| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00058/Э |
| Дугаар | 00056 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 00056
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бд холбогдох 2032000390039 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1988 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эргэтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 33 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овогт Баянбаатарын Б. /РД:МЗ88080432/
Шүүгдэгч Б.Б нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг зөрчин 2017 онд тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авч 2020 оны 02 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 33 тоотод буюу өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн …..... Би эрхэлсэн ажилгүй болохоор алт модонд хувиараа явдаг юм. 2017 онд нэг удаа Баянгол суманд алтанд явж байхдаа уулын амнаас шуудайтай зүйл олсон. Онгойлгож үзсэн чинь шар цаастай нялцгай зүйл байсан. Тэгээд тэнд байсан хүнээс асуусан чинь тэсрэх бодис байна гэхээр нь хэрэг болж магадгүй гээд машиныхаа ард хийсэн. Тэгээд гэртээ авчраад амбааарт ширээн доогуур тавьсан байсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сард уул руу алтанд явахдаа хэрэг болж магадгүй гээд авч явж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч З.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд удалгүй гэрийн гадаа ирээд гэрийн гадаа чинь ирчихлээ гээд Нг залгасан. Хувцсаа өмсөөд гараад очсон чинь Ба, Нигннчой, танихгүй нэг ах байсан. Бат-
Ирээдүйгийн машинд суугаад Мөнгөнбаатар ах дээр очоход бензиний мөнгө ойр зуурын идэж уух юм аваарай гээд Бад өгсөн. Бид 96 дугаар байрны хажуугаар гарч явахад цагдаа зогсоогоод бичиг баримт үзээд тээш шалгасан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тийм л юм болсон гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/
Гэрч Т.Нггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Б гэх залуу хоол хүнсний зүйл бэлтгэсэн, шуудай аваадах гэхээр нь би цаадах өрөөнд нь ороод бензин авсан. Дэлгүүрээс гараад Тост өргөөгийн зүүн талын байрны тэнд очоод Б буугаад 2 савтай бензин авсан. Тэгээд замын хойшоо цэцэрлэг орж би Мөнгөнбаатараас 50000 төгрөг авсан. Тэгээд Төрбат гэх найзыгаа аваад хойшоо явж байтал цагдаа зогсоогоод тээврийн хэрэгсэл шалгасан чинь тээшний хэсгээс тэсэлгээний бодис олдсон. Ингээд саатуулагдсан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Багийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би Бг миний машинд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэсэн гэж мэдээгүй. Тэгээд миний машин журмын хашаанд 66 хоносон, нэг хоногийн 5000 төгрөгний төлбөртэй бөгөөд одоо би машинаа журмын хашаанаас авахын тулд нийт 330000 төгрөг төлөх шаардлагатай болоод байна. Би Бгаас нийт 330000 төгрөг нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг /Хх-н 73 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр № 1073 ...... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь тэсрэх бодис /аммонит/, цочир дамжуулах шижим утас, бялт тэслүүр /детонатор/ байна.
2. Дээрх эд зүйлс нь тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байна.
3. Дээрх тэсрэх бодис нь доргилт, үрэлт, нар салхины нөлөөгөөр тэсэрч дэлбэрдэггүй, уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодис бөгөөд химийн үндсэн нэгдэл нь NH4NO3 байдаг. Энэ тэсрэх бодисыг уул уурхай үйлдвэрлэлийн зориулалттай ашигладаг. Цочир дамжуулах шижим утас нь дээрх тэсрэх бодист тэсрэлтийн долгионыг дамжуулах үүрэгтэй. Бялт тэслүүр нь тэсрэх бодисыг тэслэх үүрэгтэй ба цохилт, доргилтын улмаас тэсрэх аюултай.
4. Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн хадгалалт хамгаалалтын талаар 2013 оны Монгол улсын Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэдтэд хяналт тавих тухай хууль болон Монгол улсын Засгийн газраас баталсан Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрэм-д тусгасан дагаж мөрддөг гэх /Хх-н 31-32 дугаар хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-05 дугаар хуудас/
Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 48 дугаар хуудас/
Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 58 дугаар хуудас/
Тоёота ланд круйзер 70 загварын 13-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг зөрчин 2017 онд тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авч 2020 оны 02 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 33 тоотод буюу өөрийн гэртээ хадгалсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг гэрчээр асуухдаа хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй, шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 1073 дугаартай дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Б нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар журам болон нийгмийн аюулгүй байдал түүнийг хамгаалах талаар тогтоосон журмыг зөрчин Аммонит гэх нэртэй тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж аван өөрийн гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хсэгт ... Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох бусад боломжийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ззасныг баримтлан уг тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота ланд круйзер 70 загварын 13-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ч.Багийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон бөгөөд Ч.Ба нь уг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох үндэслэлтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ч.Ба нь 330000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч 330000 төгрөгийг төлсөн талаар холбогдох баримтгүй байх ба өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид хадгалагдаж байгаа шаргал өнгийн бүрээстэй цайвар өнгийн голтой 5 метр 10 см, 50 см, 77 см урттай нийт 3 хэсэг өдөөгч утас, ногоон өнгийн шуудайнд хийж багласан замаск мэд бодис 1 ширхэг, 5 см урттай цагаан өнгийн металл бүхий хонгио 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид даалгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Тайж нар овогт Баянбаатарын Бг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой ажил үүрэг гүйцэтгэхийг хориглох үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бүрээстэй цайвар өнгийн голтой 5 метр 10 см, 50 см, 77 см урттай нийт 3 хэсэг өдөөгч утас, ногоон өнгийн шуудайнд хийж багласан замаск мэд бодис 1 ширхэг, 5 см урттай цагаан өнгийн металл бүхий хонгио 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид даалгасугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хээгт зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.
7. Иргэний нэхэмжлэгч Ч.Ба нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Энэ хэргийн улмаас Тоёота ланд круйзер 70 загварын 13-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.