| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00001/Э |
| Дугаар | 00002 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00002
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох 1932000000229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Эрдэнэсант суманд 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Болд төмөр Ерөө гол ХХК-д ачигчийн операторчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөнхөрцөг овогт Энхсугарын Н. /РД: */
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Нефтийн 3 дугаар хэсэг, 5 дугаар байр, 5г тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бхийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нын өгсөн…. ... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энэ явдал болсон юм. Би урд өдөр нь Сэргэлэн гэх хүнтэй архи уусан. Тэгтэл өглөө нь эхнэр ажлаасаа бууж ирээд намайг архи уулаа гэж уурлаад миний толгой нуруу луу цохиод байсан юм. Тэгэхээр нь би босч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж уурлахад чи чаддаг юм бол цохиод аваач чи муу санаатай юм чинь чадахгүй л дээ гэж хор малтаад байсан. Эхнэр хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд явсан хойгуур би дэлгүүрээс 0.5 граммын нэг шил архи аваад ганцаараа уусан. Эхнэрийг ирэхээс өмнө гараад Гб ахынх руу явж байхад замд эхнэр машинтай таарахаар нь гар өргөтөл зогсохгүй гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь гэртээ ирээд эхнэрийг зогссонгүй гэж маргалдаад 2 удаа зүүн шанаа орчимд нь цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Бхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ очиход манай нөхөр архи уугаад гэр орноо завааруулчихсан өөрөө орноосоо босоогүй хүүхдийнхээ хамт унтаж байсан юм. Тэгэхээр нь би нөхөртөө уурлаад архи дарс уулаа гээд орондоо хэвтэж байхад нь гараараа цохиж аваад үглэж байгаад бага хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд машинтайгаа гарсан юм. Тэгэхэд манай нөхөр орондоо хэвтээд үлдсэн юм. Би хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд 1 цаг орчмын дараа эргээд гэр лүүгээ явж байтал манай нөхөр нөөцийн шатахуун түгээх станцын ойролцоо замын хажууд гар өргөөд зогс гээд дохиод байхаар нь би зогсохгүй шууд яваад гэрийнхээ гадаа зогсоод гэртээ ороод байж байтал манай нөхөр араас гэрт орж ирээд хэрүүл маргаан хийгээд миний нүүр шанаа орчим руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд дараа нь миний эрүү ам орчим руу нэг удаа мөргөсөн юм.....Одоо миний биед өвдөж байгаа өвчин зовиур гэх зүйл алга байна. Нөхрөөсөө би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/
Гэрч Б.Бдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгэхээр нь би Бхийн гэрт очихоосоо өмнө Баянгол сумын Цагдаагийн хэсгийн 70369102 дугаарын утсанд Н архи ууж агсам тавиад байна гэж дуудлага өгчихөөд Бхийн гэрт нь очиход Бх гэртээ уйлчихсан ганцаараа сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Н согтуу агсам тавиад намайг зодчихоод гараад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай дүү Бхийн толгой руу нь цохисон гээд зүүн шанааны орчим бага зэрэг хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 221 ...... Дүгнэлт:
1.Б.Бхийн биед доод урууланд шарх, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/
Э.Нын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 29 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 30 дугаар хуудас/
Э.Н нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Нефтийн 3 дугаар хэсэг, 5 дугаар байр, 5г тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бхийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Нын хохирогч Б.Бхийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон үйлдэл нь машинтайгаа зогссонгүй гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Бх нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хөнхөрцөг овогт Энхсугарын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН