Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 17

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Далангийн 2-5 тоотод оршин суух Дугаржанцангийн Мөнхшударгад холбогдох “Амьтны аймагт учруулсан хохирол 5.000.000 / таван сая / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Мөнхшударга нь гарал үүслийн тодорхойлолт эрхийн бичиггүй 5 ширхэг цагаан зээр агнаж, амьтны аймагт хохирол учруулсан зөрчилд нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 заалтаар гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр 1 ширхэг ооно 500.000 төгрөгийг 2 дахин нугалж 1.000.000 төгрөгөөр тооцож 5 ширхэг ооно 5.000.000 төгрөгний нөхөн төлбөр барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Мөнхшударга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилсэн амьтны аймагт учруулсан хохирол 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Д.Мөнхшударгаас “амьтны аймагт учруулсан хохирол 5.000.000 / таван сая / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Мөнхшударга нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийн 50 хувь болох 47.475 төгрөгийг хариуцагч Д.Мөнхшударгаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилсэн “амьтны аймагт учруулсан хохирол 5.000.000 / таван сая / төгрөгийг хариуцагч Д.Мөнхшударга төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийн 50 хувь болох 47.475 төгрөгийг хариуцагч Д.Мөнхшударгаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ