| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00163/Э |
| Дугаар | 00174 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 00174
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох 1932002020213 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдрах,*тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Буяндэлгэрийн Э. /РД: */
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын № 28 тоот хашааны гадна байсан иргэн Э.Обын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн…. ... 2019 оны 10 дугаар сарын20-ны өдөр 20-21 цагийн үед найз энхбат, Мөрөн нарын хамт Мөрөнг хүргэж өгөхөөр Энхбатын эзэмшлийн приус-20 маркийн машинтай явж байсан юм. Тэгээд хөдөө явах ажил гараад мотоциклийн хэрэг болсон. Мөрөнг хүргэж өгөх гээд явж байтал Обын мотоцикль Наранбаатарын гэрийн гадна байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар Об руу залгаж мотоциклийг нь гуйх гэхэд утсаа авахгүй байсан. Би айлгах санаатай тоглоод мотоциклийг нь түрж авч яваад булан эргэж зогсоод кундакторыг нь салгаж гишгэж асаагаад буцаагаад авсан газраа аваачиж тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э.Обын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад манай найз У.Наранбаатар миний утас руу залгаад чиний мотоциклийг хулгайлаад орхиод явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн бэ гэтэл У.Наранбаатар хэлэхдээ Эрдка хочтой Б.Э байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед замын цагдаагийн пост дээр ажилтай байсан Түмэнбаяр ахад хэлсэн.... Супер даюун маркийн ногоон өнгөтэй улсын дугааргүй мотоциклийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг 18 нас хүрэхэд манай аав Эрхэмбаяр надад Зүүнхараагийн худалдааны захын мотоцикль зардаг Нш гэх ахаас 1950000 төгрөгөөр худалдаж аваад надад өгсөн. Эвдрэл гэмтэл байгаагүй ээ гэхдээ кундакторын нэг утсыг нь тасдсан байна лээ би эргээд холбочихсон. Миний мотоциклийн бензин дуусаагүй байсан бол би мотоциклио алдах байсан. Гэхдээ одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/
Гэрч У.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай найз Об мотоциклтойгоо манай гэрт ирээд хорихын тэндээс машин очиж авна гээд бид хоёр хорихын тэнд очоод Об машинаа бариад харин би Обын мотоциклийг бариад араас нь дагаж явж байгаад Солонго рестароны тэнд бензин нь дуусаад унтарчихсан. Харин Об машинтайгаа вокзал руу явсан. Би бензин нь дууссан мотоциклийг түрээд гэр лүүгээ явсан. Гэрийн гадаа нөгөө түрж ирсэн мотоциклио тавиад гэртээ ороод байж байсан чинь хашааны гадаа мотоциклийн дуугарах чимээ гарахаар нь гараад харсан чинь Обын мотоцикль алга болчихсон харин урд айлын хашааны үүдэнд мотоцикль нь байсан ба хажууд нь хүн зогсож байгаа харагдсан. Намайг яваад очсон чинь Эрдка буюу Э хажууд нь зогсож байсан. Чи яагаад дураараа хүний мотоцикль асааж унаж яваа юм бэ гэж хэлсэн чинь зүгээр асааж үзсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад түлхүүр нь байхад чи яаж асаасан юм гэж хэлсэн чинь би кундакторыг нь салгаж байгаад асаасан гэж хэлсэн. Удалгүй цэнхэр өнгийн приус ирээд Эыг аваад явчихсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 8-9 дүгээр хуудас/
Хятад улсад үйлдвэрлэсэн супер даюун маркийн мотоциклийг 1500000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/
Б.Эын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчимд * тоот хашааны гадна байсан иргэн Э.Обын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Эын хохирогч Э.Обын эзэмшлийн мотоциклийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь шунахай зорилгогүйгээр тодорхой газар хүрэх, хөл дайх гэсэн зорилгоор хууль бусаар эзэмшсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Об нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Эыг бусдын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН