Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд

Хохирогч Ч.Дц

Хохирогчийн өмгөөлөгч Х.Сбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Сд холбогдох 1932000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, *оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Удвалын С. /РД:*/

 

Шүүгдэгч У.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Дцт хүч хэрэглэн довтолж Huawei Y-7 загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Сгийн өгсөн….... Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өглөө би Шивэр гэх газар луу модонд өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 27-94 СЭҮ улсын дугаартай машиныг жолоодон Бх, Жс, Бб нарын хамт явсан. Ууланд очоод мод хийх гэтэл машины урд мост, либотка хоёр эвдэрсэн. Тэгээд модоо хийж чадаагүй учир нааш буцсан. Шивэр гэх газарт ирээд сэлбэг хүлээхэд сэлбэг ирээгүй учир бид хэд тэнд 4 литр монгол архи уусан. Тэгээд бид нар оройн 21 цагийн орчимд гэр лүүгээ явсан. Би согтоод байсан учир машинаа Бхгээр жолоодуулсан. Шивэрт би Бя гэх хүнтэй маргалдаад хавирга луугаа шилбэ рүүгээ өшиглүүлээд хөл доголоод бие өвдөөд байсан. Тэгээд би Мандал сум хүртэл машин дотор унтаад явсан. Мандал суманд ирээд Ширхэнцэгийн гудамжны үзүүрт би машинаас буугаад эхнэр Бц рүү утсаар залгаж ярьсаар яваад гэртээ орсон. Тэгээд гэртээ орж ирээд унтаж байхад шөнийн 01 цагийн үед Хосбаяр, Батзаяа гэх 2 цагдаа орж ирээд намайг дээрмийн хэрэг хийсэн байна гэсэн. Намайг хүний гар утас дээрэмдсэн байна гээд гар утас нэхсэн. Мөн намайг дагуулж миний Зил-131 машин дээр очоод машиныг журмын хашаанд хийсэн. Би цагдаа руу Уаз-469 машинтай  явж байхдаа донсолохоор нь ёолоод байсан чинь Батзаяа байцаагч надаас яасан бэ гэж асуухаар нь би шивэрт хүнд зодуулсан гэдгээ хэлсэн. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирээд Дцээс энэ хүн мөн үү гэж асуухад мөн шиг байна гэсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд хийх гэснээ бие нь муу байх шиг байна гээд болиод гэр лүү хүргэж өгсөн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Дцийн өгсөн….... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Баатар гээд ахынд өргөст хэмх дарахаар очсон. Тэгэхэд тэднийд хажуу айлынх нь хүмүүс ирчихсэн шил угаагаад 2 пиво уусан гээд байж байсан. Тэгээд би шилээ угаагаад өргөст хэмх дарах ажиллагаанд орсон. Намайг очсоноос хойш дахин 2 пиво авч уусан. Орой 21 цаг хүртэл юмаа янзалсан. Баатар ах Батаа ирэх гэж байгаа бол дахин нэг пиво авъя гээд нэг пиво авчраад хувааж уусан. Орой 22 цаг 30 минутын үед би нөхөртэйгээ утсаар ярьсан. Тэгээд би дахин шөнийн 23 цаг 05 минутын үед нөхөр лүүгээ залгахад утсаа аваагүй. Би тэгээд Баатар ахынхаас ганцаараа гарсан. Спиртийн үйлдвэрийн урд талын уулзвар өнгөрөөд явж байхад миний хажуугаар Зил-131 маркийн машин өнгөрсөн. Би тэр үед дугаарыг нь харж амжсан. Гэтэл нөгөө машин зогсож нэг хүн гудамжны үзүүрт буугаад над руу гүйж ирсэн. Машин цааш хөдлөөд явсан. Тэгээд тэр хүн намайг харанхуй газар луу чирсэн. Би явахгүй зууралдтал намайг хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөхөд үүдэн шүд таарч хиймэл шүд маань хугарсан. Би тэр үед яанаа аллаа гэж орилж хашгирсан. Тухайн үед би Сг хараад хүүе би чамайг танина ш дээ чи яаж байгаа юм бэ гэхэд миний гар утсыг аваад цааш гүйгээд явсан. Намайг орилж байхад хажуу айлын Гз гэх залуу яасан бэ гээд гүйгээд ирсэн. Тэгээд яасан юу болов гэхээр нь намайг сая хүн дээрэмдчихлээ гэсэн. Тэгээд Гз тэр хүний араас гүйгээд явсан. Би араас нь яваад Ширхэнцэгийн № 05 гэх хашаанд очсон. Гэрт ороход хар куртиктэй нэг хүн цааш хараад утсаар оролдоод суугаад байхаар нь би очоод чи юм биш үү гээд татаж харахад биш байсан. Тэр хүн Жс гэдэг нь байсан. Тэгтэл тэнд байсан 2 хүүхэн чи хүн гүтгэлээ гээд над руу дайрч давшилж элдвээр хэлсэн. Цагдаагийн алаг тэрэг ирээд намайг авч цагдаа руу явсан. Намайг тэр чигт нь цагдаа дээр суулгаж байгаад тэр шөнө хэдэн хүн авчраад надаар таньж олуулахад би Сг хараад шууд таньсан. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл би үүдэн шүдгүй явсан. Тэгээд би Ганцоож эмч дээр очоод шүдээ үзүүлэхэд 1.5 саяас 2 сая төгрөг болно гэхээр нь би гуйж байгаад нэг сая төгрөг өгсөн. Гар утсыг маань 860000 төгрөгөөр үнэлсэн. Аргагүйн эрхэнд би өмгөөлөгч авах болсон. Одоо хүртэл энэ хүн болон энэ хүний ар гэрээс надаас уучлалт гуйгаагүй. Шүүхийн шинжилгээний албанд 8000 төгрөг төлсөн. Ингээд одоо нийт 2468000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Г.Гзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн……. Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цагийн галт тэрэг тосч тээшнээс тракторын сэлбэг авсан. Тээшнээс авсан тракторын сэлбэгээ Найрамдлын гудамжинд байдаг нагац ах Шагдарсүрэнгийн гэрт хүргэж өгчихөөд эргээд гэрээс нь гараад өөрийнхөө гэрт харихаар Найрамдлын гудамжнаас явган алхаад явж байтал шөнийн 12 цагийн үед Ширхэнцэгийн гудамжны хойд үзүүрт гудамжны гэрэл дор эмэгтэй хүн орилж хашгираад аллаа зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очтол тэр эмэгтэйн дэргэд байсан эрэгтэй хүн намайг хараад зугатаад гүйсэн. Яваад очтол манай хажуу талд амьдардаг Дц байсан. Дцээс юу болсон талаар асуухад Зил-131 машины кабинаас нэг хүн бууж ирээд намайг зодож гар утас аваад явчихлаа гэж хэлсэн. Би зугатаад явсан залуугийн араас гүйгээд очтол Ширхэнцэгийн гудамжны эхний мухар гудамжинд нэг айлын машин ордог том хаалга нь онгорхой байхаар нь араас нь явж ортол хашаан дотор нь Зил 131 машин дөнгөж уулнаас орж ирж байна гэж ярьчихсан байж байсан, тэр машины мотор нь халуун шавхай нь газарт дуссан байдалтай байсан. Тэр машины дэргэд нэг эрэгтэй хүн байсан. Хашаан дотор байсан монгол гэр дотор нэг эрэгтэй хүн орчихсон байсан. Би монгол гэрээс эргээд гараад иртэл Дц миний араас хашаан дотор ороод ирсэн байсан. Би Дцээс яасан юу болсон юм бэ гэж дахин асуухад намайг Зил-131 машинтай хүн зодоод гар утас дээрэмдээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд монгол гэртэй айлд ороод энэ хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна гэж таньсан. Нөгөө хоёр хүнтэй нь би уулзаж ярилцахад нөгөө хоёр залуу уулнаас дөнгөж орж ирж байна хүн дээрэмддэг хүн биш гэж хэлсэн. Би өөрийнхөө 99402863 дугаарын гар утаснаас Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид ирээд хохирогчийг аваад явсан. Дараа нь нөгөө хоёр залууг авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Гэрч Т.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Бид нар Арбулаг гэх газраас буцаж яваад Шивэр гэх газарт хөдөөний айлуудаар орж нэрмэл архи бензинээр сольж авч ууцгаасан. Архи ууж байгаад С согтоод Зил-131 машинаа Бхд жолоодуулсан. Тэгээд бид нар Шивэр гэх газраас явж 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад Мандал суманд орж ирээд Ширхэнцэгийн 05 тоот хашаанд амьдардаг Жсыд очихоор явсан. Тэр үед Зил-131 машиныг Бх жолоодож явсан ба Ширхэнцэгийн гудамж руу орох гээд хойд үзүүрт нь явж байхад бид нарын урд гэрэлд согтуу эмэгтэй хүн явж байгаа харагдсан. Бид нар Зил-131 машинтайгаа тэр эмэгтэйгийн хажуугаар гараад Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэг рүү орох гэтэл У.С би эндээс гэртээ харьлаа та нар машиныг хашаандаа оруулаад тавьчих маргааш машинаа бөөнөөр засъя гэж хэлэхээр нь Бх машиныг зогсоосон. С машинаас буухаар нь бид нар цааш явж Ширхэнцэгийн 05 тоот хашаанд машиныг оруулаад тавьж бүгд Жсы гэрт орцгоосон. Бид нар Жсы гэрт ороод удаагүй байж байхад араас эхлээд Депод ажилладаг Гз гэдэг залуу орж ирээд манай эгчийг та нар зодсон байна гэхээр нь бид нар гайхаад юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь одоо тэгвэл цагдаа дуудаж байгаад шийдүүлнэ гэж хэлсэн. Бид нар дууд дууд гэж хэлсэн. Гзийн араас нөгөө согтуу хүүхэн орж ирээд өө чи байна шүү дээ гэж над руу заагаад гар утас авсан гэж хэлсэн...... Хөдөө уулнаас бууж ирэхдээ Шивэр гэх газар 4 литр нэрмэл архи хувааж ууцгаасан. Тэгээд Мандал суманд орж ирэхэд С их хэмжээний согтолттой байсан. У.С болсон үйл явдлыг санахааргүй согтуу байсан байх гэж бодож байна. Мандал суманд орж ирээд СББХК-ний урд тал ширхэнцэгийн гудамжны үзүүрт С нь гэр лүүгээ харьлаа гээд машинаас буугаад үлдсэн. * дугаар нь миний эзэмшлийн дугаар юм. Би тэр дугаарыг авсан өдрөөс хойш У.С ашиглаж байсан. Одоо би ямар хувцастай байсан гэдгийг сайн санахгүй байна. Цайвар өнгийн бэлтгэлийн цамцтай байсан шиг санаад байна гэх мэдүүлэг /Хх-н 36, 112 дугаар хуудас/

Гэрч П.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бид нар 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөртөл ярьж пиво ууж суусан. Тухайн үед Ч.Дц хойд тал нь цэнхэр өнгөтэй нимгэн хэлбэртэй гялалзаж гялтганасан гар утас барьчихсан байсан, надад хэлэхдээ 2 хоногийн өмнө шинээр худалдаж авсан юм гэж тайлбарлаж байсан. Ямар үнэтэй утас худалдаж авсан талаар Дцээс би асуугаагүй. Гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Гэрч С.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би У.Сгийн машиныг жолоодож Мандал суманд 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад ирсэн. У.Сгийн машиныг Ширхэнцэгийн 05 тоотод байдаг Жсы хашаанд оруулж тавиад засна гэж бид нар хоорондоо ярилцаж тохирсон. Тэгээд Спиртийн үйлдвэрийн урд уулзвараас шороон зам руу бууж Ширхэнцэгийн гудамж руу явж байтал бидний машины гэрэлд согтуу эмэгтэй хүн зам дагаад явж байгаа харагдсан. Бид нар тэр эмэгтэйгийн хажуугаар гараад Ширхэнцэгийн гудамж руу яг орох гэж байхад У.С би эндээс харьлаа гэж хэлээд машиныг зогсоолгож байгаад буусан. Би машиныг жолоодсон хэвээр явж Ширхэнцэгийн 05 тоотод байдаг Жсы хашаа руу Сгийн машиныг оруулж тавьсан. Бид нар Жсы гэрт ороод гар утсаа цэнэглэж байтал эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд эрэгтэй нь надад хандаж чи яөахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ бид нар уулнаас дөнгөж орж ирж байна гэж хэлсэн. Цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/

Гэрч Д.Жсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд Шивэрээс гараад Мандал сум руу явж байх замд миний нойр хүрээд унтсан. Нэг сэрсэн чинь машин Мандал сумын төвд ирчихсэн манай хашаанд ороод зогссон байсан. Машинаас буугаад би гэртээ ороод орондоо ороод хэвтсэн. Тэгтэл манай гэрт гаднаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд эмэгтэй нь энэ намайг зодсон хүн мөн байна гээд Бх рүү орилж хашгираад байхаар нь би чи хүн андуураад байгаа юм биш үү манай гэрээс гараач гэж хэлсэн...... Бид уулнаас буугаад Шивэр гэх газар монгол архи ууцгаасан. Эхлээд 4-лээ 2 литр нэрмэл архи уусан. Би түүнийг уучхаад цаашаа хонинд яваад ирэхэд үлдсэн хүмүүс дахиад 2 литр нэрмэл архи уусан юм шиг байсан. Тэгээд тэндээс хөдлөх үед Сгийн согтолт нь гайгүй л байх шиг байсан. Зүүнхараад ирээд Сг машинаас буух үед би машинд унтаж байсан. Яаж хэзээ буусныг мэдээгүй. Гэртээ дөнгөж иртэл араас нэг согтуу хүүхэн орилоод ороод ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 44, 113 дугаар хуудас/

Гэрч Х.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Би 2019 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Тэди гар утас худалдааны төвөөс  Huawei Y-7 загварын гар утсыг 860000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хүүхдийн сургуулийн хувцас бэлтгэх мөнгөний хэрэг болохоор нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө худалдаж авсан Huawei Y-7 загварын гар утсыг Ч.Дцт 860000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /Хх-н 46 дугаар хуудас/

Гэрч А.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэр орой 23 цагийн орчим байх манай нөхөр У.С өөрийнхөө барьдаг * дугаарын утаснаас миний * дугаарын утас руу залгаад харьж явна та 3 унтаагүй юу гэх мэтийн юм ярьсаар байгаад гэртээ орж ирээд унтаад өгсөн. Гэтэл шөнө цагийг нь санахгүй байна цагдаа ирээд манай нөхрийг дээрэм хийсэн байна гээд авч явсан.... Харьж байна гэж залгаад утас нь тасрахгүй байж байгаад гэртээ орж ирсэн. Ойролцоогоор 20 орчим минут ярьсан байх гэж бодож байна. Манай нөхрийн утас Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг юм. Тэгээд над руу утсаар ярьж явах замдаа бөөлжөөд байх шиг байсан. 95276026 дугаар нь Стэй цуг модонд явдаг Ббын нэр дээр байгаа. Нөгөө дугаар нь миний нэр дээр байгаа. Би худлаа яриагүй. Манай нөхөр С нь гэртээ орж ирэхдээ бор өнгийн ноолууран цамц хар хөх өнгийн өмдтэй байсан. Нэг хөл нь доголоод унтаж байхдаа амьсгаа нь эвгүй сонсогдоод байсан. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь гэмтэлтэй байна гэсэн гэх мэдүүлэг /Хх-н 114 дүгээр хуудас/

Гэрч Б.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тухайн үед Дц нь намайг дээрэмдсэн хүн пүүзтэй байсан гэж ярьдаг. Цагдаа дээр ирсэн 2 залуу нь хоёулаа бакал гуталтай байсан бөгөөд тэр хоёр С ах машинаас түрүүлээд буусан пүүзтэй байсан гэхээр нь Сгийн гэрт очиж Сг цагдаа дээр авчирсан юм. Тухайн шөнө 01 цагийн орчим байх Сг гэрээс нь очиж авахад Сгийн биеийн байдал зүгээр байсан. Ямар нэгэн гэмтэлтэй байсан гэхээр зүйл мэдэгдээгүй. Гэхдээ хүнд зодуулсан гэж ярьж байсан. Маргааш нь түүний явсан маршрутыг тогтоох гээд дагуулаад явахад зүгээр л дагаад яваад байсан. Тэр шөнө У.С нь надад тэр хүүхнийг дээрэмдсэн гэдгээ санахгүй байна. Гэхдээ би Зил-131 машин дотор хэвтэж байсан. Хэвтэж байхад гадаа хүмүүс хэрэлдээд байсан гэж ярьсан. Дц Зил-131 машин байсан хашаанд очоод тэнд байсан хүмүүстэй хэрэлдээд байсан талаар цагдаа дээр ирэхдээ ярьдаг юм. Тэр үед У.Сэрглэн машин дотроо байсан юм шиг байна лээ. С нь би машин дотор хэвтэж байхдаа даараад байхаар нь машинаас гараад Хатант хорооллын хажуугаар яваад гэртээ харьсан гэж ярьсан гэх мэдүүлэг /Хх-н 116 дугаар хуудас/

Гэрч А.Сгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай Мобикомын дугаарын ярианы дэлгэрэнгүй билл нь сүүлийн 3 сарын хугацаагаар систем дээр хадгалагдаж үлддэг. Тиймээс 95276026 дугаарын хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй билл нь 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих өдрийн яриа нь өнөөдрийн байдлаар гарах боломжгүй гэх мэдүүлэг /Хх-н 117 дугаар хуудас/

Гэрч Ш.Эрдэнэбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Спиртийн үйлдвэрийн урд талын засмал зам дээр байрлах тухайн камер нь одоо ажиллахгүй байгаа. Ер нь замын хяналтын камерууд одоогоос 2 жил орчмын өмнөөс зарим нь 1 жилийн өмнөөс ажиллагаагүй болсон.... 2018 оноос хойш замын хяналтын камерууд бүгд ажиллахгүй болсон. 2019 оны 08 дугаар сард СББХК-ний урд талын камер ажиллахгүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 118 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр № 165 ........ Дүгнэлт:

1.Ч.Дцийн биед баруун хацар, хамрын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 55 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-10 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 16-19 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Дцийн дээд үүдэн металл шаазан шүд хийлгэхэд нэг сая төгрөг төлсөн баримт /Хх-н 27 дугаар хуудас/

Huawei Y-7 загварын гар утсыг 860000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 50 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 65 дугаар хуудас/

У.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 66 дугаар хуудас/

У.С нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 71 дүгээр хуудас/

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 119-122 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс 600000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

 

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23-24 цагийн орчимд иргэн Ч.Дц нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт өөрийн эзэмшлийн Huawei Y-7 загварын гар утсыг бусдад дээрэмдүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна.

            Энэ гэмт хэргийг шүүгдэгч У.Сг үйлдсэн гэж Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн 1932000000159 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч У.С нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Дцт хүч хэрэглэн довтолж гартаа барьж явсан Huawei Y-7 загварын гар утсыг дээрэмдэн авч 860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 15 минутанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн № 17 тоот өрөөнд эхлүүлсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд ..... Таньж олуулах ажиллагаа явуулахаар урьдчилан бэлтгэсэн Цагдаагийн хэлтсийн № 17 тоот мэдүүлэг авах өрөөнд оруулав. Ингээд гэрч Ч.Дцийг таньж олуулах ажиллагаа явуулах өрөөнд оруулж 1, 2, 3, 4 дугаар барьсан хүмүүс дотор таныг 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой дээрэмдсэн хүн байна уу гэж асуухад Ч.Дц 3 дугаартай тоог барьсан У.Сг зааж энэ хүн намайг дээрэмдсэн хүн яг мөн байна, би энэ хүнийг царай төрхөөр нь биеийн өндрөөр нь  таньж байна, энэ хүний хамаатан садан нь Мандал сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт жолоочоор ажилладаг, энэ хүний төрсөн эх нь Гандангийн 7 тоот байранд байдаг, харин би согтуу байх үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой Ширхэнцэгийн 05 тоот хашаанд орж  энэ 1 дугаар барьсан /Т.Бб/ залууг андуурч энэ хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна гэж хэлсэн. Намайг дээрэмдсэн залуу гэхдээ өчигдөр энэ хүмүүс дотор байхгүй байсан гэж таньж олов. Таньж олуулах ажиллагааны явц байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв /Хх-н 16 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаагаар хохирогч Ч.Дц нь 3 дугаартай тоог барьсан У.Сг хуруугаараа зааж таньж олж байгааг хуруулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 17 дугаар хуудас/, мөн хохирогч Ч.Дцийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... хэдэн хүн авчраад надаар таньж олуулахад би У.Сг хараад шууд таньсан ... гэх мэдүүлэг, гэрч Г.Гзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгэхээр нь би гүйгээд очтол тэр эмэгтэйн дэргэд байсан эрэгтэй хүн намайг хараад зугатаад гүйсэн. Яваад очтол манай хажуу талд амьдардаг Дц байсан. Дцээс юу болсон талаар асуухад Зил-131 машины кабинаас нэг хүн бууж ирээд намайг зодож гар утас аваад явчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/, гэрч Т.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тэр үед Зил-131 машиныг Бх жолоодож явсан ба Ширхэнцэгийн гудамж руу орох гээд хойд үзүүрт нь явж байхад бид нарын урд гэрэлд согтуу эмэгтэй хүн явж байгаа харагдсан. Бид нар Зил-131 машинтайгаа тэр эмэгтэйгийн хажуугаар гараад Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэг рүү орох гэтэл У.С би эндээс гэртээ харьлаа та нар машиныг хашаандаа оруулаад тавьчих маргааш машинаа бөөнөөр засъя гэж хэлэхээр нь Бх машиныг зогсоосон..... У.С болсон үйл явдлыг санахааргүй согтуу байсан байх гэж бодож байна. Мандал суманд орж ирээд СББХК-ний урд тал ширхэнцэгийн гудамжны үзүүрт С нь гэр лүүгээ харьлаа гээд машинаас буугаад үлдсэн. 95276026 дугаар нь миний эзэмшлийн дугаар юм. Би тэр дугаарыг авсан өдрөөс хойш У.С ашиглаж байсан. Одоо би ямар хувцастай байсан гэдгийг сайн санахгүй байна. Цайвар өнгийн бэлтгэлийн цамцтай байсан шиг санаад байна гэх мэдүүлэг /Хх-н 36, 112 дугаар хуудас/,  гэрч С.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд Спиртийн үйлдвэрийн урд уулзвараас шороон зам руу бууж Ширхэнцэгийн гудамж руу явж байтал бидний машины гэрэлд согтуу эмэгтэй хүн зам дагаад явж байгаа харагдсан. Бид нар тэр эмэгтэйгийн хажуугаар гараад Ширхэнцэгийн гудамж руу яг орох гэж байхад У.С би эндээс харьлаа гэж хэлээд машиныг зогсоолгож байгаад буусан гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/ зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Харин шүүгдэгч У.С нь би энэ хэргийг үйлдээгүй,  тэр өдөр Шивэр гэх газарт хүнд зодуулаад хавирга гэмтэлтэй, хөл доголон байсан гэж мэдүүлж байгаа боловч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 246 дугаартай захирамжаар У.Сд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа У.Сгээс гаргасан бүх хүсэлтийг хангаж энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг заасан ба гэрч Д.Жс, С.Бх, Т.Бб нараас дахин мэдүүлэг авахдаа У.С нь тухайн үед машинаас буухдаа ямар байдалтай буусан талаар тодруулж асуулгахаар заасан боловч гэрч Д.Жс, С.Бх, Т.Бб нар нь хөл нь доголон хавирга нь гэмтэлтэй байсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, мөн шүүгдэгч У.С нь Шивэр гэх газар хэн гэдэг хүнтэй зодолдсон, зодолдсоны улмаас биедээ ямар гэмтэл авсан талаар хавтаст хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснээр, мөн гэрч Б.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тухайн шөнө 01 цагийн орчим байх Сг гэрээс нь очиж авахад Сгийн биеийн байдал зүгээр байсан. Ямар нэгэн гэмтэлтэй байсан гэхээр зүйл мэдэгдээгүй. Гэхдээ хүнд зодуулсан гэж ярьж байсан. Маргааш нь түүний явсан маршрутыг тогтоох гээд дагуулаад явахад зүгээр л дагаад яваад байсан гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч У.С нь би тэр өдөр Зил-131 машинаас буугаад гэртээ очин очтол эхнэр А.Бцтэй 95276026 дугаарын гар утаснаас эхнэрийн 99301883 дугаарын гар утас руу дуудлага хийж холбогдон ярьсан. 95276026 гэсэн дугаар нь Т.Ббын нэр дээр байснаас холбогдох ярианы билл авч чадаагүй гэж байгаа боловч энэ хэрэгт холбогдсоноос хойш өөрийнхөө хэлж буйг нотлох баримт болгож эхнэр А.Бцээр 99301883 дугаарын гар утас руу ярьсан эсэхийг тогтоолгохоор Т.Ббаас шалтгаалахгүйгээр эхнэр А.Бцээр өөрийнх нь 99301883 утас руу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ямар дуудлага гарсан орсныг нотлохоор Мобикомоос лавлагаа авч нотлох баримтаар тооцуулахаар өгч болох байсан бөгөөд одоо энэ нь гэрч А.Сгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай Мобикомын дугаарын ярианы дэлгэрэнгүй билл нь сүүлийн 3 сарын хугацаагаар систем дээр хадгалагдаж үлддэг. Тиймээс 95276026 дугаарын хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй билл нь 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих өдрийн яриа нь өнөөдрийн байдлаар гарах боломжгүй гэсэн тул одоо 95276026, 99301883 гэсэн дугааруудын хоорондын холбогдсон дуудлагын талаар нотлох ямар нэгэн ажиллагаа хийх боломжгүй болсныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч У.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй, харин улсын яллагчаас шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч болно ... гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч У.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч У.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжгүй тул уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох 02 жилийн хорих ялыг оногдуулах,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Дц нь гар утасны үнэ 860000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөг, дээд үүдэн металл шаазан шүд хийлгэсэн төлбөрт 1000000 төгрөг, шинжээч эмчид үзүүлэхэд төлсөн 8000 төгрөг, нийт 2468000 төгрөгийг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчид төлөх зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох, үлдэх 1868000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн шүүгдэгч У.Сгээс гаргуулж хохирогч Ч.Дцт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хиймэл үүдэн шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Сартуул овогт Удвалын Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан У.Сг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Сд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хиймэл шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан У.Сгээс 1868000 /нэг сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцатын № 26 тоотод оршин суух, Тэрэгчин овогт Чулуунхүүгийн Дцт /РД:МЗ87040165/ олгосугай.

6. Хохирогч Ч.Дцийн 2468000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс  1868000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 600000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН