Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0565

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“ХТЦХ” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 469 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ХТЦХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0469 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХТЦХ” ТББ-ын нэхэмжлэл болон “Ө Т” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын шинэ акт гаргахгүй байгаа болон талуудын гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргаж, талуудын гаргасан өргөдөл хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна ... Анхан шатны шүүх тухайн шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0344 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө ...” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х ...” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бөгөөд шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө ...” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х ...” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэснийг анхан шатны шүүх харгалзалгүй шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/ШШ2021/0469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХТЦХ ТББ-аас “Нийслэлийн Засаг даргын “ХТЦХ” ТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Ө Т” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгах” бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ө Т” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны А/128 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.Урансанаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “ХТЦХ” ТББ-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлалаар “... “Ө Т” ХХК-ийн гаргасан, Нийслэлийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох хэсгийн “Ө Т” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, ... Д.У-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Ө Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд “ХТЦХ” ТББ-ын бие даасан шаардлага болох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө Т” ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд тус тус хүчингүй болохыг” дурдаж шийдвэрлэсэн,

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор “16... тухайн газрын давхцалыг 3.5 га газраас, эсхүл 2.5 га газраас тооцох эсэх нь эргэлзээтэй, 17... маргаан бүхий газар нь “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар”-т хамаардаггүй байсан, одоо хамаардаг болсон гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, 18 ... “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-ыг шууд баримталж шийдвэрлэх нь эргэлзээтэй, иймээс илүү бодит нөхцөл байдалд тулгуурлан газар давхцалтай эсэх, “давхцал”-тай байвал түүний зааг хэмжээг тодорхойлж, маргаан бүхий актуудыг гаргаж байсан цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын, аль эсвэл нийслэлийн Засаг даргын алиных нь эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага алдаагаа “өөрөө” залруулах боломжтой ... гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 344 дүгээр магадлалд “...1 дэх заалтын нэхэмжлэгч “Ө Т” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “ХТЦХ” төрийн бус байгууллагад холбогдох хэсгийн “Ө Т” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр” гэснийг гуравдагч этгээд “ХТЦХ” төрийн бус байгууллагын гаргасан бие даасан шаардлагын “нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох хэсэг гэж, 3 болон 4 дэх заалтын “... нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Хатан туул цэцэрлэгт гэснийг “... нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “ХТЦХ” ТББ-д холбогдох хэсэг” гэж тус тус өөрчлөлт оруулж хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдсон хэргийн оролцогчид эдгээртэй маргаагүй байна.

Улмаар “ХТЦХ” ТББ 2020 оны 03 дугаар сарын 19, 2020 оны 05 дугаар сарын 05, 2021 оны оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд, “Ө Т” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, газар эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хандсан, тухайн асуудлыг хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “ХТЦХ” ТББ, “Ө Т” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийж, холбогдох хууль, журмын дагуу газрын маргааны асуудлаар зохих шийдвэр гаргуулахаар нийслэлийн Засаг даргад өргөн танилцуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь “ХТЦХ” ТББ болон гуравдагч этгээд “Ө Т” ХХК-ийн дээрх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүйг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5/-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж заасан эрхийг зөрчсөн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3/-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”,  4/-д “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж заасан үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандсан, хариуцагчаар зөвхөн Нийслэлийн Засаг даргыг тодорхойлон маргасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргаагүй, шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “X...” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэснийг анхан шатны харгалзалгүй шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ