Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01428 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Жэй эм эс си” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 15 080 000 төгрөг, торгууль 7 540 000 төгрөг, сэлбэгийн үнэ 1 482 800 төгрөг нийт  24 102 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Түрээсийн төлбөрт илүү төлсөн 19 292 119 төгрөг, барьцаа төлбөрийн үлдэгдэл 10 277 200 төгрөг нийт 29 569 319 төгрөг гаргуулах, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Заантогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жэй эм эс си” ХХК нь манай компаниас 2016 оны 019/2016R дугаартай, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр 10037 арлын дугаартай DX500LCA маркийн экскаваторыг мотор цагийн хязгааргүйгээр, 1 сарын 48 400 000 төгрөгөөр түрээслэж авсан болно. Хариуцагч нь экскаваторыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсээр нийт 3 cap 6 өдөр ашигласан байна. Ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нийт 154 880 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 139 800 000 төгрөгийг төлсөн ба 15 080 000 төгрөгийг дутуу төлсөн. Гэрээний 8.6, 8.6.2-т заасны дагуу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн 50 хувьтай тэнцэх 7 540 000 төгрөгийн торгууль шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Мөн экскаваторыг бид хүлээн авах үед 1 482 800 төгрөгийн сэлбэг дутсан байх тул бид нэхэмжилж байна. Эдгээрийг нийлүүлэн тооцвол түрээсийн төлбөр 15 080 000 төгрөг, торгууль 7 540 000 төгрөг, дутсан сэлбэгийн үнэ 1 482 800 төгрөг нийт 24 102 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч гэрээ хийснээс 6 өдрийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр экскаватор уурхайд очиж, бид 1,453 мотор цагтай хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 395 мотор цаг ашигласан юм. Бид анх гэрээ байгуулахдаа сард ашиглах мотор цагийг 300 цагаар тооцож, сарын түрээсийн төлбөрт 32 722 800 төгрөг төлөх, илүү цагийн түрээсийн төлбөрийг 74 921 төгрөгөөр тооцож нэмж төлөхөөр гэрээ байгуулсан боловч манай компани хүсэлт гаргаснаар эхний 1 cap буюу 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 6 дугаар сарын 19-нийг хүртэл хязгааргүй мотор цагаар тооцож, сард 48 400 000 төгрөг төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэвч 6 сард маш их бороотой байсан тул техникийг хязгааргүй мотор цагаар ажиллуулж чадаагүй. Үүний улмаас манайх 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 300 мотор цагаар буюу анх тохирсноороо төлье гэхэд нэхэмжлэгч хязгааргүйгээр төл гэсэн. Бид борооны улмаас ажиллаж чадаагүй тул биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж эхний сарын төлбөрт 39 840 295 төгрөг (300цаг=32 722 800)+(95цаг*74 921 =7 117 495) төлөх ёстой. Ингээд гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусахад хэн аль нь гэрээгээ дуусгах талаар хүсэлт гаргаагүй тул мөн нөхцөл, хугацаагаар гэрээ дахин сунгагдсан. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд техник 366 мотор цагаар ажилласан. Бид хязгааргүй хэмжээ хүрээгүй тул 300 мотор цаг дээр нэмж илүү цагаа төлье гэсэн. Гэтэл нэхэмжлэгч хязгааргүй мотор цагаар тооцож төл гэж шахсан тул бид арга буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 48 400 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 7 дугаар сард мөн өмнөх жилийн дунджаас их бороо орсон. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 253 мотор цаг ашигласан. Гэрээнд 1 удаа сунгаж болно гэж заасан тул өмнө сунгасан гэдэг утгаар энэ cap гэрээгүй ашигласан гэж үзэж байна. Бид 253 мотор цагаа 300 мотор цагаар тооцож төлье гэхэд мөн л хязгааргүй мотор цагаар төл гэсэн. Ингээд 3 дахь сарын төлбөрт анх гэрээ хийхэд манай компанийн барьцаалсан 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлбөртөө суутгаж, 5 400 000 төгрөгийн үлдэгдэл үүсгэсэн. Бид 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумаас Улаанбаатар хот хүртэл 6 хоног тээвэрлэлт хийсэн. Энэ 6 хоногийн төлбөрт 9 680 000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тээвэрлэх үед нэг ч мотор цаг ажиллахгүй. Тээвэрлэлт олон цаг үргэлжилсэн борооны улмаас олон хоног үргэлжилсэн. Иймд түрээсийн төлбөр болон торгууль төлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй. Харин дутсан сэлбэгийн үнэ 1 482 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "Жэй эм эс си" ХХК нь "Эбердигм монгол" ХХК-тай DX500LCA маркийн экскаваторыг 1 сарын хугацаатай, гэрээний хавсралт ¹2 заасны дагуу 1 сард 300 мотор цагийн үндсэн төлбөр 32 722 800 төгрөг, илүү цагийн төлбөр 74 921 төгрөгөөр тооцох, барьцааны төлбөр 43 000 000 төгрөгийг байршуулан 2016 оны 5 сарын 19-ний өдөр тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх №019/2016R тоот гэрээг "Жэй эм эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа байгуулж, гарын үсэг зурж баталсан. 2016 оны 6 дугаар сарын 02-нд "Жэй эм эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Баярмаа томилогдон ажлыг нь хүлээн авсан. 2016 оны 6 сард уулын ажлын төлөвлөгөөг нэмэгдүүлж хоёр ээлжээр ажиллах үндэслэлээр түрээсийн экскаваторыг гэрээнд заасан 300 мотор цагаас илүү ажиллуулах буюу уулын ажлыг бүрэн буюу 500 мотор цагаас илүү ажиллуулах тооцоогоор гэрээний 9.4-ийн дагуу хязгааргүй мотор цагаар тооцогдох зөвхөн 6 сард хязгааргүй мотор цагаар шилжүүлэн нэмэлт гэрээ хийх хүсэлтийг "Эбердигм монгол" ХХК-д гаргасан. Гэтэл "Эбердигм монгол" ХХК нь манай 6 сарын хүсэлтийг хүлээн авсан хэдий ч шинэ нэмэлт гэрээ байгуулалгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваагийн анх байгуулсан 300 мотор цагаар батлагдсан гэрээний хавсралт № 2-ыг үгүйсгэн, анхны гэрээ хэлцэл байгуулаагүй байдлаар давхардуулж 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хавсралт №2 хязгааргүй мотор цагаар гэрээ нөхөн байгуулахаар өөрчлөн нас барсан гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваагийн нэр дээр өөрчлөн илгээж, тухайн үеийн буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй Ц.Баярмаагаар орлуулан гарын үсэг зуруулсан. "Жэй эм эс си" ХХК-ийн 2016 оны үндсэн уулын төлөвлөгөө нь 300 мотор цагаар ажиллах үндсэн дээр анхны гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд 6 дугаар сарын хүсэлт нь зөвхөн тухайн сарын нөхцөл дээр үндэслэн хязгааргүй мотор цагаар өөрчлөх хүсэлтийг буруугаар хүлээн авч үндсэн гэрээг бүхэлд өөрчилсөн өөрийн компанийн давуу эрх ашигт байдлыг хангуулсан. Тиймээс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хязгааргүй мотор цаг болгосон хавсралт №2 нь хууль эрх зүйн хүрээнд огноо, гэрээг батлах эрх бүхий албан тушаалтны хувьд илэрхий алдаатай тул үүнийг Иргэний хуулийн 57.4-ийн дагуу зөвхөн 6 сард хийсэн нэмэлт хязгааргүй мотор цагийн гэрээ болгон засуулах хүсэлтэй байна. Гэрээний 1 сарын хугацаа дуусаж гэрээний 3.1-д заасны дагуу анхны гэрээ дахин 1 сараар сунгагдсан. Энэ нь анх байгуулагдсан сард 300 мотор цаг ажиллуулах гэрээ юм. Гэтэл "Эбердигм монгол" ХХК нь сүүлд нэмэлтээр байгуулсан хавсралт хоёрыг барьж, анхнаасаа гэрээ хязгааргүй мотор цагаар хийгдсэн хэмээн шударга бус шаардлагыг тулган дараагийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цагийн төлбөр нэхэмжилсэн. Уг сарын төлбөрийн асуудлаар албан тоот хүсэлт явуулж, 300 мотор цагаар тооцох тухай хүргүүлсэн боловч дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг хязгааргүй төлөхгүй бол гэрээг зогсоох хэмжээнд арга хэмжээ авах эрхтэй бүхий асуудлыг тавьж, хүнд суртал тулгасан тул бид хэвийн уулын ажлыг хангах шаардлагаар цаг тухайд хязгааргүй мотор цагаар төлөх болсон. Хязгааргүй мотор цагийн төлбөр хийснээр бид хязгааргүй мотор цагийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй зөвхөн цаг тухайн нөхцөл байдал дээр өөрсдийг эрсдэл, уулын хэвийн явуулахад төлөх болсон. Бид "Эбердигм монгол" ХХК-ийг гэрээний дараах заалтуудыг үндэслэн илүү их төлбөр нэхэхээс сэргийлж аргагүй байдалд орж төлсөн. Гэрээний 11.1-д түрээслүүлэгчийн удирдах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн аливаа   гэмтэл, хохирол, хоцрогдлыг түрээслүүлэгч тал хариуцахгүй гэж заасан энэхүү заалт нь гэрээнии тэгш эрхийн зарчмын дагуу түрээслэгч талд нэгэн адил үйлчилнэ. Тиймээс түрээслэгч тал болох "Жэй эм эс си" ХХК нь 2016 оны 6 сард уурхайн ажлыг хангахад экскаваторыг хязгааргүй мотор цагаар ажиллуулах тооцоо хийж хүсэлт тавьсан хязгааргүй руу шилжүүлэхээр болсон ч түүний удирдах боломжгүй цаг орон нутгийн цаг агаарын байдлаас гадны хүчин зүйлээс хамаарч тухайн сарын төлөвлөгөө буурч эхний сард 396 мотор цаг ажилласан. Гэрээний хязгааргүй мотор цаг буюу 500 мотор цагаас илүү гарч ажиллаж чадаагүй нь гадны хүчин зүйлс үүсээд цаг агаарын гэнэтийн давтагдашгүй зүйл нөлөөлсөн тул хязгааргүй мотор цагаар төлсөн төлбөрийг буцаан татаж, гэрээний 11.2 дагуу тооцож, 395 мотор цагаар тооцох хүсэлтэй бөгөөд зөрүүг буцаан авах үндэслэлтэй. Төлбөл зохистой төлбөр нь нэг сарын үндсэн 300 мотор цагийн үнэлгээ 32 722 800 төгрөг, нэг илүү цаг төлбөр 74 921 төгрөгөөр тооцвол, нийт тухайн сарын төлбөр нь 39 840 295 төгрөг байна. "Жэй эм эс си" ХХК нь хязгааргүй мотор цагийг төлж, илүү 8 559 705 төгрөг төлсөн. Уг түрээсийг талуудын харилцан ашигтай ажлыг харгалзан 6 сард хязгааргүй мотор цаг хүсэлтийг тавьсан үндсэн дээр төлснийг бид одоо хүлээн зөвшөөрөхгүй тул илүү төлсөн 8 559 705 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Түрээсийн гэрээний 3.1-ийг үндэслэн гэрээ нь нэг сарын хугацаатай бөгөөд гэрээ дуусгавар болгох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгасанд тооцно гэж заасан тул манай түрээсийн хугацаа нэг сарын хугацаа сунгагдсан ба анхны үндсэн гэрээний нөхцөлөөр сунгагдах буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа батласан сарын үндсэн 300 мотор цагаар сунгагдсан гэж үзэж байна. Үндэслэл нь анх байгуулсан 300 мотор цагийн гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд ямар нэг байдлаар хүчингүй болгосон үйлдэл байхгүй болно. Гэрээний 2 дахь сарын ашиглалт нь 366 мотор цаг ажиллаж, илүү цагийн төлбөр 4 944 768 төгрөг нийт сарын төлбөр нь 37 667 586 төгрөгийг төлбөл зохистой байна. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээг хязгааргүй болгосон гэх үндэслэлээр 48 400 000 төгрөг нэхэмжилж төлүүлэн дахин шаардлага тавьсан учир 10 732 414 төгрөгийг илүү төлсөн. Уг сарын төлбөрийг бид 300 мотор цагаар тооцох хүсэлтийг хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй хүнд суртал гаргасан нь бид нөхцөл байдлыг харгалзан буюу "Эбердигм монгол" ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги тооцох, мөн гэрээний 4.3-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, татан авах буюу шууд уурхайн ажлыг таслан зогсоох эрсдэлийг тооцон, ажиллагааг хэвийн явуулахын тулд аргагүй байдалд орж нэхэмжилсэн шаардлагын дагуу төлөх болсон. Гэрээ дуусгавар болгох тухайд гэрээний 3.1-д түрээсийн хугацаа нь 1 сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн хугацааг дуусгавар болох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгагдсанд тооцно гэж заасан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 19-нд түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу дахин 1 сараар сунгагдаад дуусгавар болсон. 2016 оны 8 cap буюу 3 дахь сарын ашиглалт нь гэрээний дагуу хугацаа нэг cap дахин сунгагдаж, дуусгавар болсон байсан бөгөөд "Эбердигм монгол" ХХК-ийн экскаваторыг гэрээгүйгээр ашигласан нь "Жэй эм эс си" ХХК-ийн ажиллуулсан нийт 253 мотор цагийг гэрээний үндсэн нөхцөл 300 мотор цагаар тооцож гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн. Уг гэрээний үндсэн дээр тус 253 мотор цагийг үнэлгээ үндсэн 300 мотор цагаар тооцож гэрээний төлбөр 32 722 800 төгрөгийг түрээсийн барьцааны 43 000 000 төгрөгөөс суутган тооцож, үлдэгдэл 10 277 200 төгрөгийг "Жэй эм эс си" ХХК нь буцаан авах албан тоот хүсэлтийг мөн хүргүүлсэн. Гэвч уг хүсэлтийг "Эбердигм монгол" ХХК дахин хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна хязгааргүй мотор цаг ашигласанд тооцож 48 400 000 төгрөгийг дахин нэхэмжилсэн. Түүнээс 48 400 000 төгрөг төлөх ёстой гэж үзэн бидний байршуулсан барьцааны 43 000 000 төгрөг дээр хувь нэмж 5 400 000 төгрөгийг төлөхийг шаардсан. “Жэй эм эс си” ХХК -ийн хувьд гэрээ дуусгавар болгож төлбөр тооцоог даруй хийж дуусгахыг хүссэн боловч түрээслүүлэгч талаас ийнхүү зохисгүй удаа дараа нэмэлт төлбөр, зохисгүй ашиглалтыг төлбөр шаардсанаас гадна гэрээ дуусгавар болж техник хүлээлгэн өгөх явцад мөн байгалийн нөхцлөөс хүнд даацын техник зөөвөрлөх замын саатлаас дахин дараагийн сарын хугацааны төлбөрийг тооцон 9 680 000 төгрөг нэмж төлөх шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдсэн болно. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-ийн дагуу "Эбердигм монгол" ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, "Жэй эм эс си" ХХК-ийн түрээсийн гэрээгээр талуудын эрх ашгийг тооцож үзсэний дээр уг түрээсийн хугацаанд зохисгүй тооцож нэмэлт төлбөрийг нэхэмжилж авсан "Эбердигм монгол" XXK-аас нийт 29 569 319 төгрөгийг нэхэмжилж, хохирлыг барагдуулж гаргуулахыг хүсэж байна. Уг гэрээний хугацааны хувьд 11.2 заалтыг үндэслэхэд цаг уурын орчны шинжилгээгээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 өдөр хур тундас, 6 сарын 19-ний өдөр хур тундас, 7 сард 14 өдөр хур тундас болон 8 сарын 20-ны өдрийг хүртэл 11 өдөр буюу нийт 50 өдөр бороотой байж, уулын ажлыг хэвийн явуулах нөхцөл хангагдаагүй, 500 мотор цаг ажиллах үндэслэлгүй нөхцөл бүрэн хангагдсан байна. Гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл:

3.2-д Түрээсийн эхлэх хугацааг тоногтөхөөрөмжтүрээслүүлэгчийн агуулахын хашаанаас гарсан өдөр буюу түрээслүүлэгч түрээслэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр, түрээсийн дуусах хугацааг тоног төхөөрөмж түрээслүүлэгчийн агуулахын хашаанд буцаж орж ирсэн өдөр буюу түрээслэгч түрээслүүлэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр тооцно гэж заасан. Гэтэл гэрээний 3.1-д гэрээний хугацаа 1 cap   заасан хирнээ 3.2-т дахин өөр хугацааг заасан байна. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгаа төдийгүй 3.2 дахь заалтад ямар нэг гэнэтийн давагдашгүй хүч, гэрээний талуудын удирдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацааг хэрхэн тооцохыг тусгалгүй, харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж түрээслэгч талд хохиролтойгоор зохицуулсан байна.

5.7 Тоног төхөөрөмжийн аливаа сул зогсолтоос үүдэн гарсан үйлдвэрлэлийн алдагдал, хохирол зэргийг түрээслүүлэгч хариуцахгүй. Энэ заалт аливаа сул зогсолт гэдгийг өөртөө ашигтайгаар оруулж өгсөн заалт юм. Түрээслүүлэгч компанийн буруутайгаар сул зогсолт гарсан тохиолдолд хариуцахгүй гэж хэтэрхий шударга бус зохицуулалт юм.

8.6 Дараах тохиолдолд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж, түрээслүүлэгч нь гэрээг дангаар цуцалж, тоног төхөөрөмжийг үл маргах журмаар буцаан татна. Мөн нэг сарын үндсэн түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх торгууль ногдуулна. Үүнд:

8.6.2 Түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн энэхүү заалт иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь заалттай зөрчилдөж байна. Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бол түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх торгууль оногдуулна гэж заасан. Түрээсийн төлбөрийн 50 хувийн торгууль гэдэг нөгөө талын эрх ашгийг дэзд зэргээр зөрчиж буй шударга бус заалт юм.

9.6 Хэрэв нийт ашигласан түрээсийн хугацаа нь 1 сараас бага, мөн ашигласан мотор цаг нь хавсралт №2-т тодорхойлсон мотор цагаас бага байх тохиолдолд түрээсийн төлбөрийг нэг сарын үндсэн түрээсийн төлбөрөөр тооцно гэсэн заалт нь нөгөө талдаа эдийн засгийн хохирлыг бий болгох, бодит ашигласан цагийнхаа төлбөрийг төлөх эрхийг хязгаарлаж, илүү төлбөр авч өөртөө ашигтай байдлыг бий болгосон зохицуулалт юм. Иймд эдгээр заалтуудыг Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2,  202 дугаар зүйлийн 202.1, 292 дугаар зүйлийн 292.5-т тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хязгааргүй мотор цагаар тооцож, төлбөр төлөх талаар маргахгүй байна. Цаг агаараас болж ашиглаж чадаагүй гэж байгааг хүлээн авах боломжгүй, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим давагдашгүй хүчин зүйлийг тогтоогоогүй. Гэрээг мөн нөхцөлөөр сунгагдсан гэж үзвэл хязгааргүйгээр ч сунгагдана. Харин гэрч гэж байгаа хүн нь хариуцагчийн нягтлан бодогч, тэгээд ч эрх бүхий этгээд биш, мэдүүлгээрээ ч нотолж чадаагүй. Хариуцагч нь төлбөрүүдээ дандаа хязгааргүй мотор цагаар төлсөн. Энэ нь хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Биднийг дарамталсан гэсэн юм ярьж байна. Энэ нь нотлогдохгүй байна. Манай байгууллага монополь, давамгай эрхтэй байгууллага биш. Манайх шиг экскаватор түрээслэж байгаа зөндөө байгууллага байгаа. Хэрэглэсэн мотор цагаар түрээийн төлбөр тооцох тохиролцоо байхгүй. Бид харин ч 2016 оны 8 дугаар сарын төлбөрийг 6 хоногоор тооцсон. Гэрээний зарим заалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй. Бид харилцан тохиролцдог. Энэ гэрээг "Жэй эм эс си" ХХК-тай л байгуулсан. Байнга хэрэглэдэг гэрээ биш юм. Бид хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд л хугацаагаа тогтоосон. Тээвэрлэлтийн хугацаа өөрөө түрээсийн хугацаанд орно. Түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг нь түрээслэгчид байгаа. Иймд тээвэрлэлтийн зардал, хугацаа түрээсийн хугацаанд орно. Гэрээний 8.6 дахь заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д нийцэж байгаа тул стандарт нөхцөл биш. Гэрээний 5.7, 9.6 дахь заалтууд хүчин төгөлдөр эсэх асуудал нь энэ маргаанд хамаарахгүй. Ямар ч ач холбогдолгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар "Жэй эм эс си” ХХК-аас 16 250 542 төгрөгийг гаргуулж "Эбердигм монгол" ХХК-д олгож, "Эбердигм монгол" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 852 258 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 202 дугаар зүйлийн 202.1, 292 дугаар зүйлийн 292.5-д зааснаар "Эбердигм монгол" ХХК-иас түрээсийн төлбөрт илүү төлсөн 29 569 319 төгрөгийг гаргуулах, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай "Жэй эм эс си" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 361 764 төгрөгөөс 278 464 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 376 000 төгрөгөөс 375 997 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 83 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 3 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 239 203 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

    Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд хэлцлийг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан байдаг ба энэхүү 300 мотор цагаар байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй хүчин төгөлдөр гэрээ юм. 2016 оны 5 сарын 19-нд “Жэй эс эс си” ХХК болон “Эбердигм монгол” ХХК-ийн хооронд DX500LCA маркийн экскаваторыг 1 сарын хугацаатай 1 сард 300 мотор цаг ажиллахаар тооцож гэрээ байгуулсаныг гэрч Д.Чинбат гэрчилж, шүүх хуралдааны мэтгэлцээний үед гэрээ анх сард 300 мотор цаг ажиллахаар тохиролцсоныг нэхэмжлэгч тал ч үгүйсгээгүй бөгөөд, хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх уг 2016 оны 5 сарын 19-ний өдрийн Л.Цэрэндаваа захирлын гарын үсэг зурж байгуулсан сард 300 мотор цаг ашиглах хүчин төгөлдөр гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзээгүй бодитойгоор үнэлээгүй, харьцуулаагүй болно. Хавтаст хэргийн 17-р хуудсанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний хавсралт №2 нь 2016 оны 5 сарын 19-ний өдөр Л.Цэрэндаваа захирлын нэрний доор Ц.Баярмаа захирлын гарын үсэгтэй сард хязгааргүй мотор цаг ашиглахаар тохиролцсон нэмэлт гэрээг шүүх үнэлж, үндсэн анх байгуулсан гэрээг үнэлээгүй. “Жэй эм эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа 2016 оны 5 сарын 24-нд өвчний учир нас барсаны улмаас компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 6 сарын 02-нд Ц.Баярмаа захирал томилогдсон. “Жэй эм эс си” ХХК нь 6 сард уулын ажлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж зөвхөн 6 сард хязгааргүй мотор цаг ажиллуулах хүсэлтийг 6 сарын 13-нд “Эбердигм монгол” ХХК-д тавьж нэмэлт гэрээг хийсэн. Нэмэлт гэрээ нь огнооны хувьд 2016 оны 5 сарын 19-ний огноотой боловч 6 сарын 13-нд зөвхөн 6 сард хязгааргүй мотор цаг ажиллуулах санал тавьж үүний дагуу 6 сарын 13-ны дараа “Эбердигм монгол” ХХК-аас нэмэлт гэрээний загвар ирэхдээ огноо нь 2016 оны 5 сарын 19, нэр нь Л.Цэрэндаваа захирлын нэрээр ирсэн ба үүн дээр Д.Баярмаа захирал гарын үсэг зурсан. Энэхүү нэмэлт гэрээний талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан болно. Ийнхүү зөвхөн 6 сард хязгааргүй мотор цаг ашиглахаар нэмэлт гэрээг байгуулсан боловч 6 сард 30 хоногийн 19 хоногт нь бороотой байсан учраас тухайн сард хязгааргүй мотор цаг ашиглаж чадаагүй. Нэмэлт гэрээ хийгдсэн ч анх байгуулагдсан тухайн үед гэрээ хүчин төгөлдөр бөгөөд, уг гэрээг талууд цуцалсан, дуусгавар болгосон зүйл байхгүй бөгөөд нэмэлт гэрээ нь үндсэн гэрээгээ хүчингүй болгодог талаарх иргэний хуулийн ямарч зохицуулалт байхгүй болно. Түүнчлэн түрээслэгч талаас гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг зөвхөн илэрхийлж болно. “Эбердигм монгол” ХХК нь гэрээ 2016 оны 5 сарын 19-нд хязгааргүй мотор цагаар байгуулагдсан мэт тайлбарлаж, анхны 300 мотор цаг гэрээг үгүйсгэсэн. Гэтэл гэрээ анх 2016 оны 5 сарын 19-нд 300 мотор цагаар тухайн үед гүйцэтгэх захирал байсан Л.Цэрэндаваа гарын үсэг зурж байгуулсаныг бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг баталж, нэхэмжлэгч зөвшөөрсөн. Харин хязгааргүй мотор цагийн нэмэлт гэрээн дээр 2016 оны 6 сарын 02-нд гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Баярмаа гарын үсэг зурсан. “Эбердигм монгол” ХХК нь гэрээ анхнаасаа 2016 оны 5 сарын 19-нд хязгааргүй мотор цаг байгуулагдсан гэж тайлбарлаж байхад шүүх 2016 оны 5 сарын 19-нд Ц.Баярмаа нь “Жэй эм эс си” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрхтэй этгээд байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, тухайн цаг хугацааны давхардсан, ижил огноотой, анхны гэрээг үгүйсгэсэн хоёр өөр гарын үсэгтэй гэрээний хавсралт №2 харьцуулж үзээгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв байх талаас нь үнэлээгүй болно. Шинээр томилогдсон Ц.Баярмаа нь 2016 оны 6 сарын 13 өдөр гэрээний нэмэлт өөрчлөлт хийх хүсэлт гаргасан байхад “Эбердигм монгол” ХХК нь хүсэлтийн дагуу гэрээний нэмэлт №2, 2016 оны 5 сарын 19-ний өдөр үйлдсэн нь хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхэд үнэлээгүй. Хэрэгт анхны гэрээний нөхцөлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байхад шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт анхны гэрээний талаар огт дурдаагүй, авч үзээгүй бөгөөд үнэлээгүй. Зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нэмэлт гэрээний хүрээнд хэргийг шийдсэн. Цаг агаарын байдал буюу байнгын борооноос хамааран экскаваторыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломжгүй байсан. Хэрвээ экскаватор бороотой үед ч бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломжтой байсан бол энэ заалтанд хамаарахгүй гэж үзэж болно. Хэдэн мотор цаг ажилласан нь шатахуун олгох хуудсаар нотлогдож байгаа бөгөөд нийт ашигласан 1,014 мотор цагийн мөнгийг бүрэн гүйцэт төлсөн. Мөн төлөвлөсөн ашиглах боломж цаг агаарын байдлаас буурсаныг харгалзан үзэлгүйгээр, экскаваторын чанарт нөлөөлөөгүй гэж хуулийг тайлбарлаж буй нь талуудын эрх ашгийг харгалзан үзэлгүй, нэг талыг барьсан гэж үзэж байна. “Жэй эм эс си” ХХК-иас тоног төхөөрөмжийн доголдолтой эсэхэд маргаагүй, харин ашиглалтын боломж гадны хүчин зүйлсээс буурсан бодит байдал дээр санал хүсэлт гаргасан. Цаг, уур орчны шинжилгээний газрын лавлагаагаар Баянхонгор аймгийн Галуут суманд хур тунадас олон жилийн дундажаас маш их орсон нь тодорхой байна. Мөн гол нөхцөл нь уг галуут сумын Сайрын худаг уурхайн геолотикийн үзүүлэлт нь байнгын цэвдэгтэй хөрс тул их хэмжээний бороо нь хөрсөнд шингэхгүй улмаас уулын ажил явуулах бүрэн боломжгүй болдог тул уг уурхайд экскаваторын бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломжгүй, хүний удирдах боломжгүй нөхцөл байдлыг Иргэний хуулийн 319.2-д хамааруулж үзээгүй. Гэрээний 3.1-д гэрээний хугацаа 1 cap гэж тодорхой заасан хирнээ 3.2-д дахин өөр хугацааг заасан байна. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгаа төдийгүй 3.2-т ямар нэг гэнэтийн давагдашгүй хүч, гэрээний талуудын удирдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацааг хэрхэн тооцохыг тусгаагүй нь Иргэний хуулийн 202.1-т заасныг зөрчиж байхад авч үзээгүй. Ямар ч хамааралгүй Иргэний хуулийн заалтуудыг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч “Жэй эм эс си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа нь гэрээний стандарт нөхцөлийг “Эбердигм монгол” ХХК нь “Жэй эм эс си” ХХК-ийн [email protected] и-мэйл хаягаар засах боломжгүй PDF файлаар 2016 оны 5 сарын 18, 19-ний өдөр ирүүлж байсан тул стандарт нөхцөл гэдгийг батлах уг мэйл ирсэн компьютерт үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хариуцагч тал манай зүгээс энэ асуудал дээр маргаагүй, манайх и-мэйлээр гэрээний нөхцөлийг явуулж байсан тиймээс үзлэг хийлгэх шаардлагагүй, мөн хариуцагч и-мэйл хаягаар засах боломжгүй PDF файлаар тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээг ирүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй тул үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан. Гэтэл шүүх “Эбердигм монгол” ХХК-ийн урьдаас бэлдсэн өөрчлөх боломжгүй и-мэйлээр ирсэн гэрээний стандарт нөхцөлийг хариуцагч явуулсан талаар маргаагүй, зөвшөөрч байхад уг гэрээний нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзээгүй. 2016 оны 8 сарын 19-ний өдрөөс 8 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд экскаваторыг хүргэж өгөх тээвэрлэлт хийгдсэн бөгөөд энэ хугацаанд экскаваторыг ажиллуулаагүй тээвэрлэж явсан. Тээвэрлэлтийн явцад цаг агаарын нөхцөл байдал, олон цаг дараалж орсон борооны улмаас том оврын хүнд техникийн тээвэрлэлт саатсан талаар тайлбарлаж цаг агаарын мэдээ болон машин шаварт сууж байсныг нотлох баримтыг хэрэгт өгсөн боловч шүүх Иргэний хуулийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтэрхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн заалтыг авч үзээгүй. Хэрэгт хоёр давагдашгүй хүчний талаар яригдаж буй бөгөөд Үүнд: 1-2016 оны 5 сарын 19-ний өдрөөс 8 сарын 20-ны өдөр хүртэлх гэрээний хугацаанд олон жилийн дундажаас их бороо орсон, 2-Экскаваторыг хүргэж өгөх тээвэрлэлт хийх хугацаанд бороо их орж, замын нөхцөл байдлаас тээвэрлэлт саатсан. Шүүх эхний давагдашгүй хүчин зүйлийн талаар авч үзэж бороо их орсон нь экскаваторын чанар байдалд нөлөөгүй гэж үзсэн хирнээ, хоёрдох давагдашгүй хүчин зүйлс нь экскаваторын чанар ажиллагааны бус, тээвэрлэлт хийсэн автомашины тээвэрлэлтэнд нөлөөлсөнийг авч үзээгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 852  258 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч, харин “Жэй эм эс си” ХХК-иас 16 250 542 төгрөг гаргуулах, “Эбердигм монгол” ХХК-иас түрээсийн төлбөрт илүү төлсөн 29 569 319 төгрөг гаргуулах, тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Жэй эм эс си” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Эбердигм монгол” ХХК нь хариуцагч “Жэй эм эс си” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, торгууль, хохиролд нийт 24 102 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт илүү төлсөн 29 569 319 төгрөг гаргуулах, гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Эбердигм монгол” ХХК нь DH500LCA маркийн экскаваторыг түрээслүүлэх, түрээслэгч “Жэй эм эс си” ХХК нь  сарын түрээсийн төлбөрийг 300 мотор цаг буюу 32 722 800 төгрөг дээр илүү 1 цагийн төлбөр 74 921 төгрөгийг нэмж  төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-15 дугаар тал/

 

            Талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгийн хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

            Түрээслэгч “Жэй эм эс си” ХХК нь түрээсийн зүйлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, түрээсийн гэрээний барьцаанд 43 000 000 төгрөг байршуулж, түрээсийн төлбөрт  2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 48 400 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 48 400 000 төгрөг тус тус төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Талууд түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийн хүсэлтээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж түрээсийн сарын төлбөрийг хязгааргүй мотор цаг буюу сарын 48 400 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 17 дугаар тал/

 

            Хариуцагч уг нэмэлт гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус, анх байгуулсан гэрээний үнэ нь 300 мотор цагаар тооцогдсон тул энэ үнээр түрээсийн төлбөрийг төлнө гэж маргасан нь үндэслэлгүй  болно. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй нэмэлт өөрчлөлтийн уг гэрээг байгуулах үед  хариуцагч байгууллагыг Д.Баярмаа төлөөлөх эрхтэй байна гэх баримт байхгүй боловч хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан “…Л.Цэрэндаваа нь нас барсны улмаас гүйцэтгэх захирал Д.Баярмаа томилогдсон” гэх тайлбар, уг нэмэлт гэрээнд хариуцагч байгууллагын тамга, тэмдэг дарагдсан, албан ёсоор хүсэлтээ  нэхэмжлэгч байгууллагад ирүүлж байсан зэрэг баримтаас үзэхэд Д.Баярмаагийн хувьд хариуцагч байгууллагыг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй гэсэн ойлголттой байсан гэж үзэх тул хариуцагч байгууллагын хувьд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар  Д.Баярмааг хэлцэл хийх үед төлөөлөх бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Уг нэмэлт гэрээг байгуулах үед түрээслүүлэгчийн зүгээс “Жэй эм эс си” ХХК-ийг төлөөлөх эрх гүйцэтгэх захирал Д.Баярмаад шилжээгүй гэдгийг мэдэх боломжгүй  байгаагаас гадна  мөн уг хэлцлийг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  хэлцлийн эрхгүй этгээд байгуулсан гэх үндэслэлээр гаргаж буй хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй юм.

 

            Түүнчлэн түрээслэгч  “Жэй эм эс си” ХХК нь нэмэлт гэрээг байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, уг гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч хязгааргүй мотор цагаар буюу түрээсийн төлбөрт  2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 48 400 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 48 400 000 төгрөг тус тус төлжээ. /хх-ийн 47-48 дугаар тал/

 

            Талуудын байгуулсан гэрээний 3.1-т “энэхүү гэрээний түрээсийн хугацаа нь 1 сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн хугацааг дуусгавар болох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгасанд тооцно” гэж заасан ба талуудын аль нэг нь түрээсийн гэрээг дуусгавар болгох санал гаргасан гэх талаар баримт байхгүй тул уг гэрээг түрээсийн зүйлийг хариуцагч эзэмшиж байсан хугацаа буюу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэрээ сунгагдсан гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй болно.

 

            Хариуцагч “Жэй эм эс си” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутсан сэлбэгийн үнэ 1 482 800 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар уг тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжтой тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд  эд хөрөнгө хөлслөх гэрээний журам хамаарах бөгөөд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар эд хөрөнгийн ердийн элэгдлээс илүү муутгасантай холбоотой хохирлоо арилгуулахаар хөлслөгчөөс шаардах эрхтэй.

 

            Иймд анхан шатны шүүх нэг сарын түрээсийн төлбөрийг 48 400 000 төгрөгөөр тооцож, түрээсийн зүйлийг ашигласан 3 сар 6 хоногийн төлбөрт нийт 154 567 742 төгрөг төлөх үүргээс түрээслэгчийн барьцаанд байршуулсан 43 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 96 800 000 төгрөг, нийт 139 800 000 төгрөгийг хасч, үлдэх 14 767 742 төгрөг, сэлбэгийн үнэ 1 482 800 төгрөгийг, нийт 16 250 542 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасантай нийцжээ. Шүүх түрээсийн зүйлийн элэгдэлтэй холбоотой хохирлыг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь буруу тул хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

            Мөн анхан шатны шүүх түрээсийн гэрээ хариуцагчийн буруутай үйлдлээс цуцлагдаагүй байхад нэхэмжлэгч гэрээний 8.6-д заасныг үндэслэж торгуульд 7 540 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн хэм хэмжээг  зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

            Хариуцагч “Жэй эм эс си” ХХК нь нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус, түрээсийн төлбөрийг 300 мотор цагаар төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түрээсийн төлбөрт илүү төлсөн 29 569 319 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн анхан шатны шүүх гэрээний 3.2, 5.7, 8.6, 9.6 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний эдгээр заалтууд талуудын маргаж байгаа үйл баримтад хамааралгүй, уг заалтуудыг хариуцагчид хохиролтой гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв боловч баримталбал зохих хуулийн зохицуулалт баримтлаагүй байна.

 

         Талуудын хоорондын нэмэлт өөрчлөлтын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд  заасан нөхцөлийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзэх, 221.2 дахь хэсэгт заасан гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэх давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түрээсийн гэрээний төлбөрийг 300 мотор цагаар тооцож төлөх тухай хариуцагчийн давж заалдах гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын  06-ны өдрийн 181/ШШ2016/01428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 …” гэсний дараа  “318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2, 232 дугаар зүйлийн 232.5” гэж нэмж, “…Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 202 дугаар зүйлийн 202.1, 292 дугаар зүйлийн 292.5…” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                              Э.ЗОЛЗАЯА     

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ