Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00083

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр               Дугаар 142/ШШ2017/00083                             Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 80 тоотод оршхин суух Цэен овгийн Эрдэнэцогтын Энхбаярын /регистрийн дугаар МЮ89072260/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 25 дугаар гудамжны 31 тоотод оршин суух Боржигон овгийн Чимэдцэеэгийн Эрдэнэхангайд /регистрийн дугаар ФМ88052319/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхбаяр, хариуцагч Ч.Эрдэнэхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2008 онд Ч.Эрдэнэхангайтай хамтран амьдарч эхлээд 2014 оноос одоог хүртэл Эрдэнэхангай овогтой Цэцэн охинтойгоо тусдаа амьдарч байна. Миний бие 2015 онд Улаанбаатар хотын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүрт охин Э.Цэцэнд Ч.Эрдэнэхангайгаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгөөч гэсэн боловч Ч.Эрдэнэхангай нь тодорхой хаяган дээр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Ч.Эрдэнэхангайг Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудгийг харсан үзсэн хүмүүс байгаа болно. Иймд Ч.Эрдэнэхангайгийн тодорхой оршин суудаг хаягийг минь олоход туслаж, эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Эрдэнэхангай шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э.Энхбаярын гаргасан нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Энхбаяр нь хариуцагч Ч.Эрдэнэхангайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Энхбаяр хариуцагч Ч.Эрдэнэхангайтай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Цэцэн төрсөн, охиноо хариуцагч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь Г-217 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Охин Э.Цэцэн нь одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Охин Э.Цэцэнд хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Ч.Эрдэнэхангай хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэхангайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал Ч.Эрдэнэхангай нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дзааснаар охин Э.Цэцэнг 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 1 024 800  төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэхангайгаас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Цэцэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ч.Эрдэнэхангайгаас  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 2020 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ч.Эрдэнэхангайгаас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА