Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 289

 

  Г.Амгалан, Ж.Батмөнх, Ц.Гэрэл, Ч.Дамдин

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин нарын өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалтай, 201620000021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин, тэдний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Г.Амгалан, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1981 онд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 1992 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 79 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Мангал овогт Гүржавын Амгалан нь бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан”, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2-т заасан “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, 24 тооны адууг ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтрүүлсэн”, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний орой согтуугаар иргэн Д.Ганболдыг зодож, “Бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан”, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны орой согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ялимгүй зүйлээр шалтаглан, архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн С.Буянбаатарын толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж “Танхайрсан” гэмт хэрэгт,  

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Борлууд овогт Жамбалын Батмөнх нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан”, мөн урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2-т заасан “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, 24 тооны адууг ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт,

3.  Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Бөх овогт Чулууны Дамдин нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан”, мөн урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2-т заасан “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, 24 тооны адууг ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Их Тугчин овогт Цэрэнпилийн Гэрэл нь бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин, Ц.Гэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож олон тооны мал хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин нарыг урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн, мөн бүлэглэж эд хөрөнгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг, Г.Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Ц.Гэрэлийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батмөнхийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ч.Дамдин, Г.Амгалан нараас тус бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, тус бүр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин нарын эд хөрөнгөөс тус бүр 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, тус тус 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 / дөрөв/ жилийн хорих ялд багтааж шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин нарын нийт эдлэх хорих ялыг тус бүр 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд багтааж, шүүгдэгч Г.Амгалангийн нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Г.Амгаланд оногдуулсан 6 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин нарт оногдуулсан 4 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч Ц.Гэрэлд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Ц.Гэрэл, Ч.Дамдин, Ж.Батмөнх, Г.Амгалан нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дамдин, Ж.Батмөнх, Г.Амгалан нарт Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж, 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ц.Гэрэлийн эд хөрөнгийг хураахгүйгээр, түүнийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ж.Батмөнхийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ч.Дамдины 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Г.Амгалангийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Г.Амгаланг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Амгаланд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, Г.Амгалангийн нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дамдин, Ж.Батмөнх, Г.Амгалан нарын болон өмгөөлөгч Ө.Нарантуяа, Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Л.Жавзмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин нарын өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ч.Дамдин, Ж.Батмөнх, Г.Амгалан нарт холбогдуулан шалгаж байсан Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Ж.Батмөнх, Ч.Дамдин нарын үйлдэл Ц.Гэрэл, хохирогч Ч.Иванов, гэрч М.Батцэцэг, О.Батхүү нарын мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн боловч тэдний мэдүүлэг нь зөвхөн Ц.Гэрэлийн талаар байхад хийсвэрээр таамаглал дэвшүүлсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2, 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг зөрчсөн. Мөрдөн байцаалтын шатанд машин механизмийг хэрэглэсэн үү, ашигласан уу гэдэг асуудлыг огт шалгаж тогтоогоогүй байхад шүүх ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ж.Батмөнх хохирогчийн адуу алга болсон цаг үед Улаангомд гэртээ байсныг гэрч Отгонхүү, Ш.Батаа, Р.Сарантуяа, Т.Цэвээнгэрэл, Халх-Очир нар гэрчилдэг. Мөн Ч.Дамдин нь тухайн цаг үед мал нь айлын малтай нийлснийг ялгаж авч байсныг гэрч Ч.Буяннэмэх, Н.Дамдинсүрэн, О.Жавзан нарын хууль сануулан авсан мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх үгүйсгэж няцаагаагүй. Ц.Гэрэл нь “... цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Батжаргал үг зааж өгөөд худал мэдүүлэг өгсөн. Адууг Ж.Батмөнх, Ч.Дамдин нарт авчирч өгөөгүй ...” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүх Ц.Гэрэлийн аль мэдүүлгийг үндэслэл болгоод байгаа нь тодорхойгүй, аль мэдүүлэг нь бусад ямар нотлох баримтаар давхар нотлогдоод байгаа нь мөн л тодорхойгүй, таамаглалд үндэслэж дүгнэлт хийсэн. Ц.Гэрэлийг давж заалдах гомдол гаргаагүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Туулыг орчуулагчаар томилсон боловч хэргийн зарим бичгийн нотлох баримтад орчуулга хийсэн хүний гарын үсэг, тамгагүй, орчуулга хийх тусгай эрх, зөвшөөрөлтэй болохыг гэрчилсэн баримт хэрэгт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Батмөнхөөс үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч битүүмжлэхдээ хамтран өмчлөгч М.Отгонхүүд мэдэгдээгүй, түүний өмчлөх эрхийг хөндөж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх заалтуудыг зөрчсөн. Дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчлийг шүүхийн шатанд засах ямар ч боломжгүй байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, тодорхой ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг ялган үнэлж дүгнээгүйгээс аль нотлох баримт нь хэний үйлдсэн ямар үйлдэл, гэмт хэргийг нотолж байгаа болон үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ямар нотлох баримт нь нотолгооны ач холбогдолтой, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй. 2 өөр эрүүгийн хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нөхцөл байдал үүссэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд магадлалын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Ж.Батмөнх, Ч.Дамдин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Анхан шатны шүүхийн 43 хуудас шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үндэслэлээ огт заагаагүй бөгөөд зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн обьект, субьектыг онол талаас нь тайлбарласан. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Хэрэг шүүхэд ирэхэд шалгаж тогтоох олон асуудал байсан бөгөөд тус асуудлуудыг шүүхийн шатанд зөвтгөх боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн ...” гэв.

Шүүгдэгч Г.Амгалангийн өмгөөлөгч С.Ганхөлөг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Ц.Гэрэл гэрч, сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн үед зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөн байцаагч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг дутуу хийж, эрс зөрүүтэй гэрч, сэжигтний мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байж түүнийг нь прокурор нотлох баримтаа болгож яллаж байгаа нь хүний эрхийг дордуулсан, илт гүтгэсэн байдал энэ хэргээс харагддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, Г.Амгалан нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Ор үндэслэлгүй намайг хулгайн хэрэгт гүтгэж байна. Батжаргал байцаагч намайг өрөөндөө дуудаад “Амгалан гуай та шууд гэрч болчих таныг шагнана шүү, мөнгө өгье” гэж хэлэхэд нь би надад харсан үзсэн юм байхгүй болохоор хүнийг хилсээр гүтгэж чадахгүй гэж хэлж байсан удаатай. Тэгэхэд Батжаргал “чи тэртэй тэргүй шоронд орно, чамайг ямар нэг аргаар шоронд хийнэ” гэж хэлж байсандаа хүрч намайг 6 жилийн хорих ялаар шийтгүүлж чадлаа. Хохирогч Буянбаатар, гэрч Насанжаргал нар Батжаргал байцаагчийн найзууд юм байна лээ. Эдгээр хүмүүсээр худал хэлүүлж надад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 гэсэн зүйлийг тулгаж өгсөн. Ц.Гэрэл шүүх хурал дээр үнэнээ хэлээд Амгалан гэдэг хүнийг танихгүй, би худлаа хэлсэн гээд байхад шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй. Намайг гүтгэж байгаа Ц.Гэрэлд маш их гомдолтой байна. Танхайрах хэргийн талаар мэдэх 13 настай гэрчийг асуулгахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өргөдөл нь ч хэрэгт байхгүй байна лээ. Хэргийн үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Дамдин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн цаг хугацаанд хотоос хүмүүс ирээд зав муутай, тэр хүмүүстээ үйлчилж байсан. 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ирсэн хүмүүс хадам аав, ээжийн амьдарч байсан газруудаар явж идээ өргөнө гэхээр нь хамт яваад орой гэртээ ирэхэд манай хонь саахалт айлын хоньтой нийлсэн байхаар нь харанхуй болтол хонио ялгасан. Харанхуй болсон учраас хагасыг нь ялгаж чадалгүй үлдээгээд ялгасан малаа тууж ирээд гэртээ хоносон. Маргааш нь үлдсэн малаа ялгасан. Хулгай гарсан гэх тэр өдрүүдэд би иймэрхүү байдалтай гэртээ байсан. Гэтэл намайг ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй байхад Ц.Гэрэлийн дарамтанд орж худал мэдүүлсэн мэдүүлгийг баримт болгож бусадтай нийлж машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Ц.Гэрэл нь боловсролгүй, бичиг үсэг тайлагдаагүй, аливаа асуудалд хүний ам дагаж тийм, үгүй гэж хариулдаг, ярианы чадвар муу, албан тушаалтан чанга дуугарч зандрахад айж сандарч тэдний үгийг дагуулан худал мэдүүлэг өгөхөөр сул талтай хүн. Ийм хүнээр гэрч хийж зохиомол гэмт хэрэг үүсгэж ял оноосонд гомдолтой байна. Хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасанд харамсаж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Батмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би хулгайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд би Улаангомд гэртээ байж, хамт гадуур явсныг хадам эгч М.Байгаль гэрчилнэ. Гэтэл энэ хүнийг гэрчээр асуулгахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч ганц ч удаа асуугаагүй. Мөрдөн байцаагч Нямдаваа, Батжаргал нар нь хэт нэг талыг барьж, хүн зодож үг зааж өгөн давтуулж, өмгөөлөгч авч байгаад заасан үгээ хэлүүлж байгаад хураан авсан бичлэгээ тавьж ял тулгасан явдал нь үнэхээр гутамшигтай. Ц.Гэрэл анхан шатны шүүх хуралдааны үед намайг Батжаргал зодож бүх үгийг зааж өгсөн гэж үнэнээ хэлснийг болон энэ хүн шат шатанд өөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгч байгааг тодруулаагүй. Мөн “Бураатын эхэн” гэх газрын аль хэсэгт мотоцикл унаатай явж болох эсэхийг судалж үзэх шаардлагатай. 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай гэрт хоносон М.Байгаль, түүнтэй хамт хоолонд орсон “Есөн-Эрдэнэ” цайны газрын ажилчид, зах дээр таарсан хүмүүс, “Түшиг” дэлгүүрийн худалдагчийг огт байцаагаагүйд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... хэргийн материалтай танилцахад өмгөөлөгчийн гомдолд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.Батмөнх, Г.Амгалан, Ч.Дамдин, Ц.Гэрэл нар нь 2015 оны 8 дугаар сарын 1-ний орой бүлэглэн, машин механизм ашиглаж Ч.Ивановын олон тооны адууг хулгайлж 20,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Г.Амгалан нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний орой хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ганболдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны орой бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ялимгүй зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн С.Буянбаатарын толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан талаарх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батмөнх, Г.Амгалан, Ч.Дамдин нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Амгаланд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн байна.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Ж.Батмөнх, Г.Амгалан, Ч.Дамдин, Ц.Гэрэл нарын бусдын эд хөрөнгө хулгайлсан, Г.Амгалангийн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, гэмт хэрэгт хамтран оролцогчийн хэлбэрийг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, тэдний гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Гэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Батжаргал үг зааж өгч, мэдүүлэг өгүүлсэн, адууг Ж.Батмөнх, Ч.Дамдин нарт авчирч өгөөгүй ...” гэсэн мэдүүлгийг үнэлэлгүйгээр, түүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Ж.Батмөнх, Г.Амгалан, Ч.Дамдин нар гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн оролцсон талаарх тогтвортой мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр тэдний үйлдэл нотлогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин, Г.Амгалан, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Жавзмаа нар анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайлбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, хэрэг гарах үед өөр газар байсан талаар гомдол гаргасан байх бөгөөд “Хяналтын шатны шүүх нь “анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар  тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг  нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт тодорхой зохицуулсан болно.

Иймд шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Г.Амгалан, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох болон мөрдөн байцаалтад буцаах” талаарх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Батмөнх, Ч.Дамдин, тэдний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Г.Амгалан, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ