Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00047

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд                                                       

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Гт холбогдох 1932002290010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1974 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * 06 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасүрэнгийн Г. /РД:*/

            Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг Бороо 4 гэх газар бусдын эзэмшлийн 65-46 УБМ улсын дугаартай  портер загварын тээврийн хэрэгсэлд Эмульс нэртэй тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гийн өгсөн …..... 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос 50 дизель гэх тог гаргагч генератор, 5 боодол шланк зэрэг зүйлсийг 65-46 УБМ улсын дугаартай супер портер маркийн машинд ачиж Сэлэнгэ аймаг Баянгол суманд ирсэн. Орой нь машинаа тавиад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед гражид очиж машинаа авсан. Машинаа асаах гэж байгаад түлхүүрээ хугалсан. Тэгээд цагаан голоо сугалж отверк хийж асаагаад өдөр 11 цагийн үед Бороо 4 гэх газар луу алт олборлохоор ирсэн. Уулан дээр ирээд машинаас тоног төхөөрөмжөө буулгаад байрлуулаад байж байтал баахан цагдаа нар ирсэн. Тэнд арав гаран машин байсан. Гэтэл портер машины жолооч хаана байна гэж цагдаа асуухаар нь эзэн нь байхгүй байна Баруунхараа явсан гэж хэлсэн. Тухайн үед би жолооны эрхээ хасуулсан байсан болохоор эзэн нь байхгүй байна гэж худал хэлсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад эзэн нь би байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэсэлгээний материал миний машинаас гарч ирсэн гээд дэлгэсэн байсан. Тэгээд намайг Асын хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.БЭийн өгсөн ..... Цагдаагийн хэлтсийн дарга Ганхуягийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг баянгол сумын нутаг Бороо 4 гэх газар мөрдөгч Алтанцөгц, мөн хэв журмын 3 цагдаагийн хамт очсон. Уг газарт очиход 10 гаран машин байсан. Алт олборлож байгаа нүхний амны ойролцоо очиж тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийсэн. Супер портер маркийн машины жолооч талын хаалгыг онгойлгож суудлыг нь сөхөж үзэхэд ногоон өнгийн брезентэн цүнх байсан. Цүнхийг онгойлгож үзэхэд тэсэлгээний зүйл байж болзошгүй байхаар нь мөрдөгч Алтанцагцийг дуудаж үзлэг хийлгэсэн. Хүн зориуд санаатайгаар хийж нууж хадгалсан байдалтай байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч А.Асын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Өнөөдөр өглөө бид нар уулыг нүхэлж нүх гаргасан амны үүдэнд техникүүдээ байрлуулсан. Цагдаа нарын үзлэгээр илэрсэн бодис нь бол тэсэлгээний зориулалттай хонгио, ишнүүр шатаагч утас зэрэг байсан. Би Налайх дүүрэгт уурхайд ажиллаж байсан учраас дээрх эд зүйлсийг хараад танина. Замаск шиг бодисыг нь бол мэдэхгүй. Г ахын машины кабинаас гараад ирсэн. Хаанаас ямар зориулалттай авчирсан гэдгийг нь би мэдэхгүй. Машин дотор байсан гэдгийг нь ч мэдэхгүй. Өөрөө надад хэн нэгэн хийчих шиг боллоо би хараагүй юм байна гээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Гэрч А.Абийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бид нар багажнуудаа буулгаад Серхан, ЖАК, Хумербек бид нар доошоо нүх рүү ороод Г ахын авчирсан шланкийг холбоод дуусаж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар биднийг уурхайн нүхнээс гар гэж гаргасан. Нүхнээс гарч ирэхэд гадаа баахан цагдаа нар ирчихсэн тэнд байсан хүмүүсийг цуглуулаад машин тэрэг шалгаж байсан. Нэг цагдаа нь биднийг бүртгээд тарцгаа гэхээр нь бид нар уурхайгаас буугаад байрлаж байсан гэр лүүгээ очиж амраад маргааш өдөр нь Налайх руугаа буцсан. .... Г ахын машинд тэсэлгээний бодис байсныг би мэдэхгүй ээ. Бид нарыг уурхайн нүхнээс гарч ирэхэд Г ахын машинаас тэсэлгээний бодис гарч ирсэн гээд тэр хавиар хүмүүс шуугиад танай машинаас тэсэлгээний бодис илэрч хамаг ажил алаад хаячлаа гээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 41-42 дугаар хуудас/

Бласт-Эксперт ХХК-ийн шинжээч Л.Даваацэдэвийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 156 дугаартай дүгнэлт....... Дүгнэлт:

1.Шинжээчид үзүүлсэн эд зүйлс нь Хүснэгт 1-ийн Шинжилгээ хийсэн материалд өгсөн шинжээчийн тодорхойлолт багананд бичсэн тэсрэх материалууд болох нь танигдаж байна.

2. Дээрх тэсрэх материалуудын сав баглаа, хаяг шошго байхгүй, эвдэж гэмтээсэн тул материалын үйлдвэрлэгч, маркийг тодорхойлох боломжгүй байна.

3. Дээрх тэсрэх материалууд нь тодорхой орчин нөхцөлд тэсэрч дэлбэрэх чанараа хадгалж байх магадлалтай тул үргэлжлүүлэн хадгалалгүйгээр зохих журмын дагуу даруй устгахыг зөвлөж байна.

4. Ялангуяа тэслүүрийн хийцийг эвдэж аюулгүй байдлыг хангах үйлдвэрлэгчийн шийдлүүдийг үгүй болгосон тул онцгой болгоомжтой хандах шаардлагатайг анхааруулж байна гэх /Хх-н 60-61 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр № 287 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 156 дугаартай Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийн 3, 4 дүгээр хүснэгтэд дурьдагдсан эмульс гэх гэх тэсрэх бодис нь уул уурхайн үйлдвэрлэлд тэсэлгээний ажил явуулахад зориулагдсан. Эмульс гэх тэсрэх бодис нь ямар журмаар ашиглагдахыг тогтоох боломжгүй.

2. Эмульсийн тэсрэх бодис нь уул уурхайн үйлдвэрлэлд тэсэлгээний ажил явуулахад зориулагдсан. Эмульсын тэсрэх бодис нь цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодист хамаарахгүй.

3. Уг асуултанд хариулах боломжгүй гэх /Хх-н 65-66 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-07 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /Хх-н 09 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-11 дүгээр хуудас/

Портер маркийн 65-46 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 18-19 дүгээр хуудас/

Д.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 81 дүгээр хуудас/

65-46 УБМ улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 86 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 88 дугаар хуудас/

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 90 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг Бороо 4 гэх газар бусдын эзэмшлийн 65-46 УБМ улсын дугаартай  портер загварын тээврийн хэрэгсэлд Эмульс нэртэй тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг гэрчээр асуухдаа хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй, мөн 65-46 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлсэн ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол нь хууль зөрчөөгүй, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 156 дугаартай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 287 дугаартай дүгнэлтүүд нь эргэлзээгүй, үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Г нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар журам болон нийгмийн аюулгүй байдал түүнийг хамгаалах талаар тогтоосон журмыг зөрчин Эмульс гэх нэртэй тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж аван тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хсэгт ... Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж  тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох бусад боломжийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ззасныг баримтлан уг тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан портер загварын 65-46 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн О.Өлзийбаярын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон бөгөөд О.Өлзийбаяр нь уг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадад хадгалагдаж байгаа 5 мм голчтой 143, 272 см урттай, улбар шар өнгийн кабелийн утас 2 ширхэг, 158 см урттай цагаан өнгийн кабель утас 1 ширхэг, 26 см урттай 5 см өргөнтэй гулдмай хэлбэртэй гадуураа гялгар уут бүхий цагаан өнгийн 5 ширхэг нялцгай шавар мэт зүйл, улаан шаргал өнгийн гялгар уут бүхий 1 ширхэг нялцгай шавар мэт зүйл, 7 мм голчтой 5.5 см, 4.6 см урттай 2 ширхэг хар өнгийн төмөр хонгио, 6 см урттай цагаан өнгийн төмөр хонгио 1 ширхэг, ногоон өнгийн брезентэн үүргэвч цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадад даалгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Гийг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой ажил үүрэг гүйцэтгэхийг хориглох үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хээгт зааснаар Д.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.

5. Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадад хадгалагдаж байгаа энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 мм голчтой 143, 272 см урттай, улбар шар өнгийн кабелийн утас 2 ширхэг, 158 см урттай цагаан өнгийн кабель утас 1 ширхэг, 26 см урттай 5 см өргөнтэй гулдмай хэлбэртэй гадуураа гялгар уут бүхий цагаан өнгийн 5 ширхэг нялцгай шавар мэт зүйл, улаан шаргал өнгийн гялгар уут бүхий 1 ширхэг нялцгай шавар мэт зүйл, 7 мм голчтой 5.5 см, 4.6 см урттай 2 ширхэг хар өнгийн төмөр хонгио, 6 см урттай цагаан өнгийн төмөр хонгио 1 ширхэг, ногоон өнгийн брезентэн үүргэвч цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой байдлын ерөнхий газарт  даалгасугай.

7. Энэ хэргийн улмаас О.Өлзийбаярын эзэмшлийн 65-46 УБМ улсын дугаартай портер загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.