Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 16

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт оршин суух Зотол овогт Гомбожавын Мөнгөнцэцэг

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.11.23-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Зотол овогт Гомбожавын Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би багаасаа л мал малласан. Аав ээж маань малчин хүмүүс байсан. Би өөрөө сургуульд суугаагүй хүн. Тэгээд 16 наснаасаа нэгдэлд мал малласан. Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад  мал малласан хүн. Анх өөрийн аав ээж 2-тойгоо мал маллаж байгаад Б.Батсайхан гэдэг хүнтэй гэр бүл болоод тусдаа эм хонин суурьтай байсан. Бид нэгдэл тарахад өөрсдөө зарим малаа аваад үлдсэнийг нь тараагаад нэгдлээс гарч байсан. 1991 онд нэгдлээс гарсан. Би 6 хүүхэд төрүүлсөн, төрөөд гэртээ л очно, 1 сар орчим гэр орныхоо ажлыг хийнэ, малыг бол нөхөр хариулдаг байсан. Мал маллахаас өөр ямар ч ажил хийж үзээгүй, дандаа л мал маллаж байсан. Нэгдэл тарснаас хойш ч өөрийнхөө хэдэн малтай хөдөө байдаг юм. Иймд намайг 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Зотол овогт Гомбожавын Мөнгөнцэцэг нь 1980 оноос 1990 оныг хүртэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн архивын 2016.04.21-ний өдрийн 100/15 тоот лавлагаа, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1982.02.20-ны өдрийн 3 тоот тушаалын хавсралтын 3 хуудасны 70 дугаарт Г.Мөнгөнцэцэг нас 16, эмэгтэй гэх, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/9 тоот нэгдлийн гишүүдийг тогтоох тухай тогтоолын хавсралт 292 дугаарт Б.Батсайхан / 

 

 

 

 

 

 

 

нөхөр нь /, 293 дугаарт Г.Мөнгөнцэцэг гэж бичигдснээс гадна  6  хүүхэд төрүүлсний нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Э.Чимэдийн шүүхэд өгсөн “ . . .  Г.Мөнгөнцэцэг нь сургуульд суугаагүй, багаасаа л аав ээжтэйгээ малчин байсан. 16 нас хүрч нэгдлийн гишүүн болдог. Нэгдэл тартал ажилласан. Мөнгөнцэцэг бол 6-н хүүхэд төрүүлсэн. Хүүхэд төрүүлэх үедээ бол ажиллахгүй тасарч байсан байх. Өөр удаан хугацаагаар ажил тасарч байгаагүй. Гэр бүлтэй болчихоод аав ээжтэйгээ малтай байсан. Тэгээд аав ээж нь нас бараад өөрсдөө малаа маллаж байсан. 1 дүгээр бригадад Бадрахын гол, Ханын гол гэдэг газруудаар нутаглаж байсан. Эдний туслах малчин Насанжаргал гэдэг хүн байсан. Ер нь малаас холдож үзээгүй хүн” гэх мэдүүлэг, гэрч Дамдингийн  “. . . Г. Мөнгөнцэцэг нь манайхтай ойрхон байсан. Сургуульд суугаагүй, багаасаа л аав ээжтэйгээ мал малласан. Эрдэнэцагаан сумын мөн тэр голын хүүхэд Б.Батсайхантай гэр бүл болоод нилээд хэдэн хүүхэд гаргасан. Яг хэдэн хүүхэдтэй гэдгийг хэлж мэдэхгүй байна. Мөнгөнцэцэг бол 1980-1990 он  хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчин байсныг сайн мэднэ”гэх мэдүүлгүүдээр зэрэг нотлох баримтуудаар  Г.Мөнгөнцэцэгийн ажиллаж байсан нь нотлогдож байх тул 1980-1991 он хүртэл ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Г.Мөнгөнцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зотол овогт Гомбожавын Мөнгөнцэцэгийг 1980 оны 11 дүгээр сараас 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан Г.Мөнгөнцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ