Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00052

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Н.Улсболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уламбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.М-д холбогдох 1932001970222 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Шарын гол суманд 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдрах, *гэх газарт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-2001 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар

2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар

- 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн № 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ялаар

- 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чируг  овогт Зеленбайн  М. /РД:*/

 

Шүүгдэгч  З.М  нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны  өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол  сумын Баян 2 дугаар баг, Бага  мухар  гэдэг газарт 18-49 ДАР улсын дугаартай портер загварын тээврийн  хэрэгслээр  хадлангийн өвс ачиж хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны машины  жолоочийн бүхээг дотор зориулалтын  суудалд  зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх   бөгөөд   харин   түүний   тэвшин  дээр   энэ   дүрмийн   23.2,   23.3-           д зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин портер загварын тээврийн хэргсэл дээр ачсан хадлангийн өвсөн дээр хохирогч Ц.Гбыг суулган хөдөлснөөс Ц.Гб нь тээврийн хэрэгслээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Мын өгсөн  ……  2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Гбтой Шарын гол сумын төвд таарсан юм. Ц.Гб хөгшин чинь танайд очиж өвс хадланд чинь тусалъя чи надад нэг хонь өгчих гэхээр нь би зөвшөөрөөд машиндаа суулгаад гэртээ авчирсан юм. Тэгээд маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түлш авах гээд Шарын гол сумын төв орсон. Тэгээд би наашаа гэр лүү ирэхдээ Гбын хамт ирсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчимд Гб бид хоёр Баянгол сумын мухар гэдэг газраас миний эзэмшлийн портер машин дээр өвс ачсан. Портер дээр өвсөө аравчны дайтай ачсан байх үед би хөдөллөө шүү гэж Гбод хэлсэн. Тэр үед Гб машины дээр ачсан өвсөн дээр сууж байсан. Тэгээд би хөдлөөд 4 бухлын голд очиж зогссон. Тэгээд би буугаад машины зүүн талд байсан 2 бухлыг ачих үед Гб машин дээр байсан. Баруун талд байх 2 бухал өвсийг ачмхаар хүрч ирээд эхний бухал өвсийг аччихаад эргэж харахад Гб газарт унасан хэвтэж байсан. Яасан бэ гэсэн чинь машин дээрээс уначихлаа босч чадахгүй байна гэж хэлсэн. Хүзүү цээж өвдөөд байна гэхээр нь би портер машинаа асааж гэртээ очоод эхнэртээ хэлээд суудлын жижиг тэрэг асааж хүрч ирээд Гбыг гэрт авчирсан. Тэгээд Гбын дүү Болороо луу нь утасдаж хэлсэн. Шарын гол сумын эмнэлэг рүү өөрийн машинаар шөнийн 03 цагийн үед хүргэж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь би 09 цагт эмнэлэг дээр очиход ах дүү нар нь ирчихсэн Улаанбаатар хот руу авч явна гэж байсан. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 4 сая төгрөг өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уламбаярын өгсөн ...... 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт дүү Гбыг эмнэлэгт хүргэгдэж ирснийг сонсоод дүү Гбтой уулзсан. Тэгэхэд Гб аниа миний хөл хөдлөхгүй байна тамхи асаагаад өгчих гэхээр нь асаагаад өгсөн чинь гар нь бас хөдлөхгүй байсан. Тэгээд Улаанбаатар хот руу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 20 цагийн суудлаар дүү Гбыг аваад явсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш нь хагалгаанд орсон. Улаанбаатар хотод эмнэлэгт 21 хоног хэвтсэн. Улаанбаатар хотын эмнэлгээс гараад Дархан-Уул аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Осол болсноос хойш байнга хэвтрийн байдалтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Шарын гол сумын эмнэлэгт хэвтээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Одоо биеийн байдал гэвэл зүрх нь ажиллаж байна. Дүү маань өнөө бол өнөө маргааш бол маргааш нас барахаар болчихоод байна. Доошоогоо  цус  алдаад байгаа. Одоо  ямар  ч   эмчилгээгүй   гэсэн.  Хохиролд анх  150000  төгрөг,  дараа  нь 300000  төгрөг, 2019 оны 10  дугаар  сарын  01-нд 500000  төгрөг,  2019 оны 12  дугаар  сарын 16-нд 1  сая   төгрөг , 2020 оны  01 дүгээр  сарын 08-нд  600000  төгрөг,  2020  оны 02  дугаар  сарын  11-нд 1  сая төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын  20-нд  500000  төгрөг,  нийт  4050000  төгрөг  авсан. Би З.Маас 8047185 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс төлсөн 4050000 төгрөгийг  хасахад  3997185  төгрөг  болж  байна. Үүн  дээр  сая   шүүх  хуралдаанд  шинээр  гаргаж  өгсөн   941240 төгрөгийг  нэмээд  4938425  төгрөгийг  нэхэмжилж   байна.  Хүрч  ирж  уулзаад   мөнгө  болон   сэтгэл   санаагаар   тусалж   байгаагүй.

Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Гбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үед буюу өвс ачиж байх үед М бид хоёр хоёулахнаа байсан болохоор өөр хүн хараагүй ээ. М бид хоёр өвс ачихдаа би машин дээр гарчихсан Мын гаргаж өгсөн өвсийг дэлгэж тавиад ачиж байсан юм. Харин М бухал нь холдоод ирэхээр машинаа хөдлөгөөд ойртож очиж зогсдог байсан юм. Яг нэг бухлын дэргэд очоод авч өгчихөөд М машинаа хөдөлгөх үед би санамсаргүй байж байгаад унасан юм. Машин дээрээс унахдаа би толгойгоороо газар унасан юм. Тэгээд би газар унаад хөдөлж чадахгүй болсон юм.... Намайг санаатайгаар дээрээс түлхэж унагасан асуудал байхгүй. Харин Мын машины асаалтын төхөөрөмж нь ажиллахгүй өнхрүүлж байгаад араандаа хийж асаадаг юм. Яг тэгэх үед нь би унасан юм. Уг нь надад хөдөллөө шүү гэж хэлээд хөдөлсөн бол ийм асуудал гарахгүй байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 20-23 дугаар хуудас/

Иргэний хариуцагч З.Мтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос мотор олж авчраад тавьж асаагаад 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн төрсөн ах Мад 2 сая төгрөгөөр зарсан юм. Зарсны дараа ах Мын нэр дээр шилжүүлэх гэсэн боловч намрын ажил өвс хадлан гээд ажил ихтэй зав гарахгүй байсаар байгаад өдийг хүргэсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

Гэрч Ц.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Манай эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яг тийм Ц.Гб бэртсэн талаар дуудлага мэдээлэл ирээгүй. Надад танилцуулсан зүйл байхгүй. Харин Ц.Гб гэдэг хүн манай эмнэлэг дээр хүргэгдэн ирсний дараа би үзэж эмчилгээ хийсэн юм. Гбын зүүн талын хацар дээр шалбархай байсан. Тэрнээс биед ил харагдах шарх сорви хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй ба Гбоос архи үнэртэж байсан. Өөрийнх нь хэлснээр хүзүү өвдөөд байна гэж байсан. Хоёр хөл нь саажилттай мэдээгүй хоёр гар нь бол хөдөлж байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 11985 ..... Дүгнэлт:

1.Ц.Гбын биед хүзүүний 7 дугаар нугаламын их бие, педикулын хугарал, 6,7 дугаар нугалмын бүрэн мултрал, нугас дарагдал, 4 мөч, аарцгийн эрхтний саа, саажил бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги хэдэн  хувь алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх /Хх-н 39 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр № 18 .........Дүгнэлт:

1.Иргэн Цагаан овогтой Гб нь бэртсэн гэх асуудал нь Зам тээврийн осол мөн. Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдрэх гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн  хохирол  учрахыг  хэлнэ.

2. Жолооч  З.М  нь  Монгол  улсын  замын  хөдөлгөөний  дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх  зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны машины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг  зөвшөөрөх  бөгөөд   харин түүний  тэвшин  дээр  энэ  дүрмийн  23.2, 23.3-д  зааснаас бусад  тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 23.2. Ачааны автомашины  тэвшинд  ачааг   дагалдан  буюу   хүлээж  авахаар   яваа   хүмүүсийг

тэвшний хашлагын дээд ирмэгээс нам зассан суудалд суулгаж тээвэрлэхийг зөвшөөрнө. Ингэхдээ жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан  уг хүмүүст буух, суух, зорчих журмыг зааварчилж хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино. 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно:

б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/, 3.5. зам тээврийн осолд холбогдсоэ жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэв.

3.Иргэн Цагаан овогтой Гб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно:

б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт буюу ачааны автомашины тэвшний хашлагаас дээш гарсан ачаан дээр байрлаж, тэвшин дээр зогсож явах, тээврийн хэрэгслээс зүүгдэх гэсэн заалт зөрчсөн байна гэх /Хх-н 43 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлт /Хх-н 04-07 дугаар хуудас/

Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /Хх-н 53-77 дугаар хуудас/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Хх-н 83 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 90-110, 142-143, 158-160, 199-200 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 122 дугаар хуудас/

Хохирол төлсөн баримт /Хх-н 140 дүгээр хуудас/

З.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 173 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.М нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Бага мухар гэдэг газарт 18-49 ДАР улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр хадлангийн өвс ачиж хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1. Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны машины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-д зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин портер загварын тээврийн хэргсэл дээр ачсан хадлангийн өвсөн дээр хохирогч Ц.Гбыг суулган хөдөлснөөс Ц.Гб нь тээврийн хэрэгслээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч З.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасанаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уламбаяр нь мөрдөн байцаалтад 8047185 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч З.М нь 4050000 төгрөгийг төлж 3997185 төгрөг төлөгдөөгүй байсан бөгөөд шүүх хуралдаанд Ц.Уламбаяр нь нэмж 941240 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг тооцон үзэхэд нийт 4938425 төгрөг болсныг шүүгдэгч З.Маас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч З.М нь 4938425 төгрөгийн хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар хойшлуулах завсарлага авч 4938425 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уламбаярын данс руу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр шилжүүлэн төлсөн нь З.Мын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон  тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Мын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир 18-49 ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Гб нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Чируг овогт Зеленбайн Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан З.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар З.Мад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хээгт зааснаар З.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Хохирогч Ц.Гб нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Энэ хэргийн улмаас портер загварын 18-49 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Мад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.