Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0548

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

О.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу О.Ц-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2021/0029 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн О-ийн Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Халиун сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар О.Ц-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 5,529,097 /таван сая таван зуун хорин есөн мянга ерэн долоо/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Ж.А-т даалгаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч О.Ц-д олгож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Ж.Амгаланбаатар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүх нэхэмжлэгч О.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч миний мэдэх 13 жилийн хугацаанд тайлангийн хурал бүрт ажлын хариуцлагын талаар асуудал яригдаж хөндөгдөж байдаг төдийгүй энэ хугацаанд цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийдэж чадаагүй олон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, үр дүнгийн хэрэгжилтийг үндэслэн байгууллагын эрх ашиг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын асуудал ажлын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор аливаа асуудлын бодит байдлыг үндэслэн Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.5 “а” заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэн хуулийн дагуу Халиун сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай захирамж гарган О.Ц-г ажлаас чөлөөлсөн юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2021/0029 дугаартай шийдвэрийг магадалж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Ж.А-ын давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.5 “а”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч О.Цг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч О.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Халиун сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Говь-Алтай аймгийн Халиун сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан бөгөөд мөн хуулийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрхтэй байх боловч аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийг томилохоор, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр тусгайлан заажээ.

Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 172 /хх-84/, мөн аймгийн Халиун сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөвшилцөх тухай” 1/126 дугаар албан бичгүүдээс үзэхэд хариуцагч өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ буюу нэхэмжлэгчийг Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөхдөө аймгийн боловсролын газрын саналыг үндэслээгүй болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагчаас хуульд зааснаар аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлсөн эсэхтэй маргаагүй, “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах эрхтэй ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн ...” гэж тайлбарлан маргасан байхаас гадна хэрэгт хариуцагч Халиун сумын Засаг даргын тус сумын цэцэрлэгийн 2020 оны жилийн ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлж, хэрэгжүүлсэн арга хэмжээ тус бүрийг “Хангалттай” гэж үнэлсэн Халиун сумын цэцэрлэгийн 2020 оны жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан /хх-56/ авагдсан байна.

Иймд хариуцагч хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг Хүүхдийн цэцэрлэгийн албан тушаалаас чөлөөлсөн нь тогтоогдсон байх тул хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасантай нийцээгүй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч сумын Засаг дарга маргаан бүхий актын үндэслэлээ “нэхэмжлэгч 13 жил тус байгууллагыг удирдахдаа Монгол Улсын Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуульд заасан нийтлэг үндэслэл шаардлагыг хангаж ажиллаагүй ... тус цэцэрлэгт удирдлагын арга барилын хоцрогдол болон зохистой менежментийг хэрэгжүүлж чадаагүйгээс үүдэн цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн, хүүхдүүдийн дунд халдварт гар, хөл, амны өвчин голомтлон гарсан, цэцэрлэгийн байр шинэчлэгдээгүй, дулаан алдагдал ихтэй хүйтэн ... эцэг, эхчүүдээс гарсан асар олон санал шүүмжлэл, өргөдөл, гомдол байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлага, халаалт дулаанаа засах, эрүүл аюулгүй орчинд хүүхдүүдээ сургах хүсэлтүүдийг шийдвэрлэж чадаагүй ...” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ талаар хангалттай баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй байхаас гадна хэрэгт Говь-Алтай аймгийн Халиун сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “... халдварын эх уурхай тодорхойгүй вирусийн гаралтай халдварт өвчин гарч байна ...” гэх 12 дугаар албан бичиг /хх-25/, цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа боловч дуусаагүй, хамгаалалтын горимд шилжүүлэх хэрэгтэй тухай Хүүхдийн цэцэрлэг дээр ажилласан ажлын хэсгийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэл /хх-45/ зэрэг баримтууд авагджээ.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болсон гэх цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн, хүүхдүүдийн дунд халдварт гар, хөл, амны өвчин голомтлон гарсан зэрэг нөхцөл байдлуудыг зөвхөн цэцэрлэгийн эрхлэгчийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах, бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Халиун сумын Засаг дарга нэхэмжлэгч албан тушаалаа эрхэлж байх хугацаандаа холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажилласан эсэх, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаж ажилласан эсэх талаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийсэн эсэхтэй холбоотой баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй байхаас гадна маргаан бүхий актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй   хуульд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн “... миний мэдэх 13 жилийн хугацаанд тайлангийн хурал бүрт ажлын хариуцлагын талаар асуудал яригдаж хөндөгдөж байдаг төдийгүй энэ хугацаанд цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийдэж чадаагүй олон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж үр дүнгийн хэрэгжилтийг үндэслэн байгууллагын эрх ашиг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын асуудал ажлын чанар үр дүнг сайжруулах зорилгоор аливаа асуудлын бодит байдлыг үндэслэн ... ажлаас чөлөөлсөн ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн “Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагатай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн “Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ