Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

          Нарийн бичгийн дарга                                          С.Төртулах

          Улсын яллагч                                                        Э.Гантулга

          Иргэдийн төлөөлөгч                                              С.Мөнхбат

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        А.Хандмаа

                                                                                        Г.Амартүвшин /онлайнаар/,

          Шүүгдэгч                                                                Б.Г, М.Х, Г.Шз нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Шз, М.Х нарт холбогдох 1832001010124 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №392 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Алаг адуут овогт Баярмагнайн Г.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харуул овогт Мөнхтуулын Х.

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 3-р хороо 32-33 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ШУ:96021214/ Хонгор овогт Гантулгын Шз.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Г нь М.Х, Г.Шз нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зоогийн газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Г нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 хорооллын 5-2-25 тоотод оршин суух Б.Энын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Асер” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 12-74 тоотод оршин суух иргэн А.Бтын гэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэвтрэн орж LG загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 288000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн О.Ддын “Samsung Galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 567200 төгрөгийн хохирол учруулсан,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин “ зочид буудлын үүдэнд 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнө иргэн Ш.Өбыг унтаж байхад нь гар утас, мөнгөн гинж, бугуйн цаг, бэлэн 500000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 860000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба хулгайлах гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 5 удаа үйлдэж хулгайлах гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэв шинж болгосон.

Мөн Б.Г нь * тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алаг Эрдэнэ” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Дэжидсүрэнгийн “Samsung Galaxy S6” маркийн гар утсыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гутал” ХК-ийн 409 тоот өрөөнөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Гчы “Samsung Galaxy J5” загварын гар утсыг ‘‘ярьчихаад өгье” гэж хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан,

* тоотод оршин суух иргэн Б.Солонгын “Samsung Galaxy А6” загварын гар утсыг 2018 оны 11 сарын 18-ны өдөр 08 цагийн орчим хуурч аван 535200 төгрөгийн хохирол учруулсан.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Зхгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа “Samsung S6” загварын гар утсыг итгэл төрүүлэн хууран авч 280000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба залилах гэмт хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа залилах гэмт хэргийг үйлдэх нь амьдралых нь хэв шинж болсон,

Мөн М.Х нь Б.Г, Г.Шз нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зоогийн газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан,

 Г.Шз нь Б.Г, М.Х нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зоогийн газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдааны шатанд мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Бсын караокед Шз, Г нартай нийлж машин механизм ашиглаж хулгай хийснээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шз мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Хаан” караокед Улаанбаатар хотоос Г, Х хоёртой ирж хулгайн хэрэг үйлдсэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч Ц.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Улаанбаатар хотод амьдардаг манай найз Уянгаа манай Шз ажилгүй байгаад байгаа чи зоогийн газартаа ажиллуулаач гэж надад хэлж байсан. Тэгээд Шз 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай ресторанд ажиллаж байгаад буцаад хот явсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Шз найз Ганбаагийн хамт ирж манай зоогийн газарт ажиллаж байхдаа Шз хот руу явна гээд байн байн яриад байсан. Би тэр хоёрыг “Хаан” зоогийн газарт ажиллуулж байхдаа явахаас нь өмнө 4-5 хоногийн өмнө хүн худлаа ярьж, хулгай хийж болохгүй шүү дээ гэж тэр хоёрт хэлсэн чинь Ганбаа, Шз хоёр тэгж болохгүй гэж байна шүү дээ гээд хоорондоо инээлдээд байсан. Мөн тэр хоёр явна гээд хоорондоо байнга ярилцаад байсан. ... Энэ хоёр ажлых нь хөлсийг нь намайг өгөөгүй гээд манай зоогийн газрын решотик хамгаалалтгүй газрыг мэдэж орсон байж магадгүй. Зоогийн газрын камерийн бичлэгт Ганбаагийн явдал адилхан мөн өмсөж явсан хувцас хунар нь адилхан байсан учраас би энэ хоёр залууг сэжиглэж байна. ... Солонгос улсад үйлдвэрлэсэн Самсунг маркийн 51 инчийн телевизорыг 4-5 жилийн өмнө 1150000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Мөн Япон улсад үйлдвэрлэсэн Тошиба маркийн 42 инчийн телевизорийг ломбарднаас 400000 төгрөгөөр худалдаж авсан. Караокены төхөөрөмжийг хүнээс 400000 төгрөгөөр худалдаж авсан. “velvet” гэсэн нэртэй 0,75 литрийн 1 шил архи хулгайд алдагдсан байсан 31000 төгрөгний үнэтэй өөр ямар нэг зүйл алдаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

Хохирогч Б.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Соёрхол архи аваад манай гэр лүү Номунгэрэл, Номундарь, Билэгжаргал, Номундарийн дүү гэх 2 залуугийн хамт гэртээ ирсэн, идэж уусан, би нөхөртэйгээ унтаад өгсөн, миний гар утсыг гэрт ирсэн залуугийн нэг нь ямар маркийн утас вэ гээд үзээд байсан, би гар утсаа хажуудаа тавиад унтаад өгсөн, тэр хэд нилээд ууж байгаад гараад явсан байсан, ингээд өглөө 08 цагт босоод гар утсаа хайсан чинь олоогүй, тэгээд түрийвчтэй мөнгөө харсан чинь түрийвчинд байсан 80000 төгрөг байхгүй байсан. ... Бас Асер маркийн нөүтбүүк алга байсан. ... тэр 2 залуугаас нөүтбүүк яасан бэ гэхэд хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчим ломбарданд тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 204-р хуудас/

Хохирогч А.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай хүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ түлхүүрийг Алтантуяа эгчийн гэрийн шүүгээнээс авах гэтэл байхгүй болсон байсан бөгөөд миний хүү урд орой нь яг тэр шүүгээнд хийсэн байсан гэсэн. Тэгэхээр нь өглөө түлхүүрээ байхгүй болохоор нь гэртээ орж хувцасаа сольж хичээлийнхээ бэлтгэлийг хийж чадахгүй байхаар нь цонхоороо хартал манай гэрийн зурагт байхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь эмээ рүүгээ залгаад гэрийн зурагт алга байна гэж хэлээд тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ... Би Баярмагнай овогтой Гын төрсөн дүү Гантуяа гэх охинруу залгаад асуухад би ахаас Фейсбүүкээр холбогдож уйлж байж асуулаа тэгэхэд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн нэг ломбардыг зааж өгсөн байсан. Тэгээд хотод ирээд тус ломбарднаас цагдаагийн ажилтантай хамт очиж алдсан зурагт болох ЛЖ маркийн 42 инчийн зурагтыг буцааж авсан. ... Манай зурагтыг 165000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 19-21-р хуудас/

Хохирогч О.Дд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хын гэрт байхдаа хоол өгөхөөр бэлтгэчихээд хоол болох хооронд бие засахаар гадагшаа хашаанд байдаг бие засах газар руу орсон. Энэ үед Х унтаж байсан Г босчихсон нүүр гараа угаагаад байж байсан юм. Намайг бие засах хооронд Г гараад явсан байсан. Намайг бие засчихаад буцаад Хын өрөөнд ороод ирэхэд Г байхгүй, Х унтаж байсан. Би хоол хийгээд удах байсан учир ажлаасаа хоцорч очих талаараа захиралруугаа хэлэхээр Хын өрөөний орон дээр тавьсан байсан цүнхнээсээ гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тухайн үед миний цүнхний цахилгаан хаалттай байсан. ... Орой Гтай холбогдоход би гар утсыг ломбарданд тавьчихсан байгаа би өөрөө хөдөө явж байна хөдөөнөөс ирээд ломбарднаас аваад өгчихье гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 69-р хуудас/

Хохирогч Ш.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд шууд Тэмүүжин дээр очоод камерын бичлэгийг нь шүүлгүүлэхэд намайг Тэмүүжин зочид буудлын үүдэнд унтаж байхад нэг залуу ирээд утас, гинж бэлэн мөнгө аваад явсан байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 158-159-р хуудас/

Хохирогч Б.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сансарын бааранд танилцаж байсан Б.Г над руу залгаад би гэрийн чинь гадна ирчихсэн байна хоёулаа уулзая гараад ир гэхээр нь би гарч уулзаад тэр өдөр бид хоёр хамт кино үзэж, нэг кафед орж хоёр шил шар айраг хувааж уугаад хамт хоолонд ороод тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагаравын автобусны буудлын хойд талд нэг буудалд орж хамт хоноод гэртээ хүргүүлж хаалганыхаа гадна ирээд бид хоёр салах гэж байхад Б.Г “би мөнгөгүй болчихсон байна. Чи гар утсаа өгч байгаач би гар утсаар чинь хүнтэй яриад хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Би ямар ч утасгүй явж байгаа гэж хэлэхээр нь гар утсаа гаргаж ирээд гар утсаараа яриулсан чинь Б.Г нэг хүнтэй мөнгө шилжүүл гэж ярьж байснаа чамд виза карт чинь байна уу гэхээр нь байгаа гэртээ үлдээчихсэн  байна гэж хэлтэл за тэгвэл чи хурдан гэртээ ороод картаа аваад ир би данс руу чинь хүнээр мөнгө хийлгүүлээд авчихья гэхээр нь гэртээ ороод картаа аваад гараад ирсэн чинь Б.Г миний гар утсыг аваад алга болчихсон байсан гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 203-204-р хуудас/

Хохирогч Д.Зх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Дэнжийн 1000 ороод эхнэрээсээ мөнгө аваад өгье гэсэн, тэгээд бид хоёр Дэнжийн 1000-ийн замаар яваад Хүчит шонхор захын урд талд байдаг хүнсний дэлгүүр, цайны газарт худалдааны төвийн гадаа очиж зогссон тэгээд манай эгч энд ажилладаг, эгчээсээ мөнгө аваад өгье гэж надад хэлээд орсон тэгээд эргэж гарч ирээд ахаа утсаа өгч байгаач эхнэртэйгээ яръя гээд авсан ба миний утсыг аваад эргээд цайны газар луу ороод эргэж гарч ирээгүй, тэгээд би гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон чинь байхгүй байсан. Хүмүүст учир байдлаа хэлсэн чинь тийм хүн байхгүй гэсэн, тэгээд тэр дэлгүүр, цайны газар нь ардаа ажилчдын орж гардаг хаалгатай юм байна лээ, тэр хаалгаар цаашаа гараад явчихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /3-р ХХ-15-р хуудас/

Хохирогч Л.Дэжидсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Алаг Эрдэнэ караоке пабд ресепшнээр ажиллаж байхад урьд өмнө манай дэн буудалд буудаллаж байсан 25 орчим насны залуу гаднаас орж ирээд утсаараа яриулаач гэхээр нь эхлээд нэг яриулсан юм. Тэгээд байж байснаа дахиад яриулаач гээд утас аваад ярьсан. Нэг мэдсэн нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Би дэн буудлынхаа бүртгэл дээрээс нөгөө залуугийн регистрийн дугаарыг олоод цагдаад хандсан гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 103-104-р хуудас/

Хохирогч Б.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим ажил тарж ажил дээрээ ганцаараа сууж байтал гаднаас нөгөө Оюун-Эрдэний найз нь орж ирээд өө Оюун-Эрдэнэ явчихсан юм уу та гар утсаа өгч байгаач би түүн рүү залгаж нэг ярих гэсэн юм гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгтөл цаашаа коридорт гарч утсаар ярьсан тэр хооронд нь би ажлаа хийгээд нөгөө залууг ямар уддаг юм бэ гээд гайхаад араас нь гартал нөгөө залуу байхгүй яваад өгсөн байсан гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Лв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 10.000 төгрөг бэлнээр 30.000 төгрөгний хоол авсан. Тэр зурагт нь гарахгүй эвдэрхий байсныг би сүүлд мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч  Г.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... манай барьцаат зээлийн газарт Б.Г гэх залуу Самсунг эс 6 эдж маркийн гар утсыг 150000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Хэд хоногийн дараа цагдаагаас байцаагч ирээд энэ утсыг хүнээс залилж авсан талаар хэлсэн. Үндсэн барьцаа болох 150000 төгрөг, хүү 12000 төгрөг нийт 162000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 17-р хуудас/

Гэрч Б.Даваа-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Улаанбаатар хотоос 2018 оны 06 дугаар сарын 10-нд сургуулиа төгсөөд ирсэн. Тэгээд би ээж Бсд туслаад Хаан зоог нэртэй хоолны газарт ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын 11-нд ээж бид 2 ажиллаж байгаад 00 цагийн үед хаагаад гэрлүүгээ харьсан ангийн хүүхэд болох Анужингийн гар утсыг хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан. Хаан зоогийн газарт би гар утасныхаа цэнэглэгчийг авах гээд 2018 оны 06 дугаар сарын 11-ны 01:00 цагийн үед ирээд цэнэглэгчээ аваад гарсан. Тэгэхэд тог, камер зүгээр байсан. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө ээж Бс надад Хаан зоогийн газарт хулгай орсон байна гээд бид хоёр цуг ирсэн. Нэг давхарт байсан 51 инчийн Самсунг маркийн телевизор болон текний ард талд тавиур дээр байсан VELVET нэртэй 0.75 гр архи 1 ширхэг, 2 давхарт байсан 42 инчийн Toshiba маркийн телевизор, караокены төхөөрөмж эдгээр эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би сар өдрийг нь санахгүй байна. Намайг 13-р хороололд Халдвартын эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-д зуны амралтаараа ажил хийж байхад өдөр 16 цагийн орчим 20 орчим насны 2 залуу орж ирээд үүнийг түр үлдээчихье орой эргэж ирээд авъя гээд гуйгаад саарал өнгийн караокены машин, код хийдэг удирдлага, урт дөрвөлжин хар өнгийн спикер маягийн юм үлдээгээд явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/

Гэрч А.Дж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Алтантуяа эгчийн том Баярмагнай овогтой Г гэх 20 настай хүүг сэжиглэж байна. Учир нь тэр гэрээсээ хулгай хийгээд байдаг юм. Өчигдөр тэр гэртээ ирж хоноогүй гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт: ...1. Солонгос улсад үйлдвэрлэсэн “Сансунг” макийн 51 инчийн телевизор-1150000 төгрөг, Япон улсад үйлдвэрлэсэн “Тошиба” маркийн 42 инчийн телевизор-400000 төгрөг, Караоке машины төхөөрөмж 400000 төгрөг, “Velvet” гэсэн нэртэй 0.75 литрийн архи 31000 төгрөг нийт 1981000 төгрөг /ХХ-ийн 53-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ №18/ЦХ-182 дугаартай: Асеr брендийн зөөврийн компьютер 800000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 219-221-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Солонгос улсаас худалдан авсан ЛЖ 42 инчийн зурагт  288000 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 28-29-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг галакси эс 7 эдж загварын гар утас 560000 төгрөг гар утасны гадаргууг хамгаалсан хуванцар гэр 12000 төгрөг нийт 567200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 75-76-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ хийсэн акт №102 “ гар утас 90000, мөнгөн гинж 150000 төгрөг, усны хамгаалалттай турк цаг 120000 төгрөг нийт 360000 төгрөг, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: ... самсунг А6 загварын гар утас 535200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 209-210-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ самсунг эс 6 эдж загварын гар утас 250000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 27-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... Самсунг эс 6 маркийн гар утас 200000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 124-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... гар  утас 200000 төгрөг гэх дүгнэлт

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Гын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-119 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 106-108 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Шүүгдэгч Г.Шзын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-117 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Шүүгдэгч М.Хын талаар Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-118 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 139 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас: Б.Г нь М.Х, Г.Шз нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зоогийн газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Г нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 хорооллын 5-2-25 тоотод оршин суух Б.Энын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Асер” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 12-74 тоотод оршин суух иргэн А.Бтын гэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэвтрэн орж LG загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 288000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд оршин суух иргэн О.Ддын “Samsung Galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 567200 төгрөгийн хохирол учруулсан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин “ зочид буудлын үүдэнд 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнө иргэн Ш.Өбыг унтаж байхад нь гар утас, мөнгөн гинж, бугуйн цаг, бэлэн 500000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 860000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба хулгайлах гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 5 удаа үйлдэж хулгайлах гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэв шинж болсон.

Мөн Б.Г нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-401-6 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алаг Эрдэнэ” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Дэжидсүрэнгийн “Samsung Galaxy S6” маркийн гар утсыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гутал” ХК-ийн 409 тоот өрөөнөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Гчы “Samsung Galaxy J5” загварын гар утсыг ‘‘ярьчихаад өгье” гэж хуурч аван 200000 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 119-а-272 тоотод оршин суух иргэн Б.Солонгын “Samsung Galaxy А6” загварын гар утсыг 2018 оны 11 сарын 18-ны өдөр 08 цагийн орчим хуурч аван 535200 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Зхгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа “Samsung S6” загварын гар утсыг итгэл төрүүлэн хууран авч 280000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба залилах гэмт хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа үйлдэж залилах гэмт хэргийг үйлдэх нь амьдралых нь хэв шинж болсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэнч Б.Гын дээрхи үйлдлүүд нь “хулгайлах” болон “залилах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг “...байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг “...байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон...” гэсэн заалтуудыг хууль тогтоогч шинээр эрүүжүүлсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн хэргүүдэд хамаарах ёстой болно. Гэтэл Б.Г өмнө нь хулгайлах болон залилах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй тул түүний үйлдсэн хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасны дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татах үндэслэлгүй байна. 

 

Мөн гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог ба шүүгдэгч Б.Гын “хулгайлах”, залилах” гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирлын хэмжээг анхаарч үзэх нь чухал бөгөөд Б.Г амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гын үйлдсэн “хулгайлах”, “залилах” гэмт хэргийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх шалгуурыг хангаагүй тул прокуророос шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэлийг өөрчилж шүүгдэгч Б.Гыг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 мөн бусдыг хуурч “Залилах“ гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 сарын 29-нөөс 2018 оны 09-р сарын 04-н хүртэл цаг хугацаанд нийт 5 удаагийн үйлдэлээр бүгд 3996200 төгрөгний хохирол бусдад учруулан “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэнг нь хүндрүүлэн зүйлчилж, мөн бусдыг хуурч 2018 оны 05-р сарын 23-өөс 2018 оны 11-р сарын 25-н хүртэл нийт 4 удаагийн үйлдэлээр бүгд 1185200 төгрөгний хохирол учруулан “залилах” гэмт хэрэг үйлдсэн мөн шүүгдэгч М.Х, Г.Шз нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ц.Бсын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/, Хохирогч Б.Энын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 204-р хуудас/, Хохирогч А.Бтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 19-21-р хуудас/, Хохирогч О.Ддын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 69-р хуудас/, Хохирогч Ш.Өбын мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг /2-р ХХ-ийн 158-159-р хуудас/, Хохирогч Б.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /2-р ХХ-ийн 203-204-р хуудас/, Хохирогч Д.Зхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-15-р хуудас/, Хохирогч Л.Дэжидсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 103-104-р хуудас/, Хохирогч Б.Гчы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 165-166-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Лвгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 21-22-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч  Г.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч Б.Даваа-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 27-28-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Н.Бтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42-43-р хуудас/, Гэрч А.Джын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 53-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ №18/ЦХ-182 дугаартай: “Асеr” брендийн зөөврийн компьютер 800000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 219-221-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Солонгос улсаас худалдан авсан ЛЖ 42 инчийн зурагт  288000 төгрөг” гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 28-29-р хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг галакси эс 7 эдже загварын гар утас 560000 төгрөг гар утасны гадаргууг хамгаалсан хуванцар гэр 12000 төгрөг нийт 567200 төгрөг” гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 75-76-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ хийсэн акт №102 “ гар утас 90000, мөнгөн гинж 150000 төгрөг, усны хамгаалалттай турк цаг 120000 төгрөг нийт 360000 төгрөг”, Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: ... “самсунг А6” загварын гар утас 535200 төгрөг гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 209-210-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ “самсунг эс 6 эдж” загварын гар утас 250000 төгрөг гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 27-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... “Самсунг эс 6 маркийн гар утас 200000 төгрөг” гэх дүгнэлт /3-р ХХ-ийн 124-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: ... “гар  утас 200000 төгрөг” гэх дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч М.Х нь Б.Г, Г.Шз нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Шз нь Б.Г, М.Х нартай бүлэглэн машин механизм ашиглаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хаан” зоогийн газарт 2018 ны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нэвтэрч Солонгос улсад үйлдвэрлэсэн 51 инчийн зурагт, Япон улсад үйлдвэрлэсэн 41 инчийн зурагт, караоке машин, дуу өсгөгч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1981000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ц.Бсын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 17-18-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 53-р хуудас/, гэрч Б.Даваа-Очирын мэдүүлэг /1-р ХХ-н 27-28-р хуудас/, гэрч Б.Лвгийн мэдүүлэг /1-р ХХ-н 21-22-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг   яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос М.Хыг бусадтай бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт, Г.Шзийг бусадтай бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Гыг бусадтай бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь хуульд заасан ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч М.Хыг бусадтай бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж, үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд, шүүгдэгч Г.Шзийг бусадтай бүлэглэн “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж, үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Х, Г.Шз нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасныг баримтлан шүүгдэгч М.Х, Г.Шз нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Х, Г.Шз нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Г, М.Х, Г.Шз нар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн баримтыг бичгээр гаргаж хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, Б.Г, Г.Шз, М.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөн тус хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №34 дугаартай тогтоолоор “Мазда трибуте” загварын “65-50” УНХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн байх ба энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 14-101 тоотод оршин суух, /ЙМ:73100814, утас:99066981/ Харуул овогт Цэрэнжавын Халиунаад буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г, М.Х, Г.Шз нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг, эд зүйл хураасан үеийн бичлэг, мөн зочид буудлын камерийн бичлэг зэрэг нийт 3 ширхэг /CD/ буюу хуурцагийг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгах зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Алаг адуут овогт Баярмагнайн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харуул овогт Мөнхтуулын Хыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хонгор овогт Гантулгын Шзийг  бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Гыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Б.Гыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар М.Хыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Г.Шзийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гад оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, М.Хт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, Г.Шзт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт  Б.Г, М.Х, Г.Шз нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт “Мазда трибуте” загварын “65-50” УНХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, “Мазда трибуте” маркийн “65-50” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 14-101 тоотод оршин суух, /ЙМ:73100814, утас:99066981/ Харуул овогт Цэрэнжавын Халиунаад буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг, эд зүйл хураасан үеийн бичлэг, мөн зочид буудлын камерийн бичлэг бүхий нийт 3 ширхэг /CD/ буюу хуурцагийг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Гын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 329 /гурван зуун хорин ес/ хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоног нийт 363 /гурван зуун жаран гурав/ хоногийг,  М.Хын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоног, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 36 /гучин зургаа/ хоног, нийт 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг, Г.Шзийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоног, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 36 /гучин зургаа/ хоног, нийт 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, М.Х, Г.Шз нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Г, М.Х, Г.Шз  нарын эдлэх ялыг нь 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, М.Х, Г.Шз нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ.