Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 415

 

 

 

 

 

 

 

     2020             4            27                                       2020/ШЦТ/415

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,  

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ж.П, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П, Д.Н нарт холбогдох эрүүгийн ,, тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ дугаарын регистртэй, Ж.П.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... дугаарын регистртэй, Д.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ж.П, Д.Н нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 13 дугаар гудамжны 110 тоот хашаан дахь Нийтийн байрны 6 тоотоос иргэн Б.А-ын эзэмшлийн Funai маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Пгийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд би эхнэр Н-гийн хамт архи уучихсан байсан юм. Тэр үед манай ах Өвөрхангай аймгаас хотод ирчихсэн. Хорооллын тэр хавьд нийтийн байранд байгаа гэж ээжээс сонсоод ах Э-гийн гэрт очих гээд явж байсан юм тэгээд хорооллын эцсээс такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны тэр хавиар нийтийн байрыг хайж явж байгаад нэг нийтийн байрны үүдэнд зогсоод эхнэр Н- орж Э- гэж хүн түрээслэдэг эсэхийг асуух гээд дотогш ганцаараа орсон. Удалгүй гарч ирээд энд ямар ч хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт дотогшоо ороход нэг онгорхой хаалга байсан. Тэр хаалгаар ороход өрөөнд хэн ч байхгүй байсан. Тэгэхээр нь дотор байсан Фунай гэх нэртэй зурагт байхаар нь би өргөөд аваад гарсан. Тэгээд гадаа байсан таксиндаа суугаад 21-р хороололд байдаг Арвин гэх нэртэй ломбарданд очоод эхнэр Н-гийн бичиг баримтыг ашиглан 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Нгийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд би нөхөр П-гийн хмт арх иуучихсан байсан юм. Тэр үед П-гийн ах Э-гийн гэрт очиж юм гуйх гээд хороололд байдаг нийтийн байранд нь очихоор болоод тэгээд хорооллын эцэс рүү такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны тэр хавиар нийтийн байрыг хайж явж байгаад нэг нийтийн байрны үүдэнд зогсоод би буугаад Э- гэж хүн түрээслэдэг эсэхийг асуух гээд дотогш ганцаараа орсон. Нийтийн байр луу орсон чинь нэг өрөөнд 3 хүүхэд хөзөр тоглочихсон сууж байсан. Би энэ байранд Э- гэж хүн амьдардаг уу гэж асуухад цаана чинь нэг хаалга байгаа тэнд ганцаараа нэг ах амьдардаг гэж тэр хүүхдүүд надад хэлсэн. Тэгээд тэр хаалгыг очоод таттал дотор нь ямар ч хүн байгаагүй онгорхой байсан. Тухайн үед тэр айлыг Э- ахын гэр байх гэж бодоод Э- ахыг архи уугаад гараад явчихаж гэж бодоод мөнгөний хэрэг байсан болохоор шууд зурагтыг нь аваад ломбарданд тавьчихаад дараа нь аваад өгнө гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 13-160 тоотод байрлах нийтийн байрны 6 тоот өрөөнөөсөө ус авах гэж гараад худаг орж усаа авчихаад буцаад гэртээ иртэл гэрт байсан хар өнгийн 43 инчийн Фунай маркийн зурагт алга босон байхаар нь шууд цагдаа дуудсан.

Би зурагтаа Нарантуул захаас 600,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон 28-р сургуулийн урд талын бичил хорооллын замаар баруун тийшээ явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь би зогсоод хаа хүрэх вэ гэхэд Энхбаярын замаар нийтийн байранд очих гэсэн юм гэсэн. ...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны байрны урд талын нийтийн байр луу яваад хорооны урд зогсоход эмэгтэй нь өөрөө олохоос гээд буугаад 22-р хорооны байрны урд талын шар өнгөтэй нийтийн байр луу орсон. Эмэгтэй нь ороод ойролцоогоор 5 орчим минутын дараа буцаж гарч ирээд чамайг дуудаж байна гээд машинд үлдсэн эрэгтэйгээ аваад орсон. Тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийтийн байрнаас буцаж гарч ирэхдээ хар өнгийн хавтгай дэлгэцтэй том зурагт эрэгтэй нь тэвэрчихсэн гарч ирээд 21-р хороолол оръё гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,  

 

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13/,

            - эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 40/,

            - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 42-44/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63, 87/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 68, 93/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69, 97/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.П, Д.Н нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 13 дугаар гудамжны 110 тоот хашаан дахь Нийтийн байрны 6 тоотоос иргэн Б.А-ын эзэмшлийн Funai маркийн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Пгийн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны тэр хавиар нийтийн байрыг хайж явж байгаад нэг нийтийн байрны ... дотогшоо ороход нэг онгорхой хаалга байсан. Тэр хаалгаар ороход өрөөнд хэн ч байхгүй байсан. Тэгэхээр нь дотор байсан Фунай гэх нэртэй зурагт байхаар нь би өргөөд аваад гарсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Нгийн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... Баянгол дүүргийн 22 дугаар хорооны ...Нийтийн байр луу орсон ... тэр айлыг Э- ахын гэр байх гэж бодоод Э- ахыг архи уугаад гараад явчихаж гэж бодоод мөнгөний хэрэг байсан болохоор шууд зурагтыг нь аваад ломбарданд тавьчихаад дараа нь аваад өгнө гэж бодсон юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.А-ын “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... хар өнгийн 43 инчийн Фунай маркийн зурагт алга босон байхаар нь шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны байрны урд талын нийтийн байр луу яваад хорооны урд зогсоход эмэгтэй нь өөрөө олохоос гээд буугаад 22-р хорооны байрны урд талын шар өнгөтэй нийтийн байр луу орсон. Эмэгтэй нь ороод ойролцоогоор 5 орчим минутын дараа буцаж гарч ирээд чамайг дуудаж байна гээд машинд үлдсэн эрэгтэйгээ аваад орсон. Тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийтийн байрнаас буцаж гарч ирэхдээ хар өнгийн хавтгай дэлгэцтэй том зурагт эрэгтэй нь тэвэрчихсэн гарч ирээд 21-р хороолол оръё гээд явсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.П, Д.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.П, Д.Н нарыг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Ж.П, Д.Н нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.А-т 450,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Э-д 250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан барьцаат зээлийн гэрээний хуулбар, 42-43 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 39, 40 дүгээр талд авагдсан эд зүйл хүлээлгөн өгсөн тухай тэмдэглэлүүдийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.П, Д.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 2 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан Ж.П, Д.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.П, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял

шүүгдэгч Ж.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.П, Д.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ж.П, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.П, Д.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ