Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Я.Амарзаяа

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Б.МЭ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.МЭд холбогдох 2032000000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Урьд нь Орхон аймгийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №14 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Тугчин овогт Бат-Очирын МЭ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.МЭ нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт төв замын засвар эрхэлж буй компаний кемпийн хашаанд байрлах Монгол гэрт өөрийн эхнэр Г.Эжын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.МЭ мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Эж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай компаний захирал Ганбаатар бид хоёрын 11 дүгээр сарын цалин гэж 700000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгсэн Б.МЭ хоолондоо нэртэй гуанзны манаач Бзг дуудаж Баянгол сумаас архи аваад ир гэж мөнгө өгөөд явуулсан. … Бз мотоцикльтой 22 цагийн орчим ирсэн. Бз 0.5 литрийн 2 шил “Ерөөл” архи авч ирээд МЭ, Бз бид гурав 1 шил “Ерөөл” архиа ууж, … Бз манай гэрээс явсан хойгуур буюу 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Б.МЭ намайг Бзтай хардаж намайг орон дээр сууж байхад Б.МЭ хоёр гараараа миний нүүрэн тус газар 4 удаа, миний зүүн чих рүү нэг удаа алгадсан, тэгээд “...янхан минь би чиний янханыг мэднэ...” гэж хэрүүл хийж байгаад үүрээр бид хоёр нэг орон дээр унтсан. Маргааш өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед … Б.МЭ би Бж ахад өрөө өгөөд ирье гэж хэлээд гэрээс гарсан. Би гэртээ орон дээр хэвтээд гараагүй. Бж ах ч манай гэрт ороогүй. МЭ Бзгийн 2 шил архины үлдсэн 1 шил архиа МЭ ганцаараа бага багаар шимж уугаад байсан. Үдээс хойш 16 цагийн үед Бж ах ирэхэд МЭ гэрээс гарч 1 шил 0.75 литрийн “Хараа” шошготой архи аваад гэрт орж ирсэн. Тэгээд МЭ нөгөө архинаас ганцаараа уугаад намайг орон дээр сууж байхад толгойтой үснээс минь зулгаагаад орон дээрээс 2, 3 удаа татаж чирч буулгасан. Б.МЭ гэрт миний хажуугаар гарах болгондоо гараар миний бие рүү цохиод байсан. Б.МЭ зуухан дээр хоол халааж байгаад хоолоо хутгаж байсан сэрээгээр миний толгой руу 2 удаа, миний зүүн талын гарын булчин руу 2 удаа хоолны сэрээгээр цохиж тэр цохилтоос болж миний зүүн гарын булчин зүсэгдсэн шарх үүссэн. ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө босоод Б.МЭ нөгөө архиа уугаад намайг хүмүүстэй хардаад хэрүүл хийгээд л байсан. … Намайг орны ширүүн хивсэн дээр чирээд орноос буулгасан. Бас миний толгойтой үснээс зулгаагаад гэрийн хаалга руу чирээд зайл гэж хэлэхээр нь би “...тэгвэл явъя...” гэж хэлэхээр Б.МЭ гэрийн хаалгыг түгжээд намайг явуулахгүй байсан. .... Анх Бз 2 шил архи авч ирхэд нь Бз, Б.МЭ бид гурав тэр архинаас 1 шил архи хувааж ууссан. Би дахиж архи уугаагүй Б.МЭ 3 өдөр 3 шил архи ууссан Б.МЭ “...янхан, банзал гичий...” гэж бусадтай хардаж намайг зодсон. ... МЭ хутга заазуур хайж намайг сүрдүүлсэн. Хутга заазуураар намайг зүсэж хатгасан зүйл байхгүй, сэрээгээр зүүн гарын булчинг зүссэн. … Бз 2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн орчим манай гэрт ирсэнийг би мэдэхгүй байна. Бзг манай гэрт ирэхэд нь би унтаад мэдээгүй. Бз намайг унтаж байх хойгуур миний нүүр харсан байх. ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хонгороо манай гэрт орж ирэхэд би орноосоо босоогүй. .. Тэгээд Дарханы Хонгор сумаас Алтанбаатар, Цэрэндолгор хоёр манайд ирээд миний нүүрийг хараад “МЭ таныг зодсон юм уу” гэж асуухад нь би тийм ч гэж хэлж чадаагүй үгүй ч гэж хэлж чадаагүй тэд нарыг явуулсан. … Урьд нь Б.МЭ намайг хардаж хэл амаар доромжилдог болохоос ингэж намайг зоддоггүй байсан. … Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод ажилгүй байдаг наашаа цаашаа явах зардал мөнгө байхгүй шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/

Гэрч Х.Уг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эрүүл мэндийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан. … Иргэн Г.Эж нь орон дотроо босож чадахгүй байна гээд хэвтэж байсан. ... Баянгол сумын эмнэлэг дээр авчирсны дараа артерийн даралт бууруулах тариа эм өгсөн, өвчин намдаах эмчилгээ хийж шингэн сэлбэсэн юм. … Ер нь бол өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Бз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … МЭ ах мэдэхгүй чи яв гээд гэрээсээ бас хөөгөөд байхаар нь би гэр лүүгээ явган явсан. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчим МЭ ахын гэрт ороход МЭ ах Эж эгч хоёр цуг унтаж байсан. ... 2019 оны 12 дугаар сарын 04-ний орой Эж эгчийн уруул нь ягаан туяа суусан, нүүр нь бүлцийсэн зүйл байгаагүй зүгээр байсан. Харин маргааш өглөө ороход Эж эгчийн уруул нь ягаан туяа суусан, нүүр нь бүлцийсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

Гэрч С.Жл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би бол МЭнийн хүргэн ах нь байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шиг санаж байна манай эхнэр лүү хэн ярьсаныг мэдэхгүй байна. Манай эхнэр надад МЭ эхнэрээ зодоод цагдаад баригдаад Зүүнхараад байна гэнэ ээ чи Баянгол сум руу очсон нь дээр байх гэхээр нь би тэр өдрийнхөө өглөө Эрдэнэтээс машинтай гараад Баянгол сумын зам ангийн компани байрлах кемпний ард талын МЭий гэрт очиход МЭий эхнэр Эж гэртээ ганцаараа орондоо согтуу хэвтэж байсан ба намайг яваад ороход Эжын нүүр ам нь хөхөрчихсөн бөөлжсөн байдалтай орондоо байсан юм. Эхлээд намайг ороход Эж юу ч дуугарахгүй байж байснаа сүүлдээ МЭ намайг зодоод ийм болгочихлоо гээд нүүрнийхээ шарх, цээжнийхээ шархыг үзүүлж байсан юм. Эжын баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан юм. Мөн Эжын уруул нь дотор талдаа язарч шархалсан юм шиг байна лээ миний хийж өгсөн бантанг идэж чадахгүй байсан юм аа. Эжын цээж нь энд тэнд нь хөхөрчихсөн байсан юм. ... Би үүрээр явж эмнэлэг дуудахад сумаас эмнэлэг ирээд аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэргүүлэх зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Сарангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт: …1. Г.Эжын биед тархи доргилт, 2 нүдний алимны салстын цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нуруу, зүүн чихний дэлбэн, дээд доод уруулд шарх, цээж, хэвлий, дээд, доод мөчдөд цус хуралт, зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

Б.МЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр Эжтай хамт гэртээ байж байхад Ганбат бид хоёрт 11 дүгээр сарын цалин гэж 700000 төгрөг өгсөн. ... Би Бзд 30000 төгрөг өгөөд 2 шил архи авчруулсан. Бз нэг шил архи хувааж уугаад манай гэрээс явсан. Үлдсэн нэг шил архийг Эж бид хоёр хувааж уусан. Тэгээд эхнэр Эжыг Бзтай хардаж зодсон. ... Миний буруутай үйл ажиллагааны улмаас Эжын биед гэмтэл учирсан. Эж бид хоёр бие биенээ заамдаж аваад би 2-оос 3 удаа алгадаад зодсон байх. Би Бзтай хардаж Эжын эрх чөлөөнд халдсан /ХХ-ийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.МЭий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.МЭ нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт төв замын засвар эрхэлж буй компаний кемпийн хашаанд байрлах Монгол гэрт өөрийн эхнэр Г.Эжын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Эжын мөрдөн байцаалтанд өгсөн “...Бз манай гэрээс явсан хойгуур буюу 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Б.МЭ намайг Бзтай хардаж намайг орон дээр сууж байхад Б.МЭ хоёр гараараа миний нүүрэн тус газар 4 удаа, миний зүүн чих рүү нэг удаа алгадсан, тэгээд “...янхан минь би чиний янханыг мэднэ...” гэж хэрүүл хийж байгаад үүрээр бид хоёр нэг орон дээр унтсан...”, “...Тэгээд МЭ нөгөө архинаас ганцаараа уугаад намайг орон дээр сууж байхад толгойтой үснээс минь зулгаагаад орон дээрээс 2, 3 удаа татаж чирч буулгасан. Б.МЭ гэрт миний хажуугаар гарах болгондоо гараар миний бие рүү цохиод байсан. Б.МЭ зуухан дээр хоол халааж байгаад хоолоо хутгаж байсан сэрээгээр миний толгой руу 2 удаа, миний зүүн талын гарын булчин руу 2 удаа хоолны сэрээгээр цохиж тэр цохилтоос болж миний зүүн гарын булчин зүсэгдсэн шарх үүссэн. ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө босоод Б.МЭ нөгөө архиа уугаад намайг хүмүүстэй хардаад хэрүүл хийгээд л байсан. … Намайг орны ширүүн хивсэн дээр чирээд орноос буулгасан. Бас миний толгойтой үснээс зулгаагаад гэрийн хаалга руу чирээд зайл гэж хэлэхээр нь би “...тэгвэл явъя...” гэж хэлэхээр Б.МЭ гэрийн хаалгыг түгжээд намайг явуулахгүй байсан. .... Анх Бз 2 шил архи авч ирхэд нь Бз, Б.МЭ бид гурав тэр архинаас 1 шил архи хувааж ууссан. Би дахиж архи уугаагүй Б.МЭ 3 өдөр 3 шил архи ууссан Б.МЭ “...янхан, банзал гичий...” гэж бусадтай хардаж намайг зодсон. ... МЭ хутга заазуур хайж намайг сүрдүүлсэн. Хутга заазуураар намайг зүсэж хатгасан зүйл байхгүй, сэрээгээр зүүн гарын булчинг зүссэн…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/, Гэрч Х.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эрүүл мэндийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан. … Иргэн Г.Эж нь орон дотроо босож чадахгүй байна гээд хэвтэж байсан. ... Баянгол сумын эмнэлэг дээр авчирсны дараа артерийн даралт бууруулах тариа эм өгсөн, өвчин намдаах эмчилгээ хийж шингэн сэлбэсэн юм. … Ер нь бол өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Гэрч Б.Бзгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...... 2019 оны 12 дугаар сарын 04-ний орой Эж эгчийн уруул нь ягаан туяа суусан, нүүр нь бүлцийсэн зүйл байгаагүй зүгээр байсан. Харин маргааш өглөө ороход Эж эгчийн уруул нь ягаан туяа суусан, нүүр нь бүлцийсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Гэрч С.Жлгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...МЭий эхнэр Эж гэртээ ганцаараа орондоо согтуу хэвтэж байсан ба намайг яваад ороход Эжын нүүр ам нь хөхөрчихсөн бөөлжсөн байдалтай орондоо байсан юм. Эхлээд намайг ороход Эж юу ч дуугарахгүй байж байснаа сүүлдээ МЭ намайг зодоод ийм болгочихлоо гээд нүүрнийхээ шарх, цээжнийхээ шархыг үзүүлж байсан юм. Эжын баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан юм. Мөн Эжын уруул нь дотор талдаа язарч шархалсан юм шиг байна лээ миний хийж өгсөн бантанг идэж чадахгүй байсан юм аа. Эжын цээж нь энд тэнд нь хөхөрчихсөн байсан юм. ... Би үүрээр явж эмнэлэг дуудахад сумаас эмнэлэг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэргүүлэх зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Сарангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/, Б.МЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.МЭийг хохирогч Г.Эжын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Б.МЭ нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 06-ны хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт төв замын засвар эрхэлж буй компаний кемпийн хашаанд байрлах Монгол гэрт өөрийн эхнэр Г.Эжын биед халдаж, улмаар Г.Эжын биед тархи доргилт, 2 нүдний алимны салстын цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нуруу, зүүн чихний дэлбэн, дээд доод уруулд шарх, цээж, хэвлий, дээд, доод мөчдөд цус хуралт, зулгаралтууд гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.МЭ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Бат-Очирын МЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.МЭийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.МЭий торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Б.МЭ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.МЭд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.