| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00160/Э |
| Дугаар | 00172 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 00172
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Оргил, Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, О.Гж, А.Е нарт холбогдох 1932000930147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймаг Чойбалсан суманд 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шарын гол уул уурхай ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Суврагачин овогт Борхүүгийн Г. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1197 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт амьдрах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн-уул 26-02 тоотод оршин суух, одоо *тоотод түр оршин сууж байгаа, энэ хэрэгт холбогдох үедээ Шарын гол уул уурхай ХХК-ний уулын мастер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шыбарайгыр овогт Адисын Е. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймаг Хишиг-Өндөр суманд 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шарын гол уул уурхай ХХК-ний уулын мастер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх харчин овогт Отгонбаярын Гж. /РД:*/
Шүүгдэгч Б.Г, А.Е, О.Гж нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан Шарын гол уул уурхай ХХК-ний хиймэл нуурын ирмэгийн овоолго руу жолооч С.БА нь жолоодож явсан Хово Синотрак-371 маркийн 12-13 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо буулгах үед газрын хөрс нурж тээврийн хэрэгсэлтэйгээ хиймэл нуур луу унаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн…. ... 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчимд манай уурхайн хөрс тээвэрлэж явсан жолооч С.БА нь отволт дээр шороо буулгах үед зогсож байсан газрын хөрс нь нурж хиймэд нуур луу машинтайгаа уначихлаа гэсэн мэдээллийг тухайн үед ковшны операторчин Бм над руу утсаар мэдээлсэн. Үүний дагуу би карьерт явж очсон. Дотоод овоолго хийж байсан газрын хөрс нурж унасан байсан. БА машины хамт харагдахгүй байсан. Тэгээд би яаралтай Онцгой байдал руу утсаар мэдэгдсэн. Осол болсноос хойш нуурын усыг 14 хоногийн турш соруулж гадагш зайлуулснаар талийгаачийг нуурын ёроолоос олсон. 130-140 хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийм осол болсонд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрт бэлнээр 54350000 төгрөг өгсөн. Үйлдвэрлэлийн ослын 36 сарын тэтгэмж өгөхөөр болж үлдэгдэл 26800000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах гэрээ хийсэн. Цаашид дахин осол аваар гаргахгүй ажиллаж чадна гэж бодож байна. Талийгаачийн аав нь манайд ажилд орсон гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Еийн өгсөн ....... Шарын гол уул уурхай ХХК-д уулын мастераар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн ээлжинд гарч байсан юм. Тэгэхэд 23 цагийн орчимд шороо ачсан Хово маркийн машин шороогоо буулгаж байх үед овоолгын ирмэг нурж нуур луу машинтайгаа унасан байсан. Осол болох үед би байгаагүй. Цайны газраас хоол аваад уурхай луу гарах гэж байхад станцаар намайг дуудсан. Би очиход машин нуур луу унаж аль хэдийн далд орсон байсан. Уул нь уг овоолгын ирмэгт далан байсан бол ийм осол гарахгүй байх байсан гэж бодож маш их харамсаж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гжийн өгсөн ........ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Шарын гол уул уурхай ХХК-ний өдрийн ээлжинд уулын мастераар ажиллаж байхад өдөр 14 цагийн орчимд Хово машины жолооч станцаар отволтод цууралт үүссэн байна гэж мэдээлсэн. Би газар дээр нь очиж шалгахад цууралт үүссэн нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд гайгүй юм шиг болохоор үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлсэн. Орой 20 цагийн үед ээлж солигдож шөнийн ээлж ажилдаа гарсан. 23 цагийн үед би амраад байж байхад уурхайн захирал Г осол болсон талаар хэлэхээр нь би ослын газарт очсон. 81 номерын Хово шороо асгаж байх үед отволтын эрэг нурж нуур луу унасан байсан. Бид цагдаа болон Онцгой байдалд мэдэгдэж эрж хайх ажиллагааг эхлүүлсэн. Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйгээс болж хүний амь хохирсон явдалд маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Би Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хүдэр ХХК-ний Таян нуурын уурхайд жолоочийн ажил хийдэг юм. Тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 23 цагийн үед унтсан. Шөнө 01 цагийн үед манай хүү С.Аб над руу утасдаад аав С.БА ажиллаж байсан уурхайныхаа хиймэл нууранд уначихлаа нуурын гүн 20 метр гэж байна одоогоор сураггүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралдаа хэлээд яаралтай Сэлэнгэ аймгийн баянгол сумын Баян 2 дугаар баг Нарангийн гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Шарын гол уул уурхай ХХК-ний уурхайд ирсэн. Ингээд намайг ирэхэд цагдаа, онцгой байдлын албан хаагч нар ирчихсэн эрэн хайх аврах ажиллагааг явуулж байсан. Би 4 хүүхэдтэй. С.БА 3 дахь хүүхэд маань байсан. Гэр бүлийн хувьд Ос гэх эмэгтэйтэй 2010 онд танилцаад цэргээс ирээд 2013 оноос хойш хамтран амьдрах болсон. Ос, БА нар надтай хамт амьдардаг байсан. Хүүхэдтэй болоогүй энэнд би маш их харамсаж байна. Остой гэр бүлийн албан ёсны баталгаагүй. С.БАгийн оршуулгын зардалд 15 сая орчим төгрөгийн зардал гарсан. Шарын гол уул уурхай ХХК-ний зүгээс 20 сая төгрөгийг ажил явдалд нь зарцуулаарай гэж өгсөн. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Хүнээ алдсан хүн гомдолгүй гэж юу байхав дээ гэх мэдүүлэг /Хх-н 58-59 дүгээр хуудас/
Гэрч Д.Бмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл шөнийн ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цагийн орчимд надтай хамт ажиллаж байсан С.БА тухайн үед Хово-371 маркийн 12-13 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөрс тээвэрлэж байсан. Тээврийн хэрэгсэл нь отволд ачаа буулгаж байх үед гэнэт отволт нурж С.БА машинтайгаа нуур луу унаж живж алга болсон. Тэр үед би би өөрийн нүдээр яг унаж байгааг нь харсан. Тухайн үед би ковшинд ганцаараа сууж отволт нээж шороог нуур луу түрж байсан. Тэр үед миний хажууд зогсож байсан ковшны жолооч Лхагвасүрэн харж гар станцаар ээлжийн ахлагч А.Еийг дуудсан боловч хариу өгөөгүй. Тэгэхээр нь би уурхайн дарга Б.Г руу утсаар залгаж мэдэгдсэн. Тэгээд удалгүй уурхайн дарга болон ээлжийн ахлагч Е нар бүгд ирсэн. Тэгээд уурхайн дарга цагдаа болон онцгой байдал дуудаж байсан гэх мэдүүлэг /Хх-н 75-76 дугаар хуудас/
Гэрч П.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр намайг ажилтай ээлжинд явж байх үед осол гарсан гэх отволт хөмсөгнөөс 1 метр орчмын зайд нарийн зураасан зай гарчихсан байсан. Уг зураасан зай нь өдөр 14 цагийн үед байсан. Тэгээд буцаад ачаа ачаад 15-20 минутын дараа очиход нөгөө зураасан зам буюу хагархай байхгүй болсон байсан. ..... Тухайн үед жолооч нар хоорондоо станцаар отволд цууралт үүссэн байна шүү жолооч нараа анхааралтай байгаарай хойшоо их тулж ухарч болохгүй нурж болзошгүй гэж станцаар хэлж байсан. Бодвол тэрийг дарга нар сонсчихсон байсан байх гэж би бодож байна. Тэрнээс бол яг хандаж ахлах, дарга нарт хэлж байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 81-82 дугаар хуудас/
Гэрч А.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэр орой 23 цагийн үед би хөрс ачиж отвол дээр ирэхэд С.БА отвол дээр хөрсөө буулгаж ачаагаа гидрээр нь өргөчихсөн зогсож байсан. Тухайн үед би БАгийн зогсож байсан газрынх нь зүүн талаар ухарч байх үед ковш сигналдаж хажуугаар өнгөрөх үед би зогсож толиндоо харахад БА машинтайгаа хажуу тал руу хазайж байхыг харж би машинаа урагш байрлуулж тавиад машинаасаа буугаад ирэхэд БА Ховотойгоо байхгүй байсан. Тэр үед отволын эрэг дахин нурж харах боломжгүй болсон. Тэгээд би эргэж гүйгээд машиндаа орж станцаар 02 гэгч тоогоор мастерыг дуудсан. Тэгээд Г дарга жолооч нь яасан гэж асууж байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс бүгд машинтайгаа орчихсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /Хх-н 89-90 дүгээр хуудас/
Гэрч З.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Хиймэл нууранд осолдсон иргэн С.Бат-Амгланг эрэн хайх ажиллагаа явагдаад олон хонож байгаа юм. Өнөөдөр 16 цагийн үед дэд хурандаа Б.Ганхүү надад нуурын усанд хүн байж болзошгүй цэг илэрлээ очиж шалга гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу усан завьтай очиж шалгахад хүн мөн байсан тул баруун гарт нь уяа уяж хөдөлгөөнгүйгээр тухайн газарт нь байлгах арга хэмжээ авч эрэг рүү буцсан. С.БАгийн цогцос нуурын хойд эргийн усны ирмэгээс 15-16 орчим метрийн зайд байсан. Хиймэл нуурын ус булингартай байсан ба татаж үзэхэд хүн мөн байсан болно гэх мэдүүлэг /Хх-н 92 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № 16 ...... Дүгнэлт
1.Талийгаач С.БАгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээж, нуруу, хуйхны дотор гадаргуу, зүүн 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы арьсан дор цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Автомашины бүхээгт цохигдох, машинаас унах үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Талийгаач С.БАгийн цогцост учирсан зүүн 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээж, нуруу, хуйхны дотор гадаргуу, зүүн 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы арьсан дор цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач С.БА нь механик амьсгал бүтэлт, живэлтийн улмаас нас баржээ гэх /Хх-н 102-103 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн № 3494 ...... Дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн БА гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэх /Хх-н 112 дугаар хуудас/
Шинжээч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дугаар тушаалын 1 дэх хэсгийн Б-д зааснаар Ажлын байрны эрсдлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай , хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулна гэж заажээ. Иймээс тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш ажилтан байх ёстой..... Дээрх аж ахуйн нэгж нь Ил уурхай аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэмд зааснаар шаардлага хангахуйц зүйл нэг ч байгаагүй. Хэргийн материалд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад тухайн овоолгын ирмэгт байгаа шороог далан гэж үзэхгүй.... Уг үүргийг тухайн аж ахуйн нэгжийн уулын мастер хариуцан ажиллах ёстой, овоолгын дагуух ирмэг даланг хэрхэн байгуулах, тэнд ажиллуулж байгаа ажилтан нарыг уулын мастер хариуцах ёстой... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын стандартын MNS4969:2000-д зааснаар 4 төрлийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх ёстой бөгөөд урьдчилан сэргийлэх зааварчилгаанаас бусад зааварчилгааг тухайн ажилтныг удирдан ажиллуулж байгаа албан тушаалтан өгнө өөрөөр хэлбэл уулын мастер өгөх ёстой гэх мэдүүлэг /2 дугаар Хх-н 14-15 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-22 дугаар хуудас/
Шарын гол уул уурхай ХХК-ний хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 32-55 дугаар хуудас/
Б.Гын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хх-н 125-126 дугаар хуудас/
Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 129 дүгээр хуудас/
Пентатерра ХХК Шарын гол уул уурхай ХХК-ний хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ /Хх-н 156-157 дугаар хуудас/
О.Гж, А.Е нарын Шарын гол уул уурхай ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /Хх-н 180, 184 дүгээр хуудас/
О.Гжийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар Хх-н 30-31 дүгээр хуудас/
О.Гж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар Хх-н 34 дүгээр хуудас/
А.Еийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар Хх-н 35-36 дугаар хуудас/
А.Е нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар Хх-н 39 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохиролд 54350000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримт, үйлдвэрлэлийн ослын хохирлын төлбөр болох 36 сарын буцалтгүй тэтгэмж 46800000 төгрөгийн үлдэгдэл 26800000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г, А.Е, О.Гж нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан Шарын гол уул уурхай ХХК-ний хиймэл нуурын ирмэгийн овоолго руу жолооч С.БА нь жолоодож явсан Хово Синотрак-371 маркийн 12-13 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслээр шороо буулгах үед газрын хөрс нурж тээврийн хэрэгсэлтэйгээ хиймэл нуур луу унаж нас барсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Г, А.Е, О.Гж нар нь Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн заалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны зааварчилгаа, аюулгүй ажиллагааны техник зохион байгуулалтыг хэрэгжүүлж ажиллуулаагүйгээс Шарын гол уул уурхай ХХК-ний уурхайд үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг Нарангийн гол гэх газарт Пентатерра ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхтэй боловч Пентатерра ХХК-ийг төлөөлж А.Харцага, Шарын гол уул уурхай ХХК-ийг төлөөлж Б.Г нар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба гэрээний 2.1.5-д гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг бүрэн дангаараа хариуцах бөгөөд холбогдох дүрэм журам, стандартыг дагаж мөрдөн хэрэгжүүлэн ажиллах, дүрэм журмыг биелүүлээгүйн улмаас ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд үүсэх үр дагавар хариуцлагыг бүрэн хариуцна гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Сбт Шарын гол уул уурхай ХХК-ний зүгээс талийгаачийг оршуулах ёслол болон бусад гарах зардалд холбогдуулж 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2 сая төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 сая төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, нийт 23 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан М.Сбын * тоот данс руу шилжүүлсэн байна.
Мөн Шарын гол уул уурхай ХХК-иас талийгаач С.БАгийн эхнэр Осын банкны зээлийг төлөхөөр 2335000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Осын * тоот дансанд, талийгаач С.БАгийн банкны зээлийг төлөхөөр 9015000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан М.Сбын * тоот дансанд тус тус шилжүүлэн төлсөн байна.
Шарын гол уул уурхай ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сб нар нь үйлдвэрлэлийн ослын хохирлын төлбөрийг 36 сараар тооцон 46800000 төгрөгийг олгохоос 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 сая төгрөгийг М.Сбын * тоот дансанд Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлэн өгч үлдэгдэл 26800000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шарын гол уул уурхай ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Сбд нийт 54350000 /тавин дөрвөн сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг хохиролд тооцон төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, мөн шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Суврагачин овогт Борхүүгийн Г, Шыбарайгыр овогт Адисын Е, Халх харчин овогт Отгонбаярын Гж нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г, А.Е, О.Гж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г, А.Е, О.Гж нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г, А.Е, О.Гж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 2 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Б.Г нь 26800000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сбт төлөхөөр тохиролцсоныг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, А.Е, О.Гж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН