| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00047/Э |
| Дугаар | 00046 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00046
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Анхбаярд холбогдох 2032000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1966 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, *суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 41 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Батнай овогт Батхишигийн Г. /РД:*/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар баг, Төвийн задгайд байрлах өөрийн гэртээ нөхөр Ч.Згтой ажилдаа явсангүй гэж маргалдан түүний зүүн гарын бугалга, нуруун тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн өгсөн …. ... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ Хөхцэцэг, Хөхцэцэгийн охин Оюун-Эрдэнэ, нөхөр Зг нарын хамт 0.33 граммын Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Мөн 4-5 литр орчим бараашиг исгэсэн байснаа уусан. Тэгээд би нөхөр Згыг ажил хийж байгаа айлдаа очиж үрсэлгээгээ хуч гэсэн чинь чамд хамаагүй чи ажил хийдэг юм уу гэж дормжлохоор нь би уурлаад хоолны шүүгээнээс хутга аваад зүүн мөр орчимд нь нэг удаа нуруунд нь нэг удаа хатгасан. Тэгээд нөхөр маань гараад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч.Згын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай эхнэр Г найз Цэндээ буюу Хөхцэцэгийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд дуудчихсан салат хийх гээд төмс арилгаж байсан юм. Тухайн үед бид нар архи уучихсан байсан. Би 1 шил 0.33 литрийн ерөөл архи уугаад сууж байхад манай эхнэр чи гарч ажлаа хий гээд хөөгөөд байсан. Уг асуудлаас болж эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэр хоолны шүүгээнд байсан салатны төмс арилгаж байсан хутгыг аваад миний зүүн мөр лүү хатгасан. Тэгээд намайг эргэж харахад араас нурууны ард нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би гараад явсан..... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Гз бид хоёр гэр бүл болоод 32 жил болж байна гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № 64 ...... Дүгнэлт:
1.Ч.Згын биед зүүн гарын бугалга, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 22-23 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-06 дугаар хуудас/
Хутга хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-15 дугаар хуудас/
Б.Ггийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын Б.Г нь ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэсэн тодорхойлолт /Хх-н 47 дугаар хуудас/
Хохирогч Ч.Згын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 62 дугаар хуудас/
Хохирогч Ч.Згын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан бид хоёр өөрсдийн хүсэлтээр эвлэрч хохирол гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар баг, Төвийн задгайд байрлах өөрийн гэртээ нөхөр Ч.Згтой ажилдаа явсангүй гэж маргалдан түүний зүүн гарын бугалга, нуруун тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанр хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Ггийн хохирогч Ч.Згын зүүн гарын бугалга, нуруун тус газарт хутгаар хатгасан үйлдэл нь ажилдаа явсангүй гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялаар шийтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Зг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Батнай овогт Батхишигийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.