Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00093

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00093                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг Төгөл гарден 16б-59 тоотод оршин суух, Зуун цагаан гэр овгийн Лайгансүрэнгийн Мөнхжаргалын /регистрийн дугаар ФМ61031031/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Мөнхжаргал, гэрч Д.Сүхээ, С.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1982-2016 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн байгууллагад засварчнаар ажиллаж байна. 1982-1996 оныг дуустал тээвэр технологийн цехийн белазын хэсэгт засварчнаар ажиллаж байгаад 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс авто тээврийн төрөл бүрийн машины хэсэгт засварчнаар шилжиж очиж ажилласан. Тэр үеийн ажилд орсон болон гарсан тушаал байхгүй байгаа тул Эрдэнэт үйлдвэрийн тээвэр технологийн цехэд 1982-1996 он хүртэл белазын хэсэгт засварчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 он хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехийн белазын хэсэгт авто засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 356281 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Монгол зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд авто засварчнаар авч ажиллуулав” гэжээ.

2.Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 456-к дугаар тушаалд “Л.Мөнхжаргалыг 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Уулын технологийн тээврийн цехэд хүнд даацын Белаз машины засварын 3 дугаар зэргийн автозасварчнаар авч ажиллуулсугай” гэжээ.

3.Л.Мөнхжаргалд 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 1984 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон Баярын бичиг, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг,

4.Гэрч Д.Сүхээ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Л.Мөнхжаргал нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн УТТЦ-д Белаз машины засварчнаар 1982-1996 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед бид 2 нэг бригадад хамт ажиллаж байсан” гэжээ.

5.Гэрч Д.Сүхээгий Хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн уулын тээвэр технологийн цехэд авто слесараар авч ажиллуулав” гэжээ.

6.Гэрч С.Нэргүй шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Л.Мөнхжаргал нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн УТТЦ-д Белаз машины засварчнаар 1982-1996 он хүртэл ажиллаж байсан, бид 2 нэг бригадад хамт ажиллаж байсан” гэжээ.

7.Гэрч С.Нэргүйгийн хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс белаз машины технологичоор авч ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 он хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехийн Белазын хэсэгт авто засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 356281 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 456-к дугаар тушаал, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 1984 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон Баярын бичиг, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч Д.Сүхээ, С.Нэргүй нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Уулын технологийн тээврийн цехэд хүнд даацын белаз машины засварчнаар ажилд томилсон тушаал байгаа боловч 1996 он хүртэл ажилласан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэхдээ гэрч Д.Сүхээ, С.Нэргүй нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Л.Мөнхжаргалыг 1996 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Уулын технологийн тээврийн цехэд ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан Д.Сүхээ, С.Нэргүй нар 1982-1996 он хүртэл нэхэмжлэгч Л.Мөнхжаргалтай хамт хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехэд ажиллаж байсан нь Д.Сүхээ, С.Нэргүй нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуун цагаан гэр овгийн Лайгансүрэнгийн Мөнхжаргалыг 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 он хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уулын технологийн тээврийн цехийн белазын хэсэгт авто засварчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхжаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА