Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00094

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00094                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 54 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-12-126 тоотод оршин суух, Хариад овгийн Ренчиндоогийн Дуламсүрэнгийн /регистрийн дугаар ФД61112102/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Дуламсүрэн, гэрч Д.Чулуунбаатар, Ч.Чулуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Дуламсүрэн нь 1984 оны 04 сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хялганатад ойжуулагчаар, 1985 оны 12 сарын 18-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ойн техникумд үйлчлэгчээр ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл дээрх онтой холбоотой архивын баримт болон бусад баримтууд олдохгүй байгаа тул тухайн үеийн ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Дуламсүрэн нь 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хялгантын Мод бэлтгэлийн аж ахуйн мод үржлүүлгийн газарт ойжуулагчаар, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ойн техникумд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардла гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1978 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн мол үржүүлгийн газарт ойжлуулагчаар томилон ажиллуулав, 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ар гэрийн гачигдлаар өөр газар шилжих болсон тул ажлаас чөлөөлөв, 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ойн техникумд үйлчлэгчээр авч ажиллуулав, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ар гэрийн гачигдлаар Эрдэнэт хотод шилжин суух болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Эрдэнэт хотын ХБудирдах газрын мэдэлд шилжүүлэв” гэжээ.

2.Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар тушаалд “...Рендоо овогтой Дуламсүрэнг мод үржүүлэгт ойжуулагчаар тус тус томилон ажиллуулсугай” гэжээ.

3.Ой модны аж үйлдвэрийн яамны ойн техникумын захирлын 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 191 дугаар тушаалд “Р.Дуламсүрэнг 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1986 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түр хугацаагаар ажиллуулсугай” гэжээ.

4.Гэрч А.Чулуунбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 1977 оноос 1983 оны хооронд Хялгантын Ойн техникумд багш, захиралаар ажилласан.Намайг захиралаар ажиллаж байх хугацаанд Р.Дуламсүрэн Завхан аймгаас шилжиж ирээд 1985-1987 он хүртэл ойжуулагч, үйлчлэгчээр Ойн техникумд ажилласан” гэв.

5.Гэрч А.Чулуунбаатарын хөдөлмөрийн дэвтэрт “1977 он Ойн техникумд механик технилогийн багшаар авч ажиллуулав, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ойн техникумын захирлаар томилон ажиллуулав” гэжээ.

6. Гэрч Ч.Чулуун-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...би 1984-1987 оны хооронд Хялганатын Ойн техникумд суралцаж төгссөн.Манайх сурч байх хугацаанд эхнэр Р.Дуламсүрэн маань Ойн техникумд ойжуулагч, үйлчлэгчээр ажиллаж байсан” гэв.

7.Гэрч Ч.Чулуун-Эрдэнийн хөдөлмөрийн дэвтэрт мэдүүлэхдээ “1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ойн техникумын мод боловсруулах үйлдвэр механикийн 1 ангид элсүүлэн суралцуулав, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулиа төгссөн тул ОМАҮЯ-ны боловсон хүчний захирлын мэдэлд шилжүүлэв” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Дуламсүрэн нь 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хялгантын Мод бэлтгэлийн аж ахуйн мод үржлүүлгийн газарт ойжуулагчаар, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ойн техникумд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1984 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар тушаал, Ой модны аж үйлдвэрийн яамны ойн техникумын захирлын 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 191 дугаар тушаал, гэрч А.Чулуунбаатар,  Ч.Чулуун-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Чулуунбаатар, Ч.Чулуун-Эрдэнэ нарыг гэрчээр асуусан ба гэрч А.Чулуунбаатар 1977-1983 онд Хялганатын Ойн техникумд багш, захиралаар, гэрч Ч.Чулуун-Эрдэнэ 1984-1987 онд Хялганатын Ойн техникумд сурч байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Р.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хариад овгийн Ренчиндоогийн Дуламсүрэнг 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хялгантын Мод бэлтгэлийн аж ахуйн мод үржлүүлгийн газарт ойжуулагчаар, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ойн техникумд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Дуламсүрэнгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА