| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00241/Э |
| Дугаар | 00040 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Хохирогч Б.Об
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням
Шүүгдэгч Н.Б
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 1832000000092 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /*/ Урианхай овогт Наранбаатарын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Н.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газарт орших “Арцат” зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Toyota Prius-10” загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: … Би 2018 оны 07 сарын 27-ны өдөр бөөгийн галын найз нөхөд болон Б.Об эгч, нөхрийнх нь хамт бид хэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён” ууланд бөөгийн тахилга зан үйл хийхээр Улаанбаатар хотоос өглөө эрт гарсан юм. “Ноён” уулруу ирэхдээ хүний микро машин хөлсөлж явсан. Манай найз Мд машиныг бариад жолооч бид хоёр урд нь сууж явсан. Өдөржин яваад 17 цагийн үед “Ноён” ууланд ирээд машинаас юм хумаа буулгаад отоглоод суурьшихаар болоод байж байхад зан үйлд нэг хонь авах хэрэг болоод хонинд явах шаардлагатай боллоо гэсэн юм. Би тэр үед хөлөө хугалаад хадуулчихсан. Нэг их сайн алхаж чаддаггүй байсан болохоор нэг их юм хийгээгүй. Зүгээр сууж байсан. “Хонинд яваад ирээч” гэхээр нь за тэгье гээд хонинд явах гээд намайг машинд суухад нэг настай хүн явсан нь дээр байх гээд Б.Об эгчийн нөхрийг надтай хамт яваач гээд машинд суулгасан. Тэгээд байж байхад ардаас Б.Об эгч ирээд “хүүгээ аваад явчих” гэж хэлээд жаахан хүүхэд машины урд суудалд нь суулгасан. Тэгсэнээ “за за ер нь хамт явчихъя” гээд Б.Об эгч машины хойд суудалд суугаад бид дөрөв хонинд явахаар машинтай хөдлөөд зам уруудаад явсан. Зам уруудаад шороон замаар явж байхад нэг их сонин зам нь тонгойгоод өгсөөд гараад ирэхэд өөдөөс хар өнгийн машин аймар ойрхон зөрсөн. Би сандраад жолооны хүрдээ засмал зам дээр баруун гар талруу дархад машин бөгсөө хаяад шарваж эхэлсэн. Тэгээд зам дээр хоёр гурав мурилзаад замын хажуу талын жалга руу нэг цементэн шон мөргөж унагаад доошлоод нэг бүтэн эргээд модонд тулаад зогссон. Зогсоод буугаад хархад Б.Об эгчийн нөхөр зээ хүү нь бид гурав урд сандал байсан болохоор зүгээр. Хойшоо хархад Б.Об эгч байхгүй байсан, цонхоор харсан чинь цонхоор шидэгдээд машины хажууд унасан байсан. Тэгээд Б.Об эгчийг сэрээгээд дээшээ отог руугаа хэлээд бид хэд замын машинд дайгдаж яваад тэндээсээ нэг машин аваад Б.Об эгчийг эмнэлэг рүү явуулсан... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Об мэдүүлэхдээ: ... 2018 оны 7 сарын 27-нд тэр үед машинтай хонь авахаар явж байхад Н.Б машин бариж явахдаа аягүй эвгүй яваад байсан юм. Тэгэхээр нь би нөхөр Хуягаад “наадах чинь яаж яваад байна вэ, согтуу юм уу” гэж хэлэх завдалгүй машин онхолдож осол болсон юм. Замын зүүн тийшээ жолоогоо дараад замын хажууруу орсон. Тэрнээс цаашаа юу болсон талаар би үнэндээ санахгүй байна. Нэг мэдэхэд манай зээ 4 настай хүү, манай нөхөр хоёр наддээр ирчихсэн миний тархи толгойноос аймар их цус гоожчихсон хэвтэж байсан юм шиг байгаа юм. Тэгээд нүүр амны цус нөжийг арилгачихаад жаал сууж байгаад тэр газараас би салганаад л явсан шүү дээ. Яг үнэндээ Н.Б чи биднийг хаяад алга болсон шүү дээ. Тэгээд бид хэд ослын газраас явж байхад замд машин тааралдахгүй байж байгаад нэг том тэрэгтэй залуу жийптэй залуучууд гарч ирээд та нар хаа хүрч яваа юм бэ, яасан бэ гээд бид нарын отоглож байгаа газар хүргэж өгөөд бид нар тэндээ очоод микро машинд суугаад Мандал сумын нэгдсэн эмнэлэгт ирээд анхны тусламжийг авсан. Тархи толгойндоо оёдол тавиад гараа битүү гипсдүүлээд өвчин намдаах тариа хийгээд тэндээс өөрсдөө зардалаа гаргаад жижиг тэрэг авч Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэхээр явсан...энэ гэмт хэргийн улмаас надад учирсан хохирол төлбөрийг нэхэмжилнэ..., гомдолтой байна, шүүгдэгч Н.Быг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү... гэв.
Хохирогч Б.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Гх болон зээ хүү Б.Баяржаргал нарын хамт Улаанбаатар хотоос танил бөөгийн онгод буух үйл явцыг үзэж сонирхохоор Улаанбаатар хотоос тэдний хамт хөдөлсөн юм. Ингээд яваад Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён” уул гэх газарт очсон юм. Очсон газартаа ачаа бараагаа буулгаад хамт явсан хүмүүс шөлний хонинд явах хэрэгтэй байна, жоохон ахимаг настай хүмүүс явах шаардлагатай гэсэн юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр явахаар болсон. Хонинд явах машины жолооч гээд нэг залуу бид хоёрыг “та хоёр машинд суучих” гээд байсан. Тэгэхээр нь бид 2 суугаад явсан. Би ар талын суудалд сууж, нөхөр зээ хүү нар урд талын суудалд суусан. Тэгээд уулнаас сайжруулсан замаар уруудаад явж байхад жолооч залуу аягүй эвгүй маш хурдтай яваад байсан. Нөхөр бид 2 түүнд “зөөлөн яваачээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд бараг хэлж дуусаагүй байхад гэнэт баруун тийш жолооны хүрдээ дараад гүнзгий жалга руу орчихсон. Түүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр намайг сэрээсэн. Тэгээд сууж явсан машин аймар гүнзгий жалга дотор зогсчихсон би машины хажууд байж байсан. Миний толгой хэсгээс хүзүү, хоолойг дагаад цус урсаад тархи толгой манараад ухаан балартаад байсан. Ингээд намайг нөхөр болон бусад хүмүүс сумын эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би автомашиныхаа үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. Надаас найз Мд “машинаар чинь хонинд яваад ирье” гэхээр нь “одоо энэ уултай газраас хонь олдохгүй биз дээ” гэж хэлээд бөөгийн ундаалга буюу түшээ хийж эхэлсэн. Намайг бөөгийн түшээ хийж байх хооронд миний машин хөдлөөд явахад нь Н.Быг жолоодоод 2-3 хүн суулгаад явж байхыг мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/
Гэрч Д.Гх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эхнэр Б.Об бид хоёр, зээ хүү 04 настай Б.Бсы хамт Н.Б гэдэг хүний “Toyota Prius 10” загварын машинд суугаад 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой “Ноён” уулнаас уруудаж айлаас хонь авахаар явсан юм. Тэгээд 19 цагийн үед хуучин “Арцат” зуслангаас хойш өнгөрөөд сайжруулсан замаар явж байсан чинь эсрэг талаас машин гарч ирсэн чинь манай машины жолооч сандарсан юм байлгүй жолооны хүрдээ баруун гар тал руугаа дараад нэлээдгүй өндөр эрэг рүү 2-3 удаа өнхөрөөд модон дээр тулаад зогссон. Уг ослоос болоод манай эхнэр машинаас сугарч унаад газар хэвтэж байсан. Түүний биеийн байдал нь муу байсан учраас хамт явж байсан машинтай хүмүүсээ дуудаж машинтай ирэхээр нь эхнэрийгээ аваад Мандал сумын эмнэлэг дээр хүргэж ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/
Гэрч Л.От мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … бид нарыг отог дээр байж байхад цагаан өнгийн жийпэрхүү машин ирсэн. Тухайн машинаас хонинд явсан Гх гарч ирээд энэ Б чинь согтуу байсан байна шүү дээ машин онхолдоод манай эхнэр гэмтчихлээ гэж хашгирч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-р хуудас/
Гэрч Ё.Тж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … замд явахдаа худалдаж авсан архиа задалж “ёс юм чинь хүртчих” гэж хэлээд Н.Бт нэг удаагийн зориулалттай аяганы талаар хийж өгөхөд Н.Б ууж хоосон аягыг надад буцааж өгсөн. Түүнд дахин нэг аяга архи хийж өгөхөд уугаад хоосон аягыг надад буцааж өгсөн. ... Улаанбаатар хотоос гараад явж байхад нь архиа задалж түүнд хийж өгсөн. “Ноён” уул руу очиход 4-5 цаг явж очсон. Н.Б 2 аяга архи уусан, гэхдээ Ноён ууланд очиход архи нь гарчихсан байсан байхаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 60- 61-р хуудас/
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн №9320 дугаартай дүгнэлт: ...
1. Б.Обын биед гавлын баруун зулай, чамархайн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, баруун атгаал, шуу, богтос ясны далд хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт дух, бүсэлхий, ташаанд зулгаралт, зүүн шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 78-р хуудас/
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №7988 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн “Наранбаатар Б 2018.07.28” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Наранбаатар Б 2018.07.28” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дах 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 76-77-р хуудас/
2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ... 1. Toyota Prius 10 загварын 80-04 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Наранбаатарын Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 2. Жолоочийн үүрэг, 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 81-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /ХХ-ийн 5-10-р хуудас/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл AL9000L багажаар Н.Быг шалгахад 0.40% хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон /ХХ-ийн 11-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 105 дугаар хуудас/, Н.Б нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 103 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 205 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газарт орших “Арцат” зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Toyota Prius-10” загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Обын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Гтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/, Гэрч Д.Гхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/, Гэрч Л.Оты мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-р хуудас/, Гэрч Ё.Тжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 60- 61-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн №9320 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 78-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №7988 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 76-77-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 81-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /ХХ-ийн 5-10-р хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 11-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүт” гэх газарт орших “Арцат” зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Toyota Prius-10” загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч Б.Обад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна, надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн ба шүүгдэгчийн уг мэдүүлэг болон “Юниверсал ложистикс Монголиа” ХХК-н 2020 оны 04-р сарын 14-ны №20131 дугаартай “Н.Б нь 2020 оны 01-р сарын 21-нээс манай компанид агуулахын ажилтнаар ажиллаж байгаа, сарын үндсэн цалин 750000 төгрөг бөгөөд илүү цагийн нэмэгдэлтэйгээр 877840 төгрөг болно” гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” боломжгүй байна. Учир нь: Хохирогч Б.Об: “...шүүгдэгч Н.Бт гомдолтой байна, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлээ эмчилүүлэхэд гарсан зардал, олох байсан орлого, хохирол, төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа. Шүүгдэгч Н.Быг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэж шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа ба шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ дурьдсан “...хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг нь биелэгдэх боломжтой болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэлээ.
Н.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хохирогч Б.Обаас гэмт хэргийн хохирол, хор уршиг, эмчилгээний зардалд дараах нотлох баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргасан байна. Үүнд:“Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримт /ХХ-ийн 20 дугаар хуудас/, “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Оношилгоо, эм тарианы зардалын баримт /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Оношилгоо, эм тарианы зардалын баримт /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Зардалын баримт /ХХ-ийн 118 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар нийт 3635000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Н.Б 3635000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба харин шүүх хуралдааны шатанд хохирогч Б.Обаас 2019 оны 06 сарын 03-ны өдрийн эм тарианы баримтаар 4700 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдрийн эм тарианы баримтаар 4500 төгрөг, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн эм тарианы баримтаар 7200 төгрөг, 2019 оны 06 сарын 02-ны өдрийн эм тарианы баримтаар 32500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эм тарианы баримтаар 44000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдрийн эм тарианы баримтаар 28000 төгрөг, 2019 оны 12 сарын 10-ны өдрийн эм тарианы баримтаар 500 төгрөг, 2019 оны 11 сарын 10-ны өдрийн бензиний баримтаар 9750 төгрөг, 2020 оны 04 сарын 15-ны өдрийн бензиний баримтаар 50000 төгрөг, 2020 оны 04 сарын 15-ны өдрийн хоолны баримтаар 13000 төгрөг, Хараа буудлын кавтанз 29000 төгрөг, 2019 оны 03 сарын 30-ны өдрийн билетийн баримтаар 12000 төгрөг, 2019 оны 03 сарын 30-ны өдрийн билет баримтаар 12000 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн автомашины зогсоолын төлбөрийн баримтаар 1000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн билетийн баримтаар 11400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн билетийн баримтаар 4600 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн билетийн баримтаар 4600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баримтаар 11400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн баримтаар 4600 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баримтаар 11100 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баримтаар 7600 төгрөг, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн шинжилгээний баримтаар 65000 төгрөг, 2019 оны 11 сарын 27-ны өдрийн эм тарианы баримтаар 284000 төгрөг, 2019 оны 04 сарын 03-ны өдрийн эм тарианы баримтаар 321550 төгрөг, 2018 оны 09 сарын 15-ны өдрийн эм тарианы баримтаар 372000 төгрөг, 2020 оны 03 сарын 09-ний өдрийн эмнэлэгийн төлбөр баримтаар 525000 төгрөг, нийт 1914650 төгрөг мөн “Дэндэвийн сэрээнэн” ХХК-ийн тодорхойлолт /ХХ-н 25-р хуудас/, Тусгай зөвшөөрөл /ХХ-н 26-р хуудас/, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ /ХХ-н 27-р хуудас/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-н 28-р хуудас/, гараар бичсэн тооцооны баримт /ХХ-н 30-31-р хуудас/, Татварын албаны тодорхойлолт /ХХ-н 120-р хуудас/ зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган энэ хэргийн улмаас олох байсан орлого 11250000 төгрөг, нийт 13164650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд дээрхи хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулж, энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч С.Гтоос Авто машины оношилгооны баримтаар 34000 төгрөг /ХХ-ийн 128 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 2615000 төгрөг /ХХ-ийн 132 дугаар хуудас/, Улаанбаатар хот руу машин тээвэрлэсэн зардлын баримтаар 300000 төгрөг нийт 2949000 төгрөг тус тус нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч Н.Баас иргэний нэхэмжлэгч С.Гтод 2600000 төгрөг төлсөн байна.
Иргэний нэхэмжлэгч С.Гт нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул иргэний нэхэмжлэгч С.Гтын нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна гэж үзэв.
Мөн Урианхай овогт Монголын Болормаагийн эзэмшлийн Hyundai Sonata-6 загварын “07-69” УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Наранбаатарын Быг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас осол гаргаж хохирогч Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Бт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Баас 13164650 /арван гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хороо 6-65 тоотод оршин суух Боржигон овогт Бүүвэйбаатарын Обад олгосугай.
5. Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт Урианхай овогт Монголын Болормаагийн эзэмшлийн “Hyundai Sonata-6” загварын “07-69” УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хуудсын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.Бын эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.