Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00175

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бд холбогдох 1932000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1960 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын № 70 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Пунцагийн Б. /РД: */

 

           Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 49 тоотод байрлах иргэн А.Алтанхуягийн гэрийн хашаанд иргэн Н.Ожтай маргалдан түүний нүүр орчимд нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бгийн өгсөн…. ... 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Алтанхуягийн гэрт очсон. Ож намайг хүрээд ир гэж дуудсан юм. Бид нар тэнд 2 шил архи хувааж уусан. Гаднаас А.Эб 17 цагийн үед Алтанхуягийн гэрт орж ирсэн. Тэгээд Эб Алтанхуяг руу үг хаяад байсан. Тэгэхээр нь би Эбыг явъя гээд аваад гарсан. Тэгсэн би малгайгаа мартаад гарсан байсан. Малгайгаа авахгээд буцаж ороод хаалгыг нь нүдээд орилоход Ож над руу юу гэж орилоод байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр лүү цохисон. Тэгээд Ож бид хоёр Алтанхуягийн гэрээс гараад хашаан дотор ноцолдох үед Ож өвсний сэрээ аваад миний гуя орчимд цохисон. Тэгэхээр нь би Ожын дээр нь гарч гараад цамцаар нь хоолойг нь боогоод нүүр орчимд нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Н.Ожын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Алтанхуяг багшийн гэрт Бгийн хамт ганц нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд байж байтал орой гаднаас Эб нилээн согтуу орж ирсэн. Тэгээд Эб учир зүггүй хэрүүл өдөж Бяг боож аваад тэр хоёр зууралдсан. Тэгэнгүүт Алтанхуяг багш тэр хоёрыг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд байж байсан чинь Алтанхуяг багшийн гэрийн хаалгыг гаднаас тэр хоёрын нэг нь тогшсон. Алтанхуяг багш хаалга онгойлгочих гэж надад хэлсэн. Би хаалгыг онгойлгосон чинь Бя Эб хоёр орж ирсэн. Тэгсэн Б над руу хэрүүл маргаан гаргаж намайг шууд зуураад авсан. Тэгээд чирээд Алтанхуяг багшийн гэрээс гарч хашаан дотор нь намайг боож унагаагаад шууд миний нүүр лүү цохиж зодсон. Тэр үед би өөдөөс нь зодолдож цохиулаад ухаан балартсан байсан яг яаж зодуулж цохиулснаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь Алтанхуяг багшийн хашааны гадна хэвтэж байсан..... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/

Гэрч А.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Гэтэл араас Б ах гараад ирсэн. Тэгээд Бя ах намайг хамт явъя гээд хамт явах гэсэн чинь малгайгаа мартчихлаа гэсэн. Билүү буцаад орсон. Тэгээд гарч ирэхдээ Б ах Отгоо хоёр барилцаад зодолдоод гараад ирсэн. Тэр үед Б ахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би хашаанаас гараад явсан. Тиймл зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № 190 ...... Дүгнэлт:

1.Н.Ожын биед духны зүүн талд цус хуралт, зулгаралт, зүүн талын чихний ар хэсэг, дээд доод уруулын дотор тал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархай, дух, зүүн чихэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 27 дугаар хуудас/

П.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 48 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

         

             Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 49 тоотод байрлах иргэн А.Алтанхуягийн гэрийн хашаанд иргэн Н.Ожтай маргалдан түүний нүүр орчимд нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П.Бгийн хохирогч Н.Ожын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон  үйлдэл нь  хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Н.Ож нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт Пунцагийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН