Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2017/00056/И |
Дугаар | 00095 |
Огноо | 2017-01-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 00095
2017 оны 01 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2017/00095 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-15-66 тоотод оршин суух, Хариад овгийн Лхамсүрэнгийн Ханддоржийн /регистрийн дугаар УО64080331/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ханддорж, гэрч Ё.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ханддорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Лхамсүрэн овогтой Ханддорж 1964 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1972-1982 онд Мөрөнгийн 10 жилийн дунд сургууль 1982-1983 онд АА-н дугаар ангид сонсогч байлдагч, 19863-1986 онд ЗХУ /хуучнаар/ Фрунзе хотын нисэхийн дунд сургуулийг нисэгч мэргэжилээр төгссөн. 1999-2001 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэний агаарын академыг инженер- нисэгч мэргэжилээр төгссөн. 1986-1993 онд БХЯ-ны нисэх анги, Хилийн цэргийн 0200-р нисэх ангид МИ-8,МИ-24в онгоцны нисэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” авиакомпанид нисэгчээр шилжин ирж 2001 оны 10-р сар хүртэл нисэгч тус авиа компанийн нисэгч- захирлаар ажиллаад, түүнээс хойш өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн АТБ-д хэсгийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд миний нислэг тасраагүй бөгөөд миний нислэгийн ур чадварыг үнэлж 1989 оны 05-р сарын 23-ны мэргэжилийн коммссийн №40 тоот тушаалаар нисэгчийн мэргэжилээр 3-р зэрэг олгосон юм. Иймд би 2016 оны байдлаар Улсад 35 жил ажиллаж. Ниссэн хугацаа 11 жил босон юм. Дээрхи хугацаа буюу 1998 оны 11-р сарын 15-наас 2001 оны 10-р сарын 08-ныг хүртэл уг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд /тушаал 214-К/тус авиа компанийн нисэгч, захиралын албан тушаалыг хамт гүйцэтгэж байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас намайг тус авиакомпанийн захиралаар дэвшүүлэн томилсон бөгөөд уг тушаал дээр авиа компанийн захиралаар шилжүүлэн ажилуулсугай гэж заагдсан учир нисэгч гэдэг үг гээгдсэн байна. Би энэ хугацаанд экипажийн бүрэлдэхүүнд онгоцны 2-р нисэгч багийн даргаар нисч байсан юмаа. Энэ байдлыг нотлох баримтыг дагуу намайг 1998 оны 11 дүгээр сарын 15-наас 2001 оны 10 дугаар сарын 08 хүртэл Эрдэнэт авиа компанид нисгэгчээр ажиллаж байсныг тодорхойлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ханддорж нь 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” авиа компанид нисгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 619 дугаар лавлагаанд “Монгол Орсын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 504 дугаар тушаалд “Лхамсүрэнгийн Ханддоржийг 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус үйлдвэрийн Эрдэнэт авиа компанид 2 р нисгэгчээр авч ажиллуулсугай” гэжээ.
2.1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Иргэний агаарын тээврийн нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх,
3.1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Иргэний агаарын тээврийн нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх,
4.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 619 дугаар лавлагаанд “Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 214к дугаар тушаалд “Авиа компаний захирал Л.Ханддоржийн 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс цех татан буугдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.
5.2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Л.Ханддоржид улсын аттестачлалын комиссын шийдвэрээр 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Тээвэр, удирдах, зохион байгуулах инженер мэргэшил, агаарын тээврээр тээвэрлэх зохион байгуулалт, удирдах мэргэжлээр диплом олгов” гэжээ.
6.М.Ганбаатар шүүхэд гаргасан тодорхойлолтдоо : “Миний бие Эрдэнэт авиакомпанийн МИ8 МТВ нисдэг тэрэгний нисгэгчээр 1995-2002 он хүртэл Л.Ханддоржтой хамт ажиллаж байсан юм. Энэ хугацаанд тус авиа компанийн нисгэгч Л.Ханддорж нь ОХУ-ын Санктпетербург хотын иргэний нисэхийн Академийг дүүргэж ирсэн учир дэвшүүлэн тус авиа компанийн захирал-нисгэгчээр ажиллуулсан. Энэ хугацаанд Л.Ханддорж нислэгийн үйл ажиллагаа нь тасалдаагүй бөгөөд захирлын ажлыг давхар гүйцэтгэж байсныг би гэрчилж байна” гэжээ.
7.Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тодорхойлолтдоо “Миний бие Лхагвасүрэн Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт авиа компанид 1995-2002 он хүртэл Ми8 МТВ нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Л.Ханддорж нь Эрдэнэт авиа компанийн МИ8 МТВ нисдэг тэрэгний 2 дугаар нисгэгч болон онгоцны даргаар нислэгийн үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн үед Л.Ханддорж нь ОХУ-д иргэний нисэхийн академи төгсөж ирсэнтэй холбогдуулан Л.Ханддоржийг Эрдэнэт авиа компанийн захирал-нисгэгчээр томилон ажиллуулсан” гэжээ.
8.Гэрч Ё.Одгэрэл шүүх хуралдаанд “Би 1999 оноос эхлээд 2001 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл Эрдэнэт тур компанийн захиралаар ажиилаж байсан. Амралтын газар, Эрдэнэт авиа зэрэг компаниуд нэгтгээд Эрдэнэт тур гэж байсан. Ханддорж Эрдэнэт авиа компаний захирлаа хийгээд давхар нисгэгч хийж байсан”гэсэн мэдүүлэг гаргасан.
9. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар лавлагаанд “...Монгол Орсын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 2001 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 76к дугаар тушаалд:
1.Эрдэнэт тур компани татан буугдсантай холбогдуулан дараах ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг 200 оны 04 дүгээрсарын 25-ны өдрөөс ажил олгогчийн санаачлагаар цуцласугай.Үүнд 1.1 Ёндонжамцын Одгэрэл / компанийн захирал /, 1.7 Насангийн Лхагвасүрэн / авиакомпанийн онгоцны дарга/, 1.8 Манлайн Ганбаатар / нисгэгч/
2.Авиакомпанийн дараах ажилтнуудыг нисдэг тэрэгний ашиглалт үйлчилгээ хариуцах ажилд дундаж цалинг хадгалан 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулсугай.Үүнд Л.Ханддорж / захирал / гэжээ.
Нэхэмжлэгч Л.Ханддорж нь 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” авиа компанид нисгэгчээр ажиллаж байсан болох нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 619 дугаар лавлагаа, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Иргэний агаарын тээврийн нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх, 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Иргэний агаарын тээврийн нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 619 дугаар лавлагаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар лавлагаа, мэргэжлийн диплом, гэрч Ё.Одгэрэлийг мэдүүлэг, Н.Лхагвасүрэн, М.Ганбаатар нарын тодорхойлолтоор нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ё.Одгэрэлийг гэрчээр асуусан ба гэрч 1999-2001 оны 04 дүгээр сар хүртэл Эрдэнэт тур ХК-ийн захиралаар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 23 тоот архивын лавлагаа,
Мөн Н.Лхагвасүрэн, М.Ганбаатар нар 1995-2001 оны хооронд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар лавлагаагаар тус тус нотлогдож байх тул тэдний нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаар өгсөн мэдүүлэг, тодорхойлолтыг үнэн зөвд, нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Ханддоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хариад овгийн Лхамсүрэнгийн Ханддоржийг 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” авиа компанид нисгэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Ханддоржоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА