Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Н.Улсболд

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч            Ц.Цогзолмаа

             Шүүгдэгч                                          Ц.Н, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Н, С.Э нарт холбогдох 1932001560177 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1956 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, 1. 1994 оны 11-р сарын 01-ны 95 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2. Төв аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 08-р сарын 06-ны  15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар, 3. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн баривчлах ялаар, 4. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №140 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Цэрэндоржийн Н.

 

Монгол Улсын иргэн, халх, Сэлэнгэ аймгийн Дархан суманд 1964 оны 03 дугаар сарын 16-нд төрсөн, 56 настай, эрэгтэй, * тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №23 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Самбуугийн Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ц.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг 253 дугаар зөрлөг орчмоос иргэн Ц.Амийн 1 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгний, 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг С.Этай хамтран хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан, С.Э нь Ц.Нтэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Ц.Ам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой адуугаа харахад манай адуу бүрэн байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө адуугаа хураагаад ирсэн чинь манай адуунд байсан жороо буурал духтай хээр морь байхгүй байхаар нь тэрнээс хойш сураг тавьж хайгаад олдохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний жороо хээр морь буурал духтай, шодондуу сүүлтэй, дугуй зоосон тамгатай, шинээр дэлий нь дарсан байсан. Миний жороо хээр морь адуунаас салах боломжгүй манай унаган адуу учир адуунаас огт салдаггүй юм. Миний жороо хээр морь явдлаараа сайн явдаг байсан. Тийм болохоор 2000000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Тх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө манай саарал азаргатай адуунаас зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй “Т” үсгэн тамгатай хонгор зүсмийн адуу алга болсон байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар арын 16-ны өдөр Тарни багаар алдагдсан морио хайж яваад Мандал сумын 264 дүгээр зөрлөгийн Хонхор гэх газар оршин суудаг Бм гээд залуутай уулзахад Түнхэл тосгонд оршин суудаг Жоохноо нь над руу утсаар яриад 2-3 хоногийн өмнө хонгор зүсмийн морь алдсан хүн байна уу гэж асууж байсан гэхээр нь Бм бид хоёр Түнхэл тосгон орж Жоохноотой уулзахад “Би чиний хонгор морийг авсан хүнийг ерөнхийдөө гадарлаж байна. Чиний морийг Улаанбаатар хот руу унаж явсан байх” гэсэн зүйл ярьсан юм. Тэгээд би Бм, Жоохноо хоёртой машинтай Улаанбаатар хотын Эмээлтийн мах нядалгааны газруудаар явахад амралтын өдрүүд гээд нэг ч мах нядалгааны газар ажиллахгүй байсан. Тэгсэн Жоохноо нэг хүн рүү утсаар ярьж байгаад нэг том хашааны хажууд очсон чинь миний алдсан хар голтой “Т” үсгэн тамгатай хонгор зүсмийн морь эмээл хазаартай хажууд нь 50 гаруй насны эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд Бм, Жоохноо хоёр тухайн хүнийг сайн таньж байсан. Тэгээд бид гурав нөгөө ахыг та Түнхэл тосгонд морийг нь эсэн мэнд хүргээд өг гээд буцаад 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ айгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд ирээд Цагдаагийн байгууллагад хандаж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр морио хүлээж авсан юм. Би алдагдсан адуугаа өөрөө эрэл хайгуул болж байж Улаанбаатар хотоос олж авсан адуугаа буцааж авсан болохоор нэхэмжлэхгүй харин уг адуугаа хайхад би нийт 290000 төгрөгний шатахуун зарцуулсан мөн Б.Ожын суудлын тэргийг ашигласан машины хөлслөхөд 200000 төгрөг өгсөн нийт 490000 төгрөгний хохирол учирсан үүнийгээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-63 дугаар хуудас/

Гэрч Б.Ож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хуягаа хочтой Тх гэх залуу нэг тооны хул морио алдсан байна гэж хэлэхээр нь би за тэгвэл тэр С.Э аваад явсан байж магадгүй гэж хэлсэн чинь тэр хоёр манай гэрт хүрээд ирсэн тэгсэн тэр Тх нь 253-р точикийн Ц.Н гэх хүнийг сэжиглээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би гэнэт С.Э ах Ц.Н гэх хүнтэй уулзана гээд миний морийг аваад явсныг нь санаад хэлсэн ингээд Бм, Тх бид 3 С.Э ахын араас Улаанбаатар хотруу явсан. Хотод очоод С.Э ахтай би утсаар яриад уулзсан чинь хэлэхгүй байсан тэгэхээр нь бид 3 С.Э ахад архи, тамхи авч өгөөд уугаад тэгсэн Тх, С.Э ахтай маргалдаад сүүлдээ гуйж байж С.Э ахаар хэлүүлсэн тэгсэн хуучин 22-ын товчооны тэр хавьд очсон чинь Тхийн хул морийг чөдөрлөөд голын эрэг дагуу орхисон байсан. Тх морио хараад шууд таньсан харин Бмгийн морийг асуусан чинь мэдэхгүй байсан Бмгийн халтар морь 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр халтар адуугаа алдсан байсан ингээд бид 3 Түнхэл рүү явсан араас С.Э ах хул морийг нь унаж ирээд Тхт хүлээлгэж өгсөн. С.Э хэлэхдээ төмөр замын нүхэн гүүрэн доороос өөрөө барьсан гэж хэлсэн. Улаанбаатар хотын хуучин 22-ын товчооноос урагшлаад яг ямар нэртэй газрыг нь мэдэхгүй байна бид нарыг энд байж байгаарай гээд явахаар нь араас нь дагатал голын эрэг дээр чөдөрлөсөн байсныг бид нарт авчирч өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66 дугаар хуудас/

С.Э мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад миний 88420426 гэсэн дугаар руу Тарни багт оршин суудаг Цэрэндоржийн Н нь 88-тай дугаараас залгаад би дэлгүүрт 500000 төгрөгийн өртэй байна. Чи орой 23 цагийн орчим 253-р точикийн нүхэн гарцны орчим хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Түнхэл тосгонд оршин суудаг Жоохноо гээд залуугаас ах нь ойрхон айлд очоод ирье гээд хээр зүсмийн гүүг нь авч унаад орой 21 цагийн орчим 253-р точик чиглэлд гараад 23 цагийн орчим 253-р точикийн 58-р нүхэн гарцтай гүүрний орчим очиход Н хар зүсмийн морьтой согтуу ирээд би чамд нэг морь бариад өгье чи мөнгө болгочихоод над руу явуулаарай гээд нүхэн гарцны урд байсан адууг хөөж авчираад нүхэн гарцанд шахаж байгаа бид 2 нэг хонгор зүсмийн морь бариад би уг морийг хөтлөөд Түнхэл тосгонд очоод Жоохноогийн гэрийн гадаа очоод хээр гүүг нь уяж үлдээгээд хонгор морио унаад гэртээ очиж цай уучихаад 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 4 цагийн орчим хонгор морио унаад Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/

Ц.Н мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байсан чинь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Аажий гэх залуу миний 95913791 дугаарын утас руу залгахаар нь би надад мөнгөний хэрэг байна гэсэн чинь нэг адуу авъя гэсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа гараад харсан чинь манай ар талд байдаг айлын Сүхээ гэх залуугийн адуу 253 дугаар точикийн ар талын ууланд харагдсан. Тэгээд би шөнө 23 цагийн үед гэрээс гарч Сүхээгийн адуу байсан газар очоод адуун дотор нь харсан хээр морь нь тэжээгдэж тавигдсан болохоор тарган амархан баригдах байх гээд уулын хад руу шахаж байгаад барьж явсан оосроо шидсэн чинь амархан бариад авсан. Сүхээгийн адуунаас барьсан хээр морийг нь хөтлөөд Нарийн даваа гэх газар очсон чинь Аажий, Н хоёр цагаан өнгийн машинтай зогсож байсан тэгээд би хөтлөж явсан морио тэр хоёрт аваачиж өгөөд буцаад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ц.Нгийн талаар: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 88 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /91 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 92-108 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Эрдэнбаярын талаар: Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 109 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /112 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 113-117 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг 253 дугаар зөрлөг орчмоос иргэн Ц.Амийн 1 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг С.Этай хамтран хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан, С.Э нь Ц.Нтэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Амийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Хохирогч Ц.Тхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 61-63 дугаар хуудас/, Гэрч Б.Ожын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 65-66 дугаар хуудас/, С.Эын мөрдөн байцалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/, Ц.Нн мөрдөн байцалтанд өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Нг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг 253 дугаар зөрлөг орчмоос иргэн Ц.Амийн 1 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг С.Этай хамтран хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан, С.Эыг Ц.Нтэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байсан бөгөөд уг хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулан “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2-д ”бүлэглэж” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заажээ. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь уг хууль үйлчилж эхлэхээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н, С.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус бүрт нь ял оногдуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Ц.Нд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан 01 /нэг/ жилийн хорих ялыг оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Нг урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №140 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бөгөөд Ц.Н нь тэнссэн хугацаанд дахин “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №140 дугаартай Шийтгэх тогтоолын 2 дахь заалт:”...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй...” гэснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”,  мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасныг баримтлан Ц.Нд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №140 дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтооцож үзэв.

Харин шүүгдэгч С.Э нь Ц.Нтэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Тхийн 1 тооны адууг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн /морийг хохирогчид буцаан өгсөн/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эрдэнбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтооцож үзэв.

Хохирогч Ц.Ам нь “... Миний бие нь 2019 оны 4 дүгээр сард өөрийн 1 тооны адуугаа хулгайд алдсан, би хохирлоо бүрэн барагдуулж авсан, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /ХХ-н 166 дугаар хуудас/ гэх тодорхойлолт, шүүгдэгч Ц.Нгийн мэдүүлэгт“... 1 тооны хязаалан үрээ, 1 тооны хээр байдас нийт 2 тооны адуу өгч хохирол төлбөрийг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /ХХ-н 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь хохирогч Ц.Амэд энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хохирогч Ц.Тх нь “ ... Миний бие 2019 оны 7 дугаар сард өөрийн 1 тооны адуугаа хулгайд алдсан, би хулгайд алдсан адуугаа бүрэн бүтэн хүлээж авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй болно ...” гэх /ХХ-н 167 дугаар хуудас/ тодорхойлолтоор шүүгдэгч нар нь хохирогч Ц.Тхт төлөх төлбөргүй байна гэж тус тус дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй  зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч  Боржигон овогт Цэрэндоржийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Мал хулгайлах” гэмт хэрэг, шүүгдэгч Боржигон овогт Самбуугийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Ц.Нг 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ц.Нд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №140 дугаартай “Шийтгэх” тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Нд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Н, С.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд С.Э нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Ц.Нгийн эдлэх ялыг нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.