Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00165

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Нд холбогдох 1932000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, охин нарын хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дууч овогт Золзаяагийн Н. /РД: */

 

           Шүүгдэгч З.Н нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтийн № 106 тоотод байрлах О.Бсы гэрт хойд эцэг болох О.Бстай маргалдаж түүний толгойн тус газарт хоолны халбагаар 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Нын өгсөн…. ... 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Улаанбаатар хотоос ээж Бягийн гэрт ирсэн юм. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орой 19 цагийн орчимд ээжийн үсийг будаад байж байхад хойд эцэг Бс гаднаас согтуу орж ирээд үхэр малаа хашихгүй яасан юм гэж ээжтэй ярьсан. Чи ажилгүй юм чинь оруулчихад яадаг юм гэж ээж хэлэхэд чи намайг ажилгүй гэлээ гэж ээж тэр хоёр маргалдсан. Тэгээд Бс ах өөрөө гарч үхрээ хашсан. Би хоол хутгаад зогсож байтал Бс ах ээжид хандаж танай охин ирэхээр л хэрүүл маргаан болдог гээд есөн шидээр доромжлоод байхаар нь би уурандаа толгой руу нь хоолны халбагаар 3-4 удаа цохисон юм. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч О.Бсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гадуур явж байгаад зүс таних хоёр гурван залуучуудтай таарсан. Тэд нар архи ууж байгаад надад 50-ийн аягаар нэг дүүрэн хийгээд өгөхөөр нь би тэр архийг нь уугаад гэр лүүгээ явсан. Тэр үед 19 цаг болж байсан. Гэртээ ороод эхнэр Бяд гадаа үхэр тугал ирчихсэн байна чи тугалаа хашаад үхэр малаа оруулчих гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр над руу чи өөрөө ажилгүйгээрээ оруулахгүй юу би ажилд яваад ядраад байна гэж хэлсэн. Би гарч үхэр тугалаа хашчихаад буцаад ороод эхнэртээ чи өөрөө оруулдаггүй юм бол наад охиндоо хэлээд оруулчихаж болдоггүй юм уу гэж уурлаад хэлсэн. Тэгтэл миний дагавар охин Н би яахаараа танай үхэр малыг хашиж байдаг юм бэ та өөрөө оруулахгүй юу гэж хэлээд бид хоёр маргалдсан. Манай эхнэр та хоёр боль гээд дундуур ортол миний дагавар охин хоолны том халбага аваад миний толгой дундуур 3-4 удаа цохиод больсон. Миний дотор муухай оргиод байхаар нь би сандал дээр суутал миний зүүн шанаа руу нойтон оргиод явчихсан. Би гараараа бариад үзтэл миний толгойноос цус гарч байсан. Би маргааш нь цагдаад гомдол гаргасан..... Би Нд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09-10 дугаар хуудас/

Гэрч Х.Бягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би тухайн үед охин Наар үсээ будуулаад байж байсан. Би нөхөртөө чи ажилгүй байж өөрөө оруулчихад яадаг юм би ажилд яваад ядарч байна гэж хэлсэн. Бс гараад үхрээ оруулсан байх удалгүй гаднаас орж ирсэн. Тэгээд чи ганцаараа ажилтай нь юм уу намайг ажилгүйгээр дуудлаа гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд танай охин ирэхээр л хэрүүл маргаан гардаг гэх зэргээр миний охин луу дайраад байсан. Тэгээд манай охин З.Н хойд эцэг Бстайгаа маргалдсан. Тэгснээ хүүе гэхийн завдалгүй хоол хутгаж байсан хоолны том халбагаар Бсы тогой руу хэд хэд цохиод авсан. Ингээд Бсы толгойноос цус гарсан. Манай охин цаад өрөө лүүгээ орчихсон гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № 205 ...... Дүгнэлт:

1.О.Бсы биед зулайн зүүн доод хэсэгт язарсан шарх, зулайн зүүн дээд тал, дагзны баруун дээд талд язралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 13 дугаар хуудас/

З.Нын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 20 дугаар хуудас/

З.Нын оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 21 дүгээр хуудас/

З.Н нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 24-25 дугаар хуудас/ зэрэг болно.

         

             Шүүгдэгч З.Н нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд * тоотод байрлах О.Бсы гэрт хойд эцэг болох О.Бстай маргалдаж түүний толгойн тус газарт хоолны халбагаар 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч З.Нын хохирогч О.Бсы толгойн тус газарт хоолны халбагаар 3-4 удаа цохисон  үйлдэл нь  үхэр тугалаа хашсангүй гэсэн таарамжгүй харцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч О.Бс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Дууч овогт Золзаяагийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Н нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН