан байдлыг далимдуулан түүнд дарамт шахалт үзүүлэн “Нэрээ №01 тооцоо нийлсэн акт"-ыг байгуулсан. Хариуцагч ч хэлцлийн хувьд төөрөлдсөн байдаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв үнэлэлгүй, хэт өрөөсгөл хандаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 75 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөгийг шаардах эрхтэй хэмээн нэхэмжилж байсан байхад шүүх санаачлагаараа хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн шаардлагыг өөрийн санаачлагаар ашиг гэж зөвтгөн тооцож үзсэнийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн "Гэрээ №1-ийн тооцоо нийлсэн акт"-ыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасаныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь хариуцагч Ц.Баярсайханд холбогдуулж хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 178 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч, тооцоо нийлсэн 1 дугаартай актыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах 1 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж ашгийн 65 хувийг авах, хариуцагч Ц.Баярсайхан нь уг хөрөнгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлж ашгийн 35 хувийг авах, оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохоор харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3-4 дүгээр тал/

 

            Мөн талууд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин хамтран ажиллах 2 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж ашгийн 65 хувийг авах, хариуцагч Ц.Баярсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мах бэлтгэн нийлүүлж ашгийн 35 хувийг авах, оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохоор харилцан тохиролцожээ. /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хамтран ажиллах 2 дугаартай гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй, уг үүргийг хариуцагч гүйцэтгэсэн тул маргаангүй, харин 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах 1 дугаартай гэрээний үүрэгт үндсэн хөрөнгө оруулалт 100 000 000 төгрөг,  ашиг 75 000 000 төгрөг, үүргээ  хугацаандаа гүйцэтгээгүй алданги 3 000 000 төгрөг нийт 178 000 000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

 

            Талууд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах 1 дугаартай гэрээний үүргийн талаар тухай бүр тооцоо нийлж акт үйлдэж байсан бөгөөд уг актад “… үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлнө” гэж талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлж гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш уг актад “… 2015 оны 12 дугаар сарын байдлаар 70 000 000 төгрөг үлдэв” гэж нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж бичсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6 дугаар талын ар/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах 1 дугаартай гэрээний үүрэгт үндсэн хөрөнгө оруулалт 100 000 000 төгрөг,  ашиг 75 000 000 төгрөг гэж тус тус нэхэмжилж буй нь үндэслэлгүй, уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх талуудын гэрээний 2.9.2-т “ашиг гаргаж чадаагүй буюу үр дүн гараагүй тохиолдолд нийт хөрөнгө оруулалтын 3 хувьтай тэнцэх торгуулийг төлнө” гэж тохиролцсон атлаа нэхэмжлэгч нь торгууль бус алданги гэж 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэг хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч Ц.Баярсайханаас хүчин төгөлдөр тооцоо нийлсэн актын дагуу 70 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэрэндолгорт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасантай нийцжээ.

 

            Хариуцагч Ц.Баярсайхан нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах 1 дугаартай гэрээний тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тэрээр уг хэлцлийг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

            Мөн хариуцагч Ц.Баярсайхан нь нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорыг үндэслэлгүйгээр 102 000 000 төгрөгийг авсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1-т заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн /ШШ2016/01023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ        

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ