Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00085/И |
Дугаар | 00190 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 00190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шанд 20-6 тоотод оршин суух Хайдав овгийн Даваасүрэнгийн Амгалангийн /АН-89101204 /нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөл 4-3 тоотод Хэрэйд овгийн Баатаржавын Очирбаярт /ФД-89011214 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Амгалан Б.Очирбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний Б.Очирбаяртай 2008 онд танилцан гэр бүл болж, 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж амьдарсан.Бидний дундаас 2010 онд хүү О.Содгэрэл төрсөн.2010 оны сүүлээр бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамт амьдрахгүй тус тусдаа амьдарсан.Одоо би өөр хүнтэй хамтын амьдралтай тул гэрлэлтээ цуцлуулж, хүү О.Содгэрэлийг өөрийн асрамжид авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож, 18 насанд хүртэл нь хугацаатай хадгаламжид хийлгэх хүсэлтэй.Бидэнд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.2010 оноос хойш туслаа амьдарч байгаа ба тустусын гэр бүл хань ижилтэй болсон тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү.Хүү Содгэрэл миний асрамжинд байгаа.Эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно гэжээ.
Хариуцагч Б.Очирбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Очирбаяр нь Даваасүрэн овогтой Амгалангаас салахыг зөвшөөрч байна хэргийг нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч байна мөн хүүхдээ эх дээр нь өгөхийг зөвшөөрч байна.Шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдэж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний болон хүүхдийн төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, сургуулийн, өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Амгалан нь Б.Очирбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах,хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ба хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын хөрөнгийн талаар маргаагүй.
Зохигчид 2009 онд гэрлэлтээ батлуулан 2010 оны 03 дугаар сарын 07-нд хүү О.Содгэрэлийг төрүүлсэн, зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан 2010 оноос тусдаа амьдарч байгаа, хүүхэд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, багийн болон өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 28-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба шүүх хуралдаанд хэн алин нь цаашид гэрлэлтийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон,тус тусын амьдрал зохиосон гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлаж,хүүхдийг эхийн асрамжинд үлдээж эцгээс нтнь хуульд заасан журмын дагуу тэтгэлэг тогтоож тэтгүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Д.Амгалан, Б.Очирбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 03 сарын 07-нд төрсөн хүү О.Содгэрэлийг эх Д.Амгалангийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан О.Содгэрэлийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%иар,16 нас/суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Очирбаяраас тэтгэлэг тогтоон сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ