| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00002/Э |
| Дугаар | 00003 |
| Огноо | 2019-12-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 00003
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нид холбогдох 2032000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч, гагнуурчин, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, өвөөгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Сидар ХХК-д механик ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харгант овогт Оюунчимэгийн Н. /РД: */
Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20-21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багт байрлах Мандал сумын нэгдсэн эмнэлгийн хашааны баруун талд иргэн Э.Эбтай маргалдан түүнийг хавирч унагаан нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нийн өгсөн…. ... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз Эб, Гс, Тш нарын хамт 17 цагийн үед Старс бааранд орж архи уусан. 18 цаг өнгөрч байхад Старс баарнаас гараад Танван Эрдэнэ караокед орсон. Тэнд орсон чинь таньдаг хоёр ах байсан тул нийлээд архи уусан. Таван эрдэнэ караокеноос 20 цаг өнгөрч байхад гараад Айриш баар орохоор явсан. Тэгээд замдаа нэгдсэн эмнэлгийн хажууд Тштэй муудалцсан чинь Эб хүрч ирээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би Эбыг хавирч унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг Гс, Тш хоёр салгасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Хэсэг хугацааны дараа тэр хоёр гарч ирээд бид дөрөв Старс баар ороод 500 граммын Хараа архи авч хувааж уусан. Тэндээсээ гараад Таван эрдэнэ караоке баар орсон. Тэнд би тасраад уначихсан байсан. Нэг мэдэхэд Тш намайг босоорой явъя гээд сэрээсэн. Ингээд бид дөрөв Таван эрдэнээс гараад Айриш баар луу явцгаасан. Гс бид хоёр урд нь гараад явж байгаад эргээд хартал Тш газар сууж байсан. Би очоод яасан гээд асуутал Тш юм дуугарахгүй байсан. Н Тшгийн хажууд зогсчихоод пизда минь гээд цохих гээд байсан. Би тэгэхээр нь болиоч яах гээд байгаа юм бэ гэхэд Н намайг хавирч унагаагаад миний нүүрний зүүн талд эрүүн тус газар нэг удаа өшиглөчихсөн. Тэгтэл Гс хүрч ирээд Нийг болиулаад аваад явсан. Тш намайг эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон.... Надад Ноос нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Учир нь бид хоёр олон жил найзалж нөхөрлөж байгаа. Дээр нь Н миний эм тариа болон эмчилгээнд анхаарч байгаа тийм болохоор надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 06-07 дугаар хуудас/
Гэрч М.Тшын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Таван эрдэнээс гараад Эб, Н, Сх бид дөрөв Айриш орох гээд явж байх замд Н намайг алгадаад хавирч унагаагаад цохисон. Тэгээд Эб намайг өмөөрөөд Нтой маргалдсан. Би тэр хооронд Таван эрдэнийн нойл орж бие засчихаад гараад ирсэн чинь Эб эмнэлгийн баруун талд миний эрүү эвгүй болчихлоо хоёулаа эмнэлэг оръё гээд би Эбыг дагуулаад эмнлэг орсон гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Гэрч Б.Гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ингээд би түрүүлээд явж байтал ард Н Тштэй маргалдаад байсан. Эб очихоор нь би тэр хоёрын маргааныг салгах гэж байна гэж бодсон. Тэгтэл Эб Тшг өмөөрч Нийг толгойгоороо толгой хэсэгт нь мөргөсөн. Н тэгэнгүүт Эбыг хавирч унагаагаад нүүрэн тус газар нь өшиглөчихсөн юм. Би очоод тэр хоёрыг салгаад Нийг цааш нь аваад явсан. Харин Тш Эбыг аваад явах шиг болсон гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр № 04 .......
Дүгнэлт
1.Э.Эбын биед доод зүүн эрүүний ясанд хугарал, эрүүнд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 16 дугаар хуудас/
О.Н нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 27 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 30 дугаар хуудас/
О.Нийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 31 дүгээр хуудас/
Хохирогч Э.Эбын Цагдаагийн хэлтэст гаргасан Н надаас уучлалт гуйж эмчилгээнд тусалж байгаа, тул нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэх хүсэлт /Хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20-21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багт байрлах Мандал сумын нэгдсэн эмнэлгийн хашааны баруун талд иргэн Э.Эбтай маргалдан түүнийг хавирч унагаан нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Нийн хохирогч Э.Эбыг хавирч унагаан өшиглөж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд доод зүүн эрүүний ясанд хугарал, эрүүнд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилтай байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 125000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Эб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Харгант овогт Оюунчимэгийн Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н нь 500000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Нид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН