| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00154/Э |
| Дугаар | 00161 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00161
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Хохирогч Ш.Шт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чд холбогдох 1932000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1980 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, * хонхор гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж уг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тогтоосон, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ямаат овогт Чинбатын Ч. /РД: */
Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-25 тоотод байрлах иргэн Ш.Штгийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Штг өөрийн найзтайгаа хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чгийн өгсөн ......... 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ш.Штгийн гэрт түүнийг цохиж зодож гэмтэл учруулсан нь үнэн. Бз, Батбаяр гэх 2 найзын хамт Штгийн гэрт очоод 2 шил архи уусан. Шт бид хоёр гэр бүлийн харилцаатай хүмүүс юм. Тэгээд 2017 онд шүүхээр шийтгүүлснээс хойш уулзалдахгүй байж байгаад тэр өдөр уулзалдсан юм. Батбаяр гэх залуу баруун талын орон дээр Шттай сууж байсан тэгснээ Батбаяр Штгийн гэдэс рүү нь гараа хийж илж таалаад байхаар нь миний уур хүрч та хоёр миний нүдэн дээр нэртэйгээр нь унт гэж хэлээд аяга авч шидэхэд орны толгойд цохигдож хагарсан. Хагархайгаар нь би чичихэд Штгийн гарыг зүссэн. Үснээс нь чирч зулгаасан. Бз салгах үед Шт гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг
Хохирогч Ш.Штгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос суудлаар Мандал суманд ирсэн. Тэгсэн Ч над руу залгаад хаана байна гэхээр нь гэрийнхээ үүдэнд таксинаас бууж байна гэсэн чинь танайд яваад очъё гэсэн. Тэгээд Ч 2 найзын хамт ирсэн. Дэлгүүр орж 2 шил архи авч хувааж уусан. Архиа ууж байгаад Ч хэрүүл маргаан хийсэн. Чгийн нэг найз нь баруун талын орон дээр хэвтсэн байсан би хажууд нь сууж байсан чинь тэр залуу миний гэдэс рүү гараа хийж илсэн чинь Ч түүнийг хараад уурлаж аяга авч шидээд аяга хагарсан чинь бид хоёр орон дээр ноцолдоод миний гар зүсэгдсэн. Намайг гарах гэсэн чинь үснээс зулгааж аваад 2-3 удаа цохисон. Хамт явсан ах нь салгахаар нь гарч гүйгээд цагдаа дуудсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Тухайн үед миний буруу бас байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Н.Бзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд орой болж байсан чинь Ч энд нэг айлаар орчихоод явъя гээд намайг болон надтай хамт гүрүүшиг буюу хөлсөөр ажил хийдэг Батбаяр гэх залууг дагуулаад нэг айлд орсон. Тэр айлд нэг эмэгтэй ганцаараа байсан. Тэгээд бид дөрөв нийлээд 0.75 литрийн нэг, 0.5 литрийн нэг нийт 2 шил архи хувааж уусан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн үед байхаа сайн санахгүй байна тэр үед Ч тэр Шинээ гэж Шт дуудаад байсан хүүхэнтэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд хэрэлдэж байгаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад Шинээ рүү шидсэн. Тэгээд босоод тэр хоёр зууралдаад орон дээр хэрэлдээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь тэр хүүхэн гараад гүйсэн. Тийм л зүйл болсон... Шт Чг аяга шидэх үед гараараа хаагаад арагшаа хэвтсэн. Тэр үед аяга хагараад гарыг нь зүссэн байх гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № 184 ............ Дүгнэлт:
1.Ш.Штгийн зүүн гарын бугуйн үе, сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19-20 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-10 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар 20 см урттай, бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон аяганы хэлтэрхийнүүдийг хураан авсан тэмдэглэл /Хх-н 16 дугаар хуудас/
Ч.Чгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 33 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-25 тоотод байрлах иргэн Ш.Штгийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Штг өөрийн найзтайгаа хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Штг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж догшин авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба энэ зүйл ангиар зүйлчлэн ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Чгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ... гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ч.Чд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.Шт нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон аяганы хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Ямаат овогт Чинбатын Чг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Чг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон аяганы хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Чд оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чг хохирогч Ш.Штгийн гэрт очих, түүнтэй харилцахыг хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.Чд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14
хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН