| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0840/З |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 147
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Я.Ц, С.М, Б.Б, С.Э, Б.Б нарыг оролцуулан, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийи А/609 дүгээр захирамжийн 1 дэх хавсралтын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани анх 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Ш а-1 нэртэй газарт орших 25.62 га талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-007... тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа болно. 2016, 2017 онд манай компани санхүү, мөнгөний асуудлаас болж үйл ажиллагаа түр зогссон. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрт хүндээр тусч байгаа ба энэ байдал нь манай компанид ч багагүй хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн болно.
Энэ хугацаанд манай эзэмшлийн 25.62 га газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалсан байна. Цуцлах болсон шалтгаан нь Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр цуцалсан байна.
Манай компанийн эзэмшлийн газар нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд ороогүй бөгөөд уг газрыг эзэмших тусгай зөвшөөрөл нь хууль ёсны дагуу олгогдсон болно.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж гарч бидний хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаад гомдолтой байна. Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, бид Байгаль орчны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нөхөн сэргээлт хийх” тухай 02/1135 тоот албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 05-нд хүлээн авснаар Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн талаар олж мэдсэн билээ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-ын дагуу нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан боловч Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжид уг дүгнэлт гарсан талаарх мэдээллийг тус компанид ирүүлээгүй байгаа болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бидний хуулиар олгогдсон эрх, ашгийг хамгаалж өгнө үү хэмээн хүсэж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцагчаар татах тухай “М” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай байгууллагыг томилсны дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн байна.
Ингэснээр нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах хууль зүйн боломж бүрдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Уг шалгалтаар “М” ХХК нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гарган Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, мөн хариу тайлагнаагүй зэрэг зөрчлүүд гарч мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйл ажиллагааг нь 2 сарын хугацаатай зогсоож, зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгсөн боловч зөрчлөө арилгаагүй байна.
Мөн тухайн аж ахуйн нэгж нь 39 дүгээр зүйлийн 39.1.6-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх” гэж заасны дагуу батлагдсан бичиг баримтыг манай газарт ирүүлээгүй зэрэг зөрчлүүд байна.
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос Туул голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу, мөн олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол болон эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн удирдлага болгон ажиллахыг Монгол Улсын 3асгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус тус чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд огт мэдээгүй болон сонсоогүй гэх тайлбарлаж болохгүй юм.
Тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэлээр сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.
Дээрх удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийи А/609 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 53 дугаарт зааснаар “М” ХХК-ийг “...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. А/609 дүгээр захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “... нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцална”, 37 дугаар зүйлийн 37.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ”, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.
Захирамжийн 1-д заасан үндэслэл нь нэхэмжлэгч “М” ХХК-д холбоотой байх тул байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон эсэх асуудлыг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон бодит нөхцөл байдлыг дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар нийслэлийн Засаг дарга гагцхүү нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ... шалгалтаар “М” ХХК нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гарган, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, мөн хариу тайлагнаагүй зэрэг зөрчлүүд гарч мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйл ажиллагааг нь 2 сарын хугацаатай зогсоож зөрчлөө арилгах үүрэг, даалгавар өгсөн боловч зөрчлөө арилгаагүй, үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ... ” гэжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Удирдамжаар шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, хугацаа, хамрах хүрээ, хийгдэх ажлуудыг тодорхойлж, ажлын хэсгийн тайлан, саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахаар заажээ.
Хяналт шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 20-ний хооронд хийж гүйцэтгэж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-132/747 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага гарчээ. Тухайн албан шаардлагатай нэхэмжлэгч хэдийгээр маргаагүй боловч нэхэмжлэгчийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор маргаж буй нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн гаргах болсон үндэслэл нь улсын ахлах байцаагчийн албан шаардлага болсон гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс хийдэг.
Улсын ахлах байцаагчийн 02-05-132/747 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын агуулгаас дүгнэхэд тус албан шаардлагын дагуу “... тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хариу ирүүлэхийг мэдэгдье, албан шаардлагыг биелүүлээгүй буюу гүйцэтгэлийг заасан хугацаанд ирүүлээгүй, зөрчил давтан илэрсэн тохиолдолд арга хэмжээ авахыг мэдэгдье ...” гэжээ. Мөн энэхүү шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэж заасан байна.
Энэхүү албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас гаргасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актын шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч тухайн захиргааны акттай холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар хуульчилсан.
Тухайн албан шаардлагыг нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Ч.Эт гэж хаягласан боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг нэхэмжлэгч “М” компани болон удирдлагад нь мэдэгдэж, гардуулж өгсөн баримт байхгүй, мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00018952 дугаар Шалгалт хийсэн тухай тэмдэглэлд “... тус компанийн олборлолт хийсэн газар дээр очиж захирал Ч.Этэй үзэж шалгасан ...” гэж бичсэн боловч шалгуулагч этгээдээс, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс тэмдэглэлтэй танилцсан хүний нэр, гарын үсэг байхгүйгээс гадна гарын үсэг зурахаас татгалзсан тайлбар хэсэгт ямар нэгэн тайлбар бичигдээгүй болох нь баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй юм.
Дээрх байдлаас дүгнэхэд нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/609 дүгээр захирамж гарах үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хуулийн дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулаагүй нь тухайн албан шаардлагыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгчийн гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхийг нь хангаагүй байна.
Мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах хуулийн зохицуулалт хэрэгжээгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06б/7616 дугаар “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичигт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших 25.62 гектар талбай бүхий MV-007... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын, хориглолтын, хязгаарлалтын бүстэй давхцалгүй байна” гэжээ.
Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолд зааснаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Маргаан бүхий А/609 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахад тавигдах материаллаг болон формаль шаардлагыг хангасан эсэх талаар шүүхээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архивд бичиг баримтын үзлэг хийсэн.
Шүүхийн үзлэгээр Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн хувийн хэрэгт нийт 12 хуудас баримт байснаас захирамжийн төсөл, танилцуулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Б ын боловсруулсан хяналт, шалгалт хийсэн танилцуулга, “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт” зэрэг авагдсан байна. Тус дүгнэлтэд “... 2017 оны 05 дугаар сард улсын байцаагчийн гаргасан албан шаардлага, актыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. ... шаардлагатай материалыг ... тус тус гарган хүргүүлж байгаа тул Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн 96 тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Энэхүү дүгнэлт нь нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж гарах үндэслэл болсноос гадна нийслэлийн Засаг дарга дүгнэлтэд зааснаар нэхэмжлэгч компанийг зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлагыг хоёр сарын дотор биелүүлээгүй, хариу мэдэгдээгүй гэх үндэслэлээр “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүний эрх ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн гаргахдаа “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бий болсон талаар, тухайлбал, захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-132/747 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдсэн эсэх, эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрхээр нь хангаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулаагүй нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хуульд заасны дагуу мэдэгдэж, гардуулж, зөрчлийг арилгах хэрэгжилтийг хэрхэн хангасан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүйгээр бусад аж ахуйн нэгжүүдтэй нийтэд нь хамааруулан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь хуулийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “...өнөөгийн байдлаар нэхэмжлэгч түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор газрын зориулалтыг өөрчлөх замаар нэхэмжлэгч тухайн газраа цаашид эзэмших, ашиглах боломжтой. Хэдийгээр хариуцагчаас эвлэрэх итгэмжлэл олгоогүй ч энэ асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэж тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1. “Захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн”, 50.1.2. “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно гэж заажээ.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын, хориглолтын, хязгаарлалтын бүстэй давхцалгүй гэх нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн, мөн хүчингүй болгохоор маргаж буй А/609 дүгээр захирамжийн үндэслэл болсон 02-05-132/747 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад гомдол гаргах эрхийг төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид олгоогүй байна.
Иймд маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон хууль зүйн заалтыг нэхэмжлэгчийн хувьд зөрчсөн нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бүрэн гүйцэд тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу захиргааны актад гомдол гаргах эрхийг хязгаарлаж, маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх хавсралтын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН